
Монголчууд эрчим хүчний хараат байдлын талаар үргэлж ярьдаг хэр нь эрчим хүч үйлдвэрлэгч болох боломжоо тэр бүр ашиглаж чаддагүй. Учир нь эрчим хүчний төсөл болгоныг нь “эх оронч” баг зүүсэн эдийн засгийн алуурчид гацааж, нураасаар ирсэн нь гашуун үнэн.
Жил бүр шатахууны үнэ өсөхөд бухимдана. Цахилгаан, тогны хязгаарлалтад уурлана. Өвөл болохоор хүйтэн болдогчлон хүйтэн болохоор эрчим хүчний хязгаарлалтад өртөх нь хэвийн үзэгдэл болсон. Товчхондоо, дэлхийн улс орнууд сарнаас эрчим хүч экспортлох тухай ярьж байхад монголчууд эсрэгээрээ “хүжийн гал”, чөтгөрийн тойргоосоо салж чадсангүй. Атал Монголд нүүрс нь, уран нь, байгалийн хий нь, нар салхи, ус нь байна. Харамсалтай нь, ирэх өвөл мөн л эрчим хүчний хомсдол нүүрлэнэ гэж Эрчим хүчний сайд Б.Найдалаа хар толгойгоо бодож, хамгийн түрүүнд л яриад яваа. Тодруулбал, айсуй өвөл манай улсын эрчим хүчний салбарт 150 МВт цахилгаан, эрчим хүчний дутагдал үүснэ бодит эрсдэл хэдийнэ бий болжээ.
Гэхдээ энэ бүхний цаана нэг энгийн асуулт бий. "Эх оронч" баг зүүсэн эдийн засгийн алуурчид эрчим хүчний хараат байдлаас гаргахын эсрэг эх орноо хорлосоор байвал яах вэ?! Тэдэнтэй хэн яаж хариуцлага тооцох вэ. Тэр тусмаа тэдний хорлон сүйтгэл улс орноо хорлуулсаар сууцгаах уу?

Jade Gas Holdings-ийн зарласан 1.1 тэрбум австрали долларын санхүүжилтийн хэлцэл эдгээр асуултуудыг бидэнд дахин тавьж байна.
БНХАУ-ын PT Beijing Energy Linking, PetroChina, Hunan Geology & Mining Technology компаниудаас бүрдсэн консорциум Тавантолгойн нүүрсний давхаргын метан хийн төслийн эхний шатны бүтээн байгуулалтыг бүрэн санхүүжүүлэх санал гаргажээ.
Хэрэв ирэх есдүгээр сард эцсийн гэрээ зурагдвал 2026 онд инженерчлэл, логистик, бүтээн байгуулалтын ажил эхэлж, 2027 оны эхээр үйлдвэрлэлийн өрөмдлөг бодит ажил болох төлөвтэй.
Төсөлд санал болгож буй бүтцээр эзэмшил Jade Gas-д үлдэнэ. Харин хөрөнгө оруулагч тал хөрөнгө оруулалтаа борлуулалтын орлогоос нөхөх гэнэ. Өөрөөр хэлбэл, эрсдэлийг мөнгө гаргаж буй тал үүрч, төслийн үнэ цэнэ өсөх тусам бүх тал ашиг хүртэх механизмыг санал болгож байна. Энэ нь олон улсын уул уурхай, эрчим хүчний салбарт хэрэглэгддэг санхүүжилтийн нэг хэлбэр. Иймээс асуудал нь “гадаадын хөрөнгө оруулалт уу, үгүй юу” биш. Харин Монгол Улс ямар нөхцөлөөр, ямар өгөөжтэйгээр оролцож байгаа вэ гэдэг.
Эдийн засгийн үр өгөөжийг зөвхөн экспортын орлогоор хэмжих нь өрөөсгөл.
Нэгдүгээрт, нүүрсний давхаргын метан хий нь өнөөдөр бараг ашиглагдахгүй байгаа нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах шинэ төсөл юм.
Хоёрдугаарт, шингэрүүлсэн байгалийн хий үйлдвэрлэх боломж нээгдвэл зөвхөн түүхий эд экспортлохгүй, нэмүү өртөг бий болгох үйлдвэрлэлийн суурь тавигдана.
Гуравдугаарт, дотоодын эрчим хүч, аж үйлдвэрийн салбар хийн хэрэглээтэй болох нь агаарын бохирдлыг бууруулах, үйлдвэрлэлийн зардлыг хямдруулж, эдийн засагт том өөрчлөлт авчрах эерэг талтай.
Өөрөөр хэлбэл, энэ төсөл зөв хэрэгжвэл Монгол Улс нүүрс олборлогч хэвээр үлдэхгүй, байгалийн хий үйлдвэрлэгч орны эгнээнд хөл тавих боломжтой гэсэн үг.
Гэхдээ Монголд геологийн эрсдэлээс илүү улс төрийн эрсдэл өндөр байдаг.
Манай улс ашигтай байж болох олон төсөл улс төрийн маргаан, улстөрчдийн популизм, хувийн эрх ашгаа эхэнд эрэмбэлсэн улстөрчдийн балгаас болж сүйрсэн, нурсан. Хэдэн 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт, олон мянган ажлын байр, улсад орж ирэх ашиг орлогоо алдсан. Хамгийн гол нь алдагдсан боломж, алдагдсан цаг хугацааг нөхөх аргагүй байдаг. Эх оронч гэх үг өнөөдөр хараал идсэн үг болж хувирсан. Эх орончид нэрийн ард эх орноо тоногчид, эх орноо хорлогчид нуугддаг болсон. Юу үнэн, энэ үнэн.
Өнөөдөр дэлхий эрчим хүчний шинэ шилжилтийн үед байна. Байгалийн хий олон улсын зах зээлд “шилжилтийн түлш” хэвээр байгаа. Хэрэв Монгол энэ цонхыг ашиглаж чадвал экспортын бүтэц нэг бүтээгдэхүүнээс хамаарах хамаарлаа тодорхой хэмжээнд бууруулах боломжтой. Харин улс төрийн эцэс төгсгөлгүй маргааны гол сэдэв болговол алт сандайлсан гуйлгачин улс болж үлдэнэ. Эрчим хүч гуйна, шатахуун гуйна, мөнгө гуйна, виз гуйна.., ийм л улс хэвээрээ үлдэх үү, яах вэ?! Энэ асуултад хэрхэн хариулахаас Монголын хувь заяа хамаарна гэсэн үг.

journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 8-р сарын 20
2026 оны 8-р сарын 16
2026 оны 8-р сарын 23
2026 оны 8-р сарын 16
2026 оны 8-р сарын 19
2026 оны 8-р сарын 17
2026 оны 8-р сарын 18
2026 оны 8-р сарын 19
2026 оны 8-р сарын 18
2026 оны 8-р сарын 18
2026 оны 8-р сарын 23
2026 оны 8-р сарын 16
2026 оны 8-р сарын 17
2026 оны 8-р сарын 19
2026 оны 8-р сарын 20