НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Ардчиллын үзэл санааг тээгчдийн талбар болъё
АНАЛИЗ

Ардчиллын үзэл санааг тээгчдийн талбар болъё

2025 оны 12-р сарын 10
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

Ардчиллын үзэл санааг хэн тээх вэ?

Улаанбаатарт өнөөдөр өглөө -24 хэмийн хүйтэн байлаа. Өдгөөгөөс 36 жилийн тэртээ 1989 оны 12-р сарын 10-нд Сүхбаатарын талбайд ардчиллыг хүсэн жагссан мянга мянган монголчууд өдий дайны хүйтнийг ажрахгүй цугларсан гэсэн үг. Чөлөөт нийгэмд хүн шиг амьдрах хүсэл нь дотроос нь шатааж байсан. Улаан Зөвлөлтийн дагуул болсон 70 жилийг эсэргүүцэж, МАХН гэдэг коммунист намын тогтолцоог халах, хувийн өмчийг зөвшөөрөх, чөлөөтэй хэвлэн нийтэлж, үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлдэг байхыг тэд хүссэн юм.

Харин цагаан морин жилийн тэрхүү чин хүсэл биелсэн үү?

Цагаан морин жилийн монголчуудын хүсэл бол хариуцлагатай төртэй ардчилсан тогтолцоот улсад амьдрах байсан. Социализмын вакуумжсан орчинд үзэл суртлын “бөмбөгдөлт” дунд амьдарч байсан тэр үеийн монголчууд эрх чөлөөний өндөр мэдрэмжтэй гэдгээ 1990 онд дэлхийд харуулсан.

12-р сарын 10-ны жагсаал, түүнээс хойш ардчилсан хөдөлгөөнд оролцсон, сэтгэл зүрхээрээ дэмжсэн монголчууд хойч үедээ ардчилсан нийгмийн хөгжлийн замыг засч өглөө хэмээн сэтгэл өег байсан. Гэвч 1989 оноос хойш он цаг эргэх тоолонд улаан коммунизмын үнэр үе үе сэвхийтэл үнэртэж байснаа одоо бүүр өмхийгөөр утаж эхэлсэн нь монголчууд бид ардчиллаас ухарсан гэсэн үг үү?

Бидний өдөр тутмын амьдралын хэрэгцээ болсон сошиал хуудсуудад 1990 оноос өмнө монголчууд өндөр ёс суртахуунтай, аж үйлдвэр өндөр хөгжсөн, бүх хэрэгцээгээ хангаж чадаж байсан гэсэн постуудыг зүрхээр булхаж байгааг 1989 оны 12-р сарын 10-нд Сүхбаатарын талбайд хүйтнийг үл ажран, хөлөө дулаацуулах гэж дэвсэж зогссон тэр нэгэн залуу, тэр нэгэн бүсгүй хараад гуниглаж суугаа гэдэгт итгэнэм.

Ардчиллын үзэл санаа хаачсан бэ?

МАХН-ы үзэл суртлын заавраас гажсан хүн болгоныг, цалингаас илүү орлого олсон хүн бүрийг, зүгээр л эрүүлээр сэтгэсэн болгоныг нийгмийн дайсан гэж үзэн ажилгүй болгож, цалинг бууруулж, хөдөө нутагт цөлж байсан тэр үе сайхан байсан гэж үү?

СЭВ буюу социалист орнуудын эдийн засгийн тусалцааны байгууллага (Совет экономической взаимопомощи) болон Зөвлөлтийн тусламжаар монголчууд олон үйлдвэр байрьж байгуулсан нь үнэн. Арьс ширний, булигаарын, нэхмэлийн, хивсний, гутлын, мах боловсруулах гээд. Эдгээрээс хүнсний хоёр үйлдвэр л нэр нүүрээ солин ажиллаж байгаа нь Женко ахын эзэмшилд буй. Эдгээр нь Мах импекс болон Талх чихэр юм. Гэхдээ хүнснээс бусад нь ашигтай ажилладаггүй, төрийн татаасаар ажилладаг байсан, өөрөөр хэлбэл, зах зээлийн зарчмаар биш гэсэн үг. Ийм ашиггүй үйлдвэрүүдтэй, хувийн өмчийг тас хориглодог нийгэм сайхан гэж үү?

“Үнэн” гэдэг нэртэй боловч үнэнийг гуйвуулж бичдэг сонинтой (“Үнэн”-ээс гадна “Залуучуудын үнэн”, “”Хөдөлмөр”, “Пионерийн үнэн”, “Улаан од” гээд сонин байсан ч бүгд өнгө ижил байсныг дурдах юун), улс даяараа ганц телевиз, ганц радиотой, түүгээр нь МАХН-ыг магтан дуулсан, монголчууд социализмаа байгуулаад удахгүй коммунизм руу дэвшин орно гэдэг “мэдээллийн урсгал” тасралтгүй явдаг. Үнэнийг бичсэнийхээ төлөө хэлмэгдэж, ажлаасаа хөөгдөж, галч, манаач хийж, говьд тэмээ хариулж байсан сэтгүүлчид цөөнгүй байсан. Гар утаснаасаа ертөнцийн сайн муу, сайхан муухай бүх мэдээллийг авчихаж байгаа Z үеийнхэнд үүнийг ойлгоход бэрх. Ийм мэдээллийн орчинд амьдрах сайхан гэж үү?

Ийм өрөвдөлтэй нийгмийн тогтолцоо руу буцахыг ардчиллын үзэл санаа, эрх чөлөөний мэдрэмжтэй хэн ч хүсэхгүй. Тэгвэл яагаад Монголд ардчиллын гол гол үзүүлэлт улам муудаж, хуучин нийгмийг санагалзсан, амьдралыг чинь чиний өмнөөс шийдээд өгөх “том ах”-ыг хүсээд байдаг болчихсон юм бэ? Ардчиллын үзэл санаа яагаад бүдгэрч, энэ үзэл санааг тээгчид яагаад ад үзэгдэх болж байгаа юм бэ? Ер нь үзэл санааг хэн тээж авч явах ёстой юм бэ?

Эдгээр асуултад хариу эрэх, яагаад ийм болж байгааг эрүүлээр хэлэлцэх болжээ. 1989 оны 12-р сарын 10-ны өдөртэй харьцуулахад бид өнөөдөр хүйтэнд Сүхбаатарын талбайд цуглаж дуу хоолойгоо илэрхийлэх биш үзэл бодол, мэтгэлцээнээ өрнүүлэх өч төчнөөн талбар, ардчиллын институцтэй болсон. Эдгээр талбар, институц ардчиллын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, ардчилалд харшилж буй бүхэнтэй дуу хоолойгоо өргөн тэмцэх нийгмийн шаардлаг буй болжээ.

Хэрвээ бид ардчиллын үзэл санааг Цагаан морин жилээс хойш зөв тээж чадсан бол нүүрсний хулгайчдыг, төсөв шимэгчдийг, оймсондоо авлигын мөнгө нуугчдыг, иргэдийн өмчийг мэхлэн луйвардагчдыг, УИХ-ын гишүүний суудлыг мөнгөөр худалдан авагчдыг, хувийн компанидаа зориулж хууль батлуулагчдыг, татвар төлөгчдийн мөнгөөр үзэл суртлын нэвтрүүлэг хийж, бүх телевиз, сонин, сайтаар цацагчдыг төрүүлэхгүй байх байсан. Ардчиллын үзэл санааг гуйвуулагчид нь бүгд төрд шургалж, ардчиллын үзэл санааг тээгчид Сүхбаатарын талбайдаа хэвээр үлджээ.

Гунигтай санагдаж байгаа ч бид Орос, Хятад хоёр хөрш шигээ нэг дарангуйлагчийн гарт орчоогүй байгаа. Ардчиллын үзэл санааг тээгчид хүчээ, дуу хоолойгоо нийлүүлэхэд болно.

Ийм дуу хоолойны талбар болгохоор бидний хэдэн нөхөд сэтгэл нэгдэн энэхүү mono.mn сайтаа нээгээд удаагүй байна. Удахгүй айлчлан ирэх гал морин жилд ардчиллын үзэл санааг тээгчдийн талбар болъё.

 
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн дахь хөлөг онгоцнууд. Оманы Мусандам. 2026 оны 8 дугаар сарын 17.

Aug 19, 2026

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23