НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
“Гэрийн үнэртэй дурсамж”
АНАЛИЗ|Үзэл бодол

“Гэрийн үнэртэй дурсамж”

2025 оны 12-р сарын 19
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

ХИС-ийн Сэтгүүл зүй, медиатехнологийн тэнхимээс Монголын их, дээд сургуульд сэтгүүл зүйн чиглэлээр суралцдаг оюутнуудын дунд зохион явуулдаг “Алтан үзэг” сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулах наадамд оролцсон оюутнуудын нийтлэлийг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаад Хүмүүнлэгийн Ухааны их сургуулийн II түвшин Сэтгүүл зүйн тэнхимийн оюутан Б.Халиунаагийн нийтлэлийг хүргэж байна.

Нирегхаза хотод суралцаж буй монгол оюутны тэмдэглэл

Унгар улсын хойд захын жижигхэн Нирегхаза хотын өвлийн жавартай жиндүүхэн өглөө намайг угтана. Өнөөдөр сургууль руугаа алхах замдаа би өөрийгөө гадаад оюутан гэхээсээ илүү эндхийн нэгэн хэсэг мэт мэдэрдэг болсон ч… зүрхний гүнд нэг зүйл үргэлж үлддэг Монголоо санах мэдрэмж.

Гурван жилийн өмнө би энэ хотод анх ирэхдээ таних хүнгүй, итгэлтэй мөртлөө айдастай, нүдэндээ гэрийн гэгээтэй ганцаараа ирж байлаа. Автобусанд суух бүрд хүмүүсийн яриа ойлгомжгүй, инээмсэглэл хэтэрхий ширүүн, дэлгүүрийн худалдагчийн харц хүртэл хүйтэн хөндий санагдах шиг болсон. Би өөрийгөө эндэхийн ертөнцөд багтахгүй хүн мэт мэдэрдэг байсан үе саяхан. 

Намайг Батжаргал овогтой Халиунаа гэдэг. Би Эрдэнэт хотын унаган охин. Заримдаа “аз” гэдэг зүйл хувь тавилан шиг ирдэг юм шиг санагддаг. Арван найман настай, мөрөөдөлдөө дэндүү итгэлтэй байсан тэр үе минь надад Унгар улсын Засгийн газрын тэтгэлэг хэмээх том боломжийг авчирсан билээ. Ийнхүү би анх удаа эх орноосоо холдож, танил бүхнээсээ салж, шинэ амьдрал руу зориглон алхсан юм.

Эхний жилдээ би Унгар хэлийг сурахаар Нирегхаза хотод ирсэн. Тэрхүү эхний жилийг амжилттай дуусгасны дараа би их сургуулиа сонгох мөчтэй тулгарсан. Унгарын бусад хотод суралцах боломж байсан ч би эргэлзэлгүй Нирегхаза хотдоо үлдэж, компьютерын мэргэжлээр үргэлжлүүлэн суралцахаар шийдсэн.

Энэ хотын намуухан гудамж, амгалан амьдралын хэмнэл надад төрсөн Эрдэнэт хотыг минь сануулдаг. Тиймээс би энд үлдэх шийдвэрээ гаргахдаа “гадаад хот сонголоо” гэж биш “хоёр дахь гэрээ оллоо” гэж бодсон юм.

Гэхдээ цаг хугацаа, хүмүүс, амьдрал намайг өөрчилнө гэж хэн ч хэлээгүй. Харин амьдрал өөрөө надад хэлж, би өөрөө дасан зохицож байгаа.

Монголд байсан намрын сэрүүн өглөө, аавын чанасан мах, ээжийн инээмсэглэл, найзуудтайгаа халуун яриа өрнүүлсэн өдрүүд бүгд одоо дурсамжийн халуун гэрэл болон надад мэдрэгддэг. Заримдаа Нирегхаза хотын гудамжаар алхахдаа дэлгүүрийн цонхонд Монголтой төстэй ямар нэг зүйл харахад л нүдний булан чийгтдэг.

Гадаадад суралцах амьдрал анхандаа амар байгаагүй. Хэлний бэрхшээл, ганцаардал, соёлын ялгаа бүгд миний тэсвэр тэвчээрийг сорьсон. Гэсэн ч тэр бүх сорилт намайг илүү хүчтэй, илүү бие даасан болгожээ. Хүн гэрээсээ хол байх тусам “гэр” гэдэг үгийн жин, үнэ цэнэ ямар гүн утгатай болохыг ойлгодог юм билээ.

Одоо би Нирегхаза хотын их сургуулийн хоёрдугаар курсийн оюутан. Хичээл, судалгаа, ажил гээд завгүй амьдралын хажуугаар монгол ахуйгаа хадгалахыг хичээдэг.

Анх энэ сургуулийн ганц Монгол оюутан байсан ч бол одоо арван монгол оюутантай. Бид олон оюутнуудтайгаа дотно нөхөрлөдөг ч нэг улсынх гэдгээрээ илүү дотно, ойр байдаг. Амралтын өдрүүдээр монгол хоолны үнэр манай байрны гал тогоонд дүүрэн байх нь энгийн үзэгдэл болсон. Буузны уур, хуушуурын тосон үнэр биднийг Монголоор амьсгалуулж, дурсамжийг амттайхан сэргээдэг.

Зарим үед бид зөвхөн өөрсдөө биш, бусад орны оюутнуудад ч Монголыг “танилцуулах” элч болдог. Манай нэгэн оюутан морин хуур авчирсан тул хааяа олон улсын оюутны үдэшлэг дээр эсвэл зүгээр л оройн цагаар намуухан ая эгшиглүүлдэг. Тэр дуунд талын салхи, адуу янцгаах дуу, ээжийн бүүвэй, хурдан морины төвөргөөн бүгд нэгэн зэрэг сэтгэлд тоглогддог.

Тэр мөчид хэн ч юу ч ярьдаггүй. Гадаадын оюутнууд гайхсан нүдээр сонсож, монгол оюутнуудын нүдний гүнд харин нэг л зүйл тодордог нь нутгаа санасан харц.

Учир нь бид хаана ч байсан, юу ч хийсэн, ямар ч хэлээр ярьсан… Монгол бидний сэтгэлээс хэзээ ч холддоггүй.

Сургалтын хувьд Монголын их сургуулиудаас онц ялгаатай зүйл тийм ч их биш. Хичээлийн агуулга, академик шаардлага ойролцоо. Гэхдээ хамгийн ялгаатай нэгэн тал бол багш, оюутан хоёрын хоорондын харилцаа.

Монгол багш нар шиг “инээж, сэтгэлээр дэмждэг” уур амьсгал бага мэдрэгддэг. Заримдаа хичээлийн дараа асуулт асуухад “email бичээрэй” гэж хэлдэг. Харин намайг Монгол суралцдаг байхад багшийн өрөөнд ороод шууд ярилцдаг байсан даа гэж боддог үе бий.

Энд байх хугацаанд би өөрөө өөрийгөө ойлгож сурсан. Хэн нэгнээс асуухын оронд хайж, судалж, шийдэж, алдаж, дахин оролдож сурсан. Гадаадын боловсролын систем хатуу мэт санагдавч, үнэндээ хүн өөрийгөө нээх том талбар юм байна гэдгийг ойлгосон. Тэр мөчид би өөрийн эрхгүй боддог:

“Хэрвээ Монголд байсан бол би яг одоо багшийн өрөөнд сууж, цай уунгаа ярилцаж, ойлгож болох асуултаа асууж байх байсан даа…”

Гэхдээ энэ зай намайг илүү хариуцлагатай байж, асуудлыг өөрөө олж шийдэхийг зааж байна. Хэн нэгэн намайг түшиж өгөхийг хүлээх биш, харин өөрөө судалж, өөрөө оролдож, өөрөө хариуцлага хүлээх үнэт сургамжийг өгдөг.

Эндхийн боловсролын систем хатуу бөгөөд давах хэцүү мэт санагдаж болох ч үнэн хэрэгтээ хүнээс бие даасан байдал, хувийн хариуцлага, өөрийн хүч чадлыг танихыг шаарддаг юм шиг санагддаг.Ингээд харахад боловсрол гэдэг зөвхөн мэдлэг бус хүн өөрөө хэн болж төлөвшиж буй үйл явц юм.

Гэвч олон зүйл ойлгож байгаа ч энэ бүхний ард ганц зүйл өөрчлөгдөөгүйн дээр улам ихээр нэмэгдсэн зүйл бол гэрээ санах мэдрэмж.

Зарим орой цай ууж суухдаа гэрийнхээ гал тогооны үнэрийг санадаг. Нүүрсний үнэртэй өвлийн орой, эмээгийн минь дээлийн дулаан хаана алхсан ч миний сэтгэлд амьдарч, замчилсаар байдаг. Учир нь хүн хэр хол явсан ч эх орныхоо үнэрийг мартаж биш, зүрхэндээ авч явдаг.

Ирээдүй рүү алхах зам урт, өдөр өнгөрнө, би улам шинэ зүйл сурсаар байх болно. Харин тэр бүхний цаана намайг эхэлсэн газартай минь холбож байдаг жижигхэн дулаан дурсамж үргэлж сэтгэлд минь намуухан амьсгалж, урагшлах хүч болж үлдэнэ. Ийнхүү энэ хүрээд гэрийн үнэртэй дурсамж дүүрэн тэмдэглэлээ өндөрлүүлж байна.

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20