2026 оны 6-р сарын 18
2026 оны 6-р сарын 18
2026 оны 6-р сарын 18
2026 оны 6-р сарын 21
2026 оны 6-р сарын 18
2026 оны 6-р сарын 14
2026 оны 6-р сарын 17
2026 оны 6-р сарын 15
2026 оны 6-р сарын 14
2026 оны 6-р сарын 15
2026 оны 6-р сарын 20
2026 оны 6-р сарын 15
2026 оны 6-р сарын 17
2026 оны 6-р сарын 15
2026 оны 6-р сарын 16


Л.ӨЛЗИЙТӨГС - УСАН БОРООНООР БИ ГАНЦХАН ХҮНИЙГ БОДДОГ
Усан борооноор би ганцхан хүнийг боддог
Угаас тэр хэзээ ч буцаж ирэхээргүй явсан
Сүүлчийн удаа тэр гунигтай эргэж хараад
Сүүрс алдсан...Дараа нь удаан бороо орсон
Хойноос нь гүйж гараад үг дуугүй тэврэн авч
Хоногийн уртад алдахаасаа өмнө уучилж болох л байсан
Хамаагүй ээ, нүдээ аниад ч болов,
нүүрээ таглаад ч болов
Хайртай гэж хэлэн уйлж болох л байсан
Бүдэгхэн дууг минь сонсох гэж аяархан алхахдаа
Бүх юмыг дуусгаж байгаагаа тэр ер мэдээгүй
Харин би нулимснаасаа л нэрэлхсэн
Хачин хүйтэн бороонд шалба норохоосоо айсан
Гуйгаад уйлахад нь жишүү харсан хүйтэн царайг минь
Гурван жилийн гуниг нулимс хэдийнээ угаасан ч
Хүнийх болсон, мартаж чадсан гэнэхэн хайр минь
Хүйтэн бороо орох бүрийд намайг дааруулна...
Д.НЯМСҮРЭН - БОРОО ОРЖ БАЙНА УУ ДАА ГАДАА
Бороо орж байна уу даа гадаа
Бодол минь сэргэх чинь
Болдогсон бол дахиад хүүхэд болохсон
Бор биeэ гаргаад
Бороон дундуур гүйхсэн дээ
Шивэрч байна аа бороо,
зөөлөн шивэрч байна
Сэтгэлийн гунигаа орхиод би
Ширхэгнийх нь дусал мөнгөхөн гэрт
Сэмхэн тэгээд нуугдчих юмсан...
Тэр дээвэр дээр түрүүхэн
Нэг бүрзгэр болжмор байсан
Тэнгэрийн дуунаар
Газарт унаагүй байгаа...
Над дээр бол аянга цахих зүгээрээ
Яагаад гэвэл
Намрын мөндөр, навч хоёр намайг нүдсэнээс
Шар усны нүх олоон
Зуу зуун өдөр шиг
Зүс бороо цагаан өнгөтэй
Зуны даашинзтай бүсгүй
Гүйж явна уу даа...
- Та норчихнээ хүлээгээч гэж
Танихгүй бүсгүйн араас би дуудна
Өөрийнхөө цувыг түүнд өгч
Өвс мэт норох хүслэн сайхаан...
- Та их сайн хүн юмаа гэж
Танихгүй хүүхэн надад хэлнээ
Таны цувгүй бол хэцүүдэх байлаа шүү гэж
Гэрийнхээ үүдэнд бас нэг хэлнэ ээ
Дээвэр нүдэх бороо ойрхон хирнээ
Дэндүү чиг хол сэтгэлийг минь аваачжээ
Цув юүдэнгээ тэртэй тэрэнгүй би мартжээ
Цутгах энэ бороон дундуур дувтан гүйсээр
Гэртээ харихсан...
Бороо орж байна уу даа, гадаа
Бодол минь жиргэх чинь
Болдогсон бол дахиад хүүхэд болохсон
Бор биеэ гаргаад
Бороон дундуур гүйхсэндээ...
Шивэрч байнаа бороо, зөөлөн шивэрч байна
Сэтгэлийн гунигаа орхиод би
Ширхэгнийх нь ганцхан дусал дотор
Сэмхэн тэгээд нуугдчих юмсан...
Ц.ДЭЛГЭРМАА - БОРОО ДАЛИМДУУЛЖ ЗӨНДӨӨ УЙЛСАН
Хамгийн сүүлд чамтай
Харц тулгарсан минь
Хаа ч билээ...
Хар нүд чинь
Халгисан булгийн ус шиг
Гүн рүүгээ гуниг нь улам яргасан
Танихгүй юм шиг харцаар удаан гэгч ширтсэн
Цэцгийн үндэс дэвтээж
Цэв хүйтэн бороо шиврээд л...
Хөдлөх ч дургүй уруулыг чинь
Хөхөртөл нь шавшсан...
Дэргэдүүр чинь би өнгөрөхдөө
Дэлхийгээр нэг хашгирмаар байсан ч
Болохгүй юм шиг бодолдоо хүлүүлчихээд
Бороо далимдуулж зөндөө уйлсан
Чи хэвээрээ л...
Цэвдэг хүйтэн, хөшөө мэт
Сүлбэх мэт харц чинь л амьтай
Сүүдэр мэт чимээгүй шаналантай
Шаналанг чинь цуучин
Шалбааг туучин алхалсан
Шалба норсон зүрх минь л хөөрхий...
Золгүй хайрыг минь чи
Зовлонд тэгж дасгасан
Уйлчихсан нүдтэй намайг бүү хэл
Уймраа орчлонг ч ер тоолгүй одсон
Чиний нүдийг
Уйтгарын эдлэнд сүүлчийн удаа ширтсэн минь
Урьд билүү, эсвэл...
Бороо ганц нэг дусах нь сайхан
Борог өвс норсон байх нь сайхан
Хаврын цас гэр лүү урсах нь сайхан
Хаа нэгтэй шувууд ганганах сайхан.
Алтан хараацай дэргэдүүр нисэх сайхан
Аяны хүн манай уяанд буух сайхан
Айлын маань айлд бүсгүй байх сайхан
Айл нүүж ирэх сайхан.
Хангайн бороо гэнэт асгах нь сайхан
Харанхуйн дунд цахилгаан гялбах нь сайхан
Хонон өнжин бороо зүсрэх нь сайхан
Холоос гийчин ирэх сайхан.
Д.НЯМСҮРЭН - ДӨРВӨН ЦАГ
Шаргал талын өвс халиурах нь сайхан
Шанхны үзүүрт салхи нь сэвэлзэх сайхан
Сартай шөнө бухал дээр унтах сайхан
Чамайг зүүдлээд газарт ойчих нь сайхан.
Үе үе бороо амcxийх нь сайхан
Өлгөсөн цувнаас ус дуслах нь сайхан
Үүлэн чөлөөнөөс нар гарах нь сайхан
Үүдээр болжморууд нисэн өнгөрөх нь сайхан.
Шөнө дөл хүлэг морь янцгаах сайхан
Шүлэг нойрноос сэрж орчлонг бодох сайхан
Өрхний завсраар гэгээ орох сайхан
Өглөө болох сайхан.
Цайран цайран бороо орох нь сайхан
Цавьдар морьтой хүн наашаа давхих нь сайхан
Борооноос өмнө ирлээ гэж ярих нь сайхан
Боржигон эмээлээ аваад орж ирэх нь сайхан.
Сартай толгодод ингэ гунганах нь сайхан
Шанзны үзүүрт Ай -нан-аа суух сайхан
Шаргал дөл угалзлан гал ноцох нь сайхан
Царай зүс бүдэг бадаг гэрэлтэх нь сайхан.
Хөх лонхон тогоруу дуугaрах сайхан
Хөдөө цайдам борооших сайхан
Анирхан ахуйд цэцэг дохих сайхан
Аадрын өмнөх байдал сайхан.
Тооноор сар гэрэлтэх сайхан
Тогоотой сүүнд тусах сайхан
Шөнө орой гарах сайхан
Чөдөртэй морьд туриглах сайхан.
Шиврэн шиврэн бороо орох нь сайхан
Ширэг зүлэг ногоорох нь сайхан
Зүүн өмнө солонго татах сайхан
Зүс бороо гэрэлтэх сайхан.
Гэгээн борооны усыг тосох сайхан
Гэзэг үсээ хүүхнүүд угаах сайхан
Агь хүмлийн үнэр сэнгэнэх нь сайхан
Аяcxан бодол хол ойрыг санах сайхан.
Үдшийн бүрийгээр ирэх сайхан
Үүрийн гэгээгээр явах сайхан
Өнгөт дэлхий нь уяран уйлмаар сайхан
Өргөн хорвоо нь дуулан жаргамаар сайхан.
Эх нутаг минь шүлэг шиг сайхан
Эх орон минь дуу шиг сайхан
Эргэх дөрвөн цагт амьд явах сайхан
Эрээнцавд бороо орох нь сайхан.
Э.БҮЖИНЛХАМ - БОРООНЫ ГЭРГИЙ
Уучлаарай хайр минь,
Цор ганц солонгын туяат минь
Урд шөнө би бороонд,
Чамд хадгалсан уруулаа өгчихлөө
Чиний минь хүрэх гээд,
Хүрч чадаагүй байсан хацрын минь гэгээг
Чийгт борооны дусал,
Үүлсийн бүрэнхийтэй цуг
Шөнөжин сүүдэрлэж хонолоо...
Гав ганцхан минь, чамайг би яг өнөөдөр л
Гарт минь гав гинжээ зүүж, зүрхтэйгээ холбоно гэж
Тэсэн ядаж, би нүцгэн моддын дор
Тэнгэрийн нулимстай цуг чамайг харуулдан зогссон
Гэтэл тэр бороо надад ухаангүй дурлачихаад
Гэнэн инээмсэглэл, чиний зүрхний тамгыг надаас арилгаж
Энгэрт минь, чиний хамгийн дуртай
Өөрийнхөө үнэрийг шингээхэд нь ч
Ингээд л борооны үнэртэй болчихвол,
Чамайгаа яг ирнэ дээ гэж би бодсон ...
Үүр цайтал, чамайг хүлээн би бороонд үнсүүлээгүй
Үсний ширхэг бүрт минь тэр нэр өгсөн ч
Дуслаараа титэм хэлхэж зүүлгэсэн ч
Духан дээрээ үнсүүлээгүй, гэзгээ би задгайлаагүй ...
Үнэнч салхи л надад чамайг
Өөр бүсгүйн цээжинд
Солонгын өнгөөрөө
Үнсэлтийнхээ хээг
Зураглан буйг чинь л хэлмэгц
Өглөө болоход л би борооны гэргий болчихсон
Өглөө болмогц л би борооны гэргий болчихсон..

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 6-р сарын 18
2026 оны 6-р сарын 18
2026 оны 6-р сарын 18
2026 оны 6-р сарын 21
2026 оны 6-р сарын 18
2026 оны 6-р сарын 14
2026 оны 6-р сарын 17
2026 оны 6-р сарын 15
2026 оны 6-р сарын 14
2026 оны 6-р сарын 15
2026 оны 6-р сарын 20
2026 оны 6-р сарын 15
2026 оны 6-р сарын 17
2026 оны 6-р сарын 15
2026 оны 6-р сарын 16