НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Эмгэнэл
МЭДЭЭ|Хэвлэлийн мэдээ

Эмгэнэл

2026 оны 6-р сарын 19
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

ДОРЖ-ЮНДЭНГИЙН БОЛДХУЯГ (1977-2026)

Түүхийн ухааны доктор, МЗЭ-ийн шагналт, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Дорж-Юндэнгийн Болдхуяг 2026 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүнд өвчний улмаас таалал төгслөө.

Даян овогт Дорж-Юндэнгийн Болдхуяг 1977 онд Улаанбаатар хотод төрсөн, эцгийн талаас Завхан аймгийн Алдархаан сум, эхийн талаас Архангай аймгийн Батцэнгэл сумын уугуул.

1995 онд бүрэн дунд боловсрол, 2001 онд МУИС-ийн Улаанбаатар Сургуулийг археологич мэргэжлээр төгсөж, 2003 онд тус сургуульд магистр, 2009-2013 онд Өвөр Монголын Их Сургуульд докторантурт суралцаж “Монгол улсын нутаг дэвсгэрт буй Хятаны үеийн хот суурин” сэдвээр түүхийн ухааны докторын (Ph.D) зэрэг хамгаалсан.

До.Болдхуяг ШУА-ийн Археологийн хүрээлэн, Чингис хааны өв соёлын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, Бээжин хот дахь Хятадын Төв Радио Телевизийн Ази Африкийн төвд гадаад мэргэжилтэн, 2025 оноос Улаанбаатарын Шинжлэх Ухааны коллежийн захирлаар ажиллаж байв.

Тэрээр “Вааран савны нэр томьёоны асуудалд”, “Хархорумын шаазан эдлэлийн тухай дахин өгүүлэх нь”, “Хятаны хотуудын үүрэг зориулалт” зэрэг эрдэм шинжилгээний өгүүлэл, “Хятаны өв соёл” (хамтын бүтээл), “Даян Монголын тэнгэрийн хөх шаазан” (хамтын бүтээл), “Монгол улсын нутаг дэвсгэрт буй Хятаны үеийн хот суурин” зэрэг нэгэн сэдэвт зохиол туурвиж хэвлүүлсэн юм.

До.Болдхуяг 2000 онд “Миний жаахан Амбуунаа”, 2005 онд “Чинад нууцхан сэтгэл”, 2007 онд “Эсэруагийн охины хоолойн чимэг” зэрэг яруу найргийн 10 түүвэр хэвлүүлсэн.

2000 онд оюутан залуусын “Бүжинлхам” наадамд “Эгчмэдхэн”, 2001 онд Данзанравжаагийн нэрэмжит “Мөнгөн цом” наадамд “Мөргөлчин эмгэн”, 2002 оны хайрын “Цагаан-Уул” наадамд “Дүүмэдхэн”, 2003 оны “Алтан үзэг” наадамд “Уянга”, 2006 онд Монгол туургатны “Уянгын дөл” наадамд “Зэв жанжин”, 2022 онд “Нэргүй баатрууд” наадамд “Хар малгай Жамбал” 2011 оны “Болор цом-29” наадамд “Монгол хэл”, шүлгээрээ тэргүүлж, цомын эзэн болсон. Яруу найргийн их бага наадмаас 30 орчим шагнал хүртэж, 2020 онд МЗЭ-ийн шагнал хүртсэн.

До.Болдхуяг Өвөр Монголын шинэ үеийн уран зохиолыг судалж, Э.Болдын “Хөх нулимстай тэнгэр”, Зүүнгар Буянбатын “Есөн эрдэнийн аялгуу”, Ё.Эрдэнэтогтохын “Дөмөн”, П.Санаагаравын “Орчлонгийн ёс”, Х.Зандраагийн “Ингэн цэгээний зуслан”, Х.Бөхмандын “Мананцрын цаана”, Ц.Содбилэгийн “Гурван усны нэрмэл” зэрэг Өвөр Монголын 30 гаруй зохиолчийн номыг кирилл монгол үсэгт хөрвүүлэн Улаанбаатар хотод хэвлүүлжээ.

Мөн 2011, 2019 онд Өвөр Монголын Утга Урлагийн Холбооноос кирилл монгол бичгээр хэвлүүлсэн Лү Шюний шагналт зохиолчдын бүтээлийн эмхэтгэл тус бүр 4 боть, 2014 онд Монгол Хятад хоёр орны зохиолчдын байгууллагаас хамтарч гаргасан “БНХАУ Монгол улсын уран зохиолын сонгомол” нэг боть номыг редакторлаж олны хүртээл болгосон.

2012 онд Өвөр Монгол эмч Мөнхөөгийн “Эрүүл аж төрөх ухаан”, 2018 онд “Эрүүл энхийн шинэ ертөнц”, 2015 онд Өвөр Монголын хуурч Хурцбаатарын “Өв сонсголон” зэрэг номыг кирилл үсэгт хөрвүүлэн хэвлүүлж, 2016 онд “Сайн байна уу, Хятад орон” зэрэг олон арван ном редакторласан.

До.Болдхуяг Өвөр Монголын 70 яруу найрагчийн шилдэг шүлгийг эмхэтгэн хөрвүүлж 640 нүүр бүхий “Өвөр Монголын яруу найргийн дээжис” антологийг 2015 онд Улаанбаатар хотноо хэвлүүлсэн юм.

Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ, Хятадын Төв Радио Телевизтэй хамтран Хятадын 70 зохиолчийн нэг нэг богино өгүүллэгийг сонгож, “70 жил, 70 зохиолч, 70 өгүүллэг-Хятадын шилдэг өгүүллэгүүд” хоёр боть номыг 2019 онд Улаанбаатар хотод монгол хэлээр хэвлүүлсэн.

Тэрээр “Хурд” хамтлагийн “Хайрын салхи”, Voice хамтлагийн "Voice of Mongolia", МУГЖ Л.Болдбаатарын “Зүрхний амраг” зэрэг 20 гаруй дууны үгийг бичиж 2013 онд “Сэтгэлийн зарлиг” хэмээх дуу, шүлгийн цомог хэвлүүлсэн юм.

До.Болдхуяг 2014 онд “Өвөр Монгол” шүлгээ уншин аудио хэлбэрээр нийтлэхэд 24 цагийн дотор хэдэн арван мянган хүн сонсож, Өвөр Монголын Улаанхад аймгийн Хишигтэн хошууны залуус “Эзний минь амийг сахиж нойргүй хоносон Хишигтэн” гэх мөр, шадыг нь мөр, шуун дээрээ шивж байсан юм.

“Хааны санаашрал”, “Монгол хэл”, “Монгол бичиг”, “Монгол цэрэг”, “Өвөр Монгол”, “Хотгойд”, “Сартуул”, “Тусгаар тогтнол”, “Мөнх бусын магтаал” зэрэг дэлхийн монгол хэлт яруу найргийн эрдэнэсийн санд өөрийн давтагдашгүй бүтээлээрээ хувь нэмэр оруулсан оюуны хөтөч, сэтгэлгээний өндөр түвшинд хүрсэн эрдэмтэн зохиолч, яруу найрагч байлаа.

Дорж-Юндэнгийн Болдхуяг таны бүтээл туурвил, үзэл санаа бидний зүрх сэтгэлд үүрд мөнх орших болно.

Уран бүтээлийн ЦЭГЦ АРАВТ НЭГДЭЛ

2026.06.19

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ

“Монголын Хөрөнгийн Бирж” ХК-ийн шинэ цахим хуудас нь зах зээлийн бодит цагийн мэдээлэл, хөрөнгө оруулагчийн заавар, IPO, компанийн тайлагнал, гадаадын хөрөнгө оруулагч болон уул уурхайн бүтээгдэхүүний мэдээллийг хэрэглэгч төвтэй нэг бүтэц дор нэгтгэн хүргэж байна.

Aug 21, 2026

KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 

KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 

Дэлхийн тэргүүлэх 800 гаруй компанид хөрөнгө оруулах боломжтой “FTI ETF” Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж эхэллээ

Дэлхийн тэргүүлэх 800 гаруй компанид хөрөнгө оруулах боломжтой “FTI ETF” Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж эхэллээ

2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина

2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20