

Францын Ле-Эпесс дэх "Puy du Fou" сэдэвчилсэн паркийн "Викингүүд" шоу (тоглолт).
(Өмнөхийг ЭНДЭЭС уншина уу)
АНУ 2014 оны 12-р сард Европын холбооны араас Малофеевт хориг арга хэмжээ авахдаа түүний удирдах түншийн хувиар "MarCap" компанид мөн хязгаарлалт тавьсан билээ.
2015 оны турш "MarCap"-ын ажилтнуудад хийсэн төлбөрийн зарим хэсгийг нь "Puy du Fou" санхүүжүүлж байсныг баримтууд харуулж байна.
Францын компанийн төсөл болон түүний төсвийн талаар гол холбоо барих хүн нь "MarCap"-ын ажилтан, Малофеевын гол туслах Юрий Леонов байжээ.
2015 оны 7-р сард Леонов "Нэгдүгээр сарын нэхэмжлэхийн төлбөр"-ийн талаар Николя де Вилье рүү бичиж байх үед харилцаа үргэлжилж байв.

Олег Очинскийг хуулбараар (CC) оруулсан, 2015 оны 7-р сарын захидал харилцааг харуулсан цахим шуудангийн толгой хэсэг.
7 болон 8-р сард "Puy du Fou"-гийн ажилтнуудын хоорондоо солилцсон цахим шуудангууд нь Малофеевын бизнес түнш гэгддэг, өөр нэг баримтад Малофеевын "DG" (Ерөнхий директор гэсэн утгатай) гэж бичигдсэн хуулбар Олег Очинскийд мөн очдог байжээ.
"Puy du Fou" төслөө хумих ажилд орсон гэж мэдэгдсэнээс нэг жилийн дараа буюу 2015 оны 7-р сард илгээсэн тийм нэг захидал "цаг уурын судалгаа" гэсэн гарчигтай байв.
"Puy du Fou" компани Леонов, Очинский болон "Царьград" төсөлтэй холбоотой хамтын ажиллагаагаа зогсоох эцсийн шийдвэрийг дор хаяж 2015 оны 8-р сар хүртэл гаргаагүй бололтой.
"K&L Gates" хуулийн фирмийн хамтрагч, хориг арга хэмжээний шинжээч Майкл Рак "Энэ асуудлаас үүдэн "хориг тавигдахаас өмнө эхэлсэн үйл ажиллагааг зогсоох ёстой байсан уу?" гэдэг эргэлзээ гарч байна. Хүн, байгууллага хоригт буюу хар жагсаалтад ормогц хязгаарлалт шууд үйлчилж эхэлдэг. Ажлаа цэгцлэх "шилжилтийн хугацаа" гэж автоматаар олгогдохгүй бөгөөд тусгай зөвшөөрөл аваагүй л бол хоригтой холбоотой ямар ч гүйлгээ хийхийг хатуу хориглоно" гэв.
"Puy du Fou" ийм тусгай зөвшөөрөл авсан эсэх талаар хариулт өгөхөөс татгалзсан юм.
Тус компани "MarCap"-ын ажилтнуудтай хийсэн гүйлгээний талаар эсвэл цуцлагдах гэж байсан төсөл дээр Леоновтой яагаад "цаг уурын судалгаа"-ны талаар хэлэлцсэн бэ гэдэгт тайлбар хийгээгүй. Компани нь "Орос ба Крым дэх геополитикийн нөхцөл байдал огцом муудсанд бэлтгэлгүй автсан" гэж мэдэгдэв.
"Сөргөлдөөнийг зөөлрүүлэх оролдлогууд бүтэлгүйтэж, олон улсын хориг арга хэмжээний дэглэм бүрэн тогтож эхэлмэгц бид энэ санаачилгыг ёс журмын дагуу цуцалсан" гэж нэмж тайлбарласан байна.

Филипп де Вилье 2025 оны 1-р сард Парис хотод болсон үр хөндөлтийн эсрэг жагсаал дээр.
Филипп де Вилье Малофеевоос харилцаагаа таслахад хэцүү байсан бол энэ нь санхүүгийн гэхээсээ илүү соёлын шалтгаантай байв.
Францын улстөрч болон ортодокс олигархи хоёрын хооронд ижил сэтгэлгээний дотно харилцаа байсан бөгөөд энэ нь шашин шүтлэг, түүнчлэн мусульманчууд болон ЛГБТ бүлгүүдийг сэжиглэдэг хэт баруун талын улс төрийн үзэл байв.
Филипп де Вилье бол Жак Ширакийн засгийн газарт сайдаар ажиллаж байсан, нэгэн цагт ерөнхийлөгчийн суудалд амбицалж байсан улстөрч бөгөөд "Puy du Fou"-гийн байрладаг Францын баруун хэсгийн Вандея мужид баатар хэмээн өргөмжлөгддөг.
Тэрбээр 1994 оны 12-р сард өөрийн "Mouvement pour la France" (MPF) намаа байгуулсан. MPF-ийн мөрийн хөтөлбөрт шинэ сүм хийд барихыг хориглох, ижил хүйстнүүдийн гэрлэлт болон үрчлэлтийг хориглохоор тусгагдсан байв.
Хэт баруун талын тэргүүлэх зүтгэлтний хувьд тэрбээр Исламын шашныг Францтай нийцэхгүй хэмээн зарлаж, ЛГБТ эрхийн эсрэг эрс шүүмжлэл өрнүүлж байв. Тэрбээр одоо "Puy du Fou" бизнесийг удирдахад шууд оролцохоо больсон ч захирлуудын зөвлөлд хэвээр байгаа юм.
Шүүмжлэгчид, тухайлбал Францын зүүн талын түүхчид гэр бүлийн католик шашны уламжлалт үзэл бодлыг "Puy du Fou"-ын түүхийн хувилбар гуйвуулсан хэмээн шүүмжилсээр иржээ.
Веб сайт дээрх сурталчилгааны материалдаа "Puy du Fou" компани "дэлхийг эзэлнэ" гэсэн амбицаа тодорхойлдог бөгөөд энэ нь Сингапураас Испани, Энэтхэгээс Итали хүртэлх орнуудад төсөл судалж байснаар нотлогдоно.
2024 онд тус компани Шанхай хотод "City of Light" түр шоуг нээж, иммерсив драмын брэндээ Хятадад нэвтрүүлсэн.
Зочид улаан цув өмсөн, 1930-аад оны үеийн адал явдалт, интерактив тоглолтод оролцож, тайзны тулаан болон мюзиклийн дугаар тутамд жүжигчидтэй ойроос харилцаж байв.
"Puy du Fou"-гийн амжилт нь үргэлж тэдний зохиолоос эхтэй бөгөөд хамгийн анхны зохиолыг Sr Де Вилье өөрөө бичжээ.

Ле-Эпесс дэх "Puy du Fou" сэдэвчилсэн паркийн гладиаторуудын тулаан.
Хятад улсын хувьд тус компани Бээжингийн аппаратын ажилтнуудад зохиолын эцсийн үгийг хэлэх эрхийг олгоход бэлэн байсан бололтой хэмээн "Guardian" бичжээ.
Дотоод захидал харилцаанаас харахад удирдах албан тушаалтнууд "Засгийн газраас зохиолыг хянах" явдалд сэтгэл дундуур байсан ч үүнийг зайлшгүй зүйл гэж хүлээн зөвшөөрч байжээ.
"Puy du Fou" компани "Аливаа улс оронд хэрэгжиж буй төслүүдийн хууль ёсны зөвшөөрөл авах үйл явц адил байдаг бөгөөд Хятадад энэ нь үзүүлэх гэж буй зохиолуудыг холбогдох эрх бүхий байгууллагад урьдчилан танилцуулж баталгаажуулах шаардлагыг багтаадаг.
Бүрэн тодорхой хэлэхэд, Хятадын ямар нэг хувь хүн эсвэл эрх бүхий байгууллага "Puy du Fou"-гийн зохиолыг бичээгүй, хянаж байгаагүй" гэж мэдэгджээ.
Хятад улс бол "Puy du Fou"-гийн олон улсын төслүүдийн зөвхөн нэг нь байв.
Санал болгож байсан өөр нэг хамтын ажиллагаа нь Филипп де Вильегийн Исламын талаарх үзэл бодолтой харьцуулж үзвэл нэлээд гайхалтай байж болох юм.
Францын шог сэтгүүл "Le Canard enchaîné"-д анх хэвлэгдсэн нэгэн захидал тус компани Ираны шашны дарангуйллын засаглалд зусардан хандаж байсныг харуулдаг.
Филипп де Вилье 2016 онд Иранаас Францад суух Элчин сайдад илгээсэн захидалдаа "энэ агуу иргэншлийн соёлын нарийн шинж болон түүхэн үнэнийг" харуулах төслийг сонирхож байгаагаа илэрхийлжээ.

"Puy du Fou" компанийн Оксфордшир дэх сэдэвчилсэн паркийн төлөвлөгөөний эх загвар (мокап). Линзийн зураг: Puy du Fou/PA
"Puy du Fou" компани үүнийг: "2016 онд Иранд тавьсан хориг арга хэмжээ цуцлагдаж, олон улсын олон компаниуд тус улсад дахин хөрөнгө оруулалт хийхийг эрмэлзэж байх үед Франц дахь Элчин сайд нь "Puy du Fou"-д хандан тэнд төсөл хэрэгжүүлэх сонирхолтой байгаа эсэхийг лавласан" гэж тайлбарлав.
"Puy du Fou"-гийн хэлснээр "анхан шатны харилцаа"-ны дараа Ираны төлөвлөгөө нь "Царьград"-ын адил замхарсан юм.
Өнөөдөр Де Вильегийн будлиантай өнгөрсөн үеэс үл хамааран "Puy du Fou"-гийн олон улсын амбиц сэргэн цэцэглэж байна. 2021 онд нээгдсэн Испани дахь парк нь амжилттай ажиллаж байгаа бөгөөд "Puy du Fou" одоо олон улсын хамгийн том адал явдал болох Британийг дайлан дагуулахаар зэхэж байна.
Аялал жуулчлалын агентлаг "Visit Britain" болон Их Британийн Засгийн газар өөрөө уг төслийг дэмжиж байгаа юм. Төлөвлөлтийн зөвшөөрлийг хэдхэн долоо хоногийн дотор авахаар төлөвлөж байгаа бөгөөд нээлт нь 2029 онд болохоор товлогджээ.
Гэвч анхны зочид "Puy du Fou"-гийн хүүрнэх Британийн түүхийг шимтэн үзэхээр хаалгаар нь орох үед, энэ Франц компаний өөрийнх нь түүхийн тухай хүүрнэх асуултууд хэвээр үлдсээр байх болно.
Уг нийтлэлд 2026 оны 8-р сарын 2-ны өдөр засвар оруулсан болно.

Гадаад мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 8-р сарын 20
2026 оны 8-р сарын 16
2026 оны 8-р сарын 23
2026 оны 8-р сарын 16
2026 оны 8-р сарын 19
2026 оны 8-р сарын 17
2026 оны 8-р сарын 18
2026 оны 8-р сарын 19
2026 оны 8-р сарын 18
2026 оны 8-р сарын 18
2026 оны 8-р сарын 23
2026 оны 8-р сарын 16
2026 оны 8-р сарын 17
2026 оны 8-р сарын 19
2026 оны 8-р сарын 20