

Популизм нь урт хугацааны тогтвортой хөгжлийг золиосолдог, хор уршиг нь хэдэн үе, хэдэн арван жилээр үргэлжилдэг нийгэм, эдийн засгийн хорт хавдар юм. Үр ашгийг нь популистууд хүртэж, төлөөсийг нь ард иргэд ашиг орлого, эрүүл мэнд, боловсрол, амьдрах орчин, ажлын байр, амь насаараа төлдөг. Товчхондоо, популистууд нэг амаараа ард иргэдийн чихэн дээр цэцэг ургуулж, нөгөө гараараа халаасан дахь мөнгийг нь суйлж байдаг. Даанч тэдгээр хүмүүсээ монголчууд таньдаггүй, ихэнхдээ эх оронч гэж итгэдэг, хууртдаг. Жишээ нь, Женко.Баттулга, З.Энхболд, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн гээд Монголын “хорт хавдар”-ууд цөөнгүй. Э.Бат-Үүл нэгэнтээ “Х.Баттулгыг Сталин, Гитлерийн сүнсийг босгоод ирнэ гэж би яаж мэдэх билээ” гэж халаглаж байв.
Ардчилсан намын бүлэг пүрэв гаригт (2026.08.20) ээжилт бусаар хуралдаж, хэд, хэдэн шийдвэр гаргаснаа хэвлэлийнхэнд танилцуулав. Сөрөг хүчний зүгээс УИХ-ын чуулганыг ээлжит бусаар зарлан хуралдуулахыг шаардахын сацуу, гуравдагч хөршөөс шатахуун авахад нарийн царигтай төмөр зам нэн чухал болохыг сая л ухаарчээ. Харамсалтай нь, энэхүү хожимдсон ухаарлын алдагдсан боломжийг мөнгөөр тооцох аргагүй. Зөвхөн нүүрсний орлогоос гэхэд хамгийн багадаа ₮100 их наядын ашгаа алдсан.
Х.Баттулга 2008–2012 онд Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар ажиллахдаа Монголын төмөр замын сүлжээг Хятадын нарийн цариг (1435 мм)-аар бус, Оросын өргөн цариг (1520 мм)-аар тавих бодлогыг санаачлан УИХ-аар 2010 онд батлуулсан байдаг. Гэвчиг Монголын төмөр замын тээврийн бодлого чухамдаа Кремлийн захиалга байсан гэх шүүмжлэл тодорхой үндэслэлтэй. Нэгдүгээрт, уг бодлогыг УИХ-аар хэлэлцэх үед Монголын парламентын гишүүдийн гар утас руу гадаадаас заналхийлсэн мессежүүд ирсэн тухай мэдээлэл цацагдаж байсан. Хоёрдугаарт, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр урагшаа нарийн, хойшоо өргөн царигтай төмөр зам барих төслийг УИХ-аар хэлэлцүүлж дэмжүүлсэн ч Х.Баттулга Ерөнхийлөгч болсныхоо дараа Үндсэн хуулийн цэцэд захиалга өгч, Гашуунсухайт, Зүүнбаянгийн төмөр замыг өргөн царигаар барих шийдвэрийг парламентаар гаргуулж байлаа.
Үндсэндээ, М.Энхсайханыг эдийн засгийн террорист болгож, хилсээр хэрэг тохон шоронд хийсэн гол зөрчил нь Х.Баттулгатай өргөн, нарийн цариг дээр санал зөрөлдсөн явдал. “Чамаар Монголоо тоглуулахгүй шүү” гэж М.Энхсайхан Х.Баттулгад хэлснийхээ төлөө түүний өстөн дайснуудын нэг болсон.
Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед М.Энхсайхан Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах төслийг боловсруулахдаа Гашуунсухайтын төмөр замыг нарийн царигаар барихаар хөрөнгө оруулагчидтай ярилцаж тохирсон байв. Гэвч гэрээг үзэглэхийн өмнөхөн УИХ-ын дарга асан З.Энхболд Ч.Сайханбилэгийн засгийг барьцаалан, Тавантолгойн төслийг гацаасан агаад ингэхдээ “Машинаар нүүрсээ зөөх нь олон хүнийг ажлын байраар хангаж байгаа явдал” гэж мэдэгдэж байсан юм.
Монголын “Тавантолгой”-н төсөл нуран унахтай зэрэгцээд Оросын “Эльга” төсөл амжилттай хэрэгжиж эхэлсэн. Женко.Баттулга, З.Энхболд нар Оросын Алс дорнод буюу Владивостокоор нүүрсээ далайд чанадад гаргана гэж иргэдийн тархийг илбэдэх зуурт Орос-Хятад хоёр нарийн царигтай төмөр замаар холбогдсон байдаг. Үүний дараа Х.Баттулгын “зааварчилгаа”-ны хүрээнд Монгол Улс Гашуунсухайт, Зүүнбаян гэх хоёрын хоёр мухар төмөр замын буюу авлига-хулгайн томоохон үзмэртэй болсон билээ.
Атал 16 жилийн дараа л АН-ынхан “Гуравдагч хөршөөс шатахуун худалдаж авахын тулд Эрээн-Замын-Үүд-Улаанбаатар чиглэлээр нарийн царигтай төмөр зам тавих асуудлыг хөндөх ёстой юм байна. Одоо БНХАУ-аас нарийн царигтай төмөр замаар ачаа бараа ирдэг, Замын-Үүд, Эрээн дээр шилжүүлэн ачих байгууламж нь хангалтгүй байдаг. Тээвэр ложистикоо шийдвэл олон асуудлыг бүрэн шийдэх боломжтой” гэх үгийг амнаасаа унагаад зогсож буйд алга таших уу, аль эсвэл харамсах уу?!. Ашиг орлогоос гадна алдагдсан цаг хугацаа, хөгжил дэвшлийг мөнгөөр хэмжих аргагүй. Ардчилсан нам өнөөдрийн эдийн засгийн хямралын гол буруутныг хаймаар байгаа бол эхлээд намдаа байгаа эдийн засгийн алуурчидтайгаа тэмцэх ёстой.
Сөрөг хүчин улс орон даяар "Өөрчилье" гэх үндэсний хөдөлгөөнийг зарлана гэнэ лээ. Өөрчлөлтийг өөрийнхөө намаас эхэлье, О.Цогтгэрэл дарга аа. Ардчилсан нам популистууд, люмпенгүүдээсээ салахгүй бол Монгол өөрчлөгдөхгүй. Монголыг хорлон сүйтгэсэн топ попчид Ардчилсан намд “амьдарч” байгаа шүү дээ.

Journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 8-р сарын 20
2026 оны 8-р сарын 16
2026 оны 8-р сарын 16
2026 оны 8-р сарын 23
2026 оны 8-р сарын 19
2026 оны 8-р сарын 17
2026 оны 8-р сарын 18
2026 оны 8-р сарын 19
2026 оны 8-р сарын 18
2026 оны 8-р сарын 18
2026 оны 8-р сарын 16
2026 оны 8-р сарын 23
2026 оны 8-р сарын 17
2026 оны 8-р сарын 19
2026 оны 8-р сарын 20