НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Мэдээллийн манипуляци: Монголын сошиал орчин дахь Оросын троллууд!
АНАЛИЗ

Мэдээллийн манипуляци: Монголын сошиал орчин дахь Оросын троллууд!

2026 оны 8-р сарын 13
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

Монгол Улс нь Орос, Хятад гэсэн хоёр том гүрний дунд оршдог агаад мэдээллийн орчинд нь гадаадын нөлөөлөл байх эрсдэл өндөр байдаг. Сүүлийн жилүүдэд ялангуяа ОХУ-тай холбоотой худал болон төөрөгдүүлсэн мэдээлэл Монголын сошиал орчинд хэрхэн тархаж байгааг судалсан судалгаанууд ч бий.

DW Akademie болон Монголын Nest Center-ийн хамтарсан судалгаанд Монголын Facebook орчин дахь Оросын талын мэдээллийн нөлөөллийг судалжээ. Судалгаанд 2024 оны турш сонгогдсон Оросыг дэмжсэн аккаунтуудын нийт 475 мянга гаруй харилцан үйлдэл буюу лайк, сэтгэгдэл, хуваалцалтыг бүртгэсэн байна. Мөн идэвхжил нь Монголын парламентын сонгууль, Владимир Путины айлчлал, АНУ-ын сонгууль зэрэг улс төрийн чухал үйл явдлуудтай давхцаж байсныг тэмдэглэсэн байна. (DW Comparison Slider⁠)

Судалгаагаар Оросыг дэмжсэн мэдээллийн дотор “Орос бол хүчирхэг гүрэн”, “Оросоос Монголд их зүйл ирсэн”, “Зөвлөлтийн үед Оросын ах нар Монголд тусалсан” гэх мэт агуулга түгээмэл байжээ. Мөн Украины дайны тухай, Орос ялж байгаа гэх мэдээлэл болон Монголын дотоод улс төрийн асуудлыг хөндсөн контентууд их тархсан байна.

Facebook нь Монголын мэдээллийн орчинд маш чухал байр суурь эзэлдэг. 2023 оны DataReportal-ийн мэдээллээр Facebook-ийн сурталчилгааны хүрэлт Монголын нийт интернет хэрэглэгчдийн ойролцоогоор 79.7 хувьтай тэнцэж байжээ. Энэ нь Facebook-ийг Монголын олон нийтэд мэдээлэл хүргэх хамгийн чухал платформуудын нэг болгож байна.

Ийм өргөн хэрэглээтэй орчинд хуурамч хаяг, зохион байгуулалттай групп, хиймэл сэтгэгдэл болон олноор хуваалцах зэрэг аргыг ашиглан тодорхой мэдээллийг олон хүнд хүргэх боломжтой.

Энэ нь зөвхөн Монголд тохиолддог зүйл биш. Meta өөрийн албан ёсны тайлангуудад ОХУ-аас гаралтай, хүмүүсийг хэн болохоо нууж төөрөгдүүлэх зорилгоор хуурамч аккаунт, хуудас, групп ашигласан зохион байгуулалттай хуурамч зан үйлийн сүлжээнүүдийг илрүүлж, устгасан талаар мэдээлсэн байдаг. Зарим ажиллагаа нь Оросын цэргийн болон тагнуулын байгууллагатай холбоотой болохыг Meta тогтоосон байна.

Ийм сүлжээнүүдийн ашигладаг арга нь ихэвчлэн хуурамч аккаунт үүсгэх, Facebook групп болон хуудас ажиллуулах, тодорхой контентыг олноор нь хуваалцах, сэтгэгдэл болон бусад харилцан үйлдлийг нэмэгдүүлэх зэрэг байдаг. Ингэснээр цөөн хүний үзэл бодлыг олон хүн дэмжиж байгаа мэт харагдуулах боломжтой.

Монголын тухай DW Akademie-ийн судалгаанд Оросын мэдээллийн нөлөөллийн нэг гол зорилго нь Монгол дахь Оросын нөлөөг хадгалах, бусад гүрнүүдийн нөлөөг сааруулах явдал байж болохыг судлаачид онцолсон байна.

Ийм мэдээлэлд түүхэн харилцааг ч ашигладаг. Тухайлбал, Зөвлөлтийн үеийн тусламж, Халхын голын байлдаан, Монгол-Оросын түүхэн харилцааг онцлон харуулах замаар Оросыг Монголын “хамгийн найдвартай” түнш гэсэн ойлголтыг бий болгох оролдлого ажиглагджээ.

Украины дайны тухай мэдээлэл мөн чухал байр суурь эзэлдэг. Судалгаанд Оросын талын аккаунтуудаар дамжин Оросын ялалтыг онцолсон болон Оросын байр суурийг дэмжсэн мэдээлэл тархаж байсныг тэмдэглэжээ.

Гэхдээ энд нэг чухал зүйлийг ялгаж ойлгох хэрэгтэй. Оросыг дэмжсэн аливаа пост, эсвэл Оросын талаар эерэг байр суурь илэрхийлсэн хүн бүрийг “тролль” гэж үзэж болохгүй. Зохион байгуулалттай мэдээллийн ажиллагаа гэдгийг тогтоохын тулд аккаунтуудын хоорондын холбоо, ижил үйлдлийг давтах байдал, хуурамч нэр ашигласан эсэх, нэг эх сурвалжаас зохион байгуулалттайгаар мэдээлэл түгээж байгаа эсэх зэрэг баримтыг шалгах шаардлагатай.

Монголд худал мэдээллийг шалгах, баримт нягтлах байгууллагууд ч ажиллаж байна.

Тиймээс Монголын иргэдийн хувьд хамгийн чухал хамгаалалт бол мэдээллийг шууд итгэхээсээ өмнө хэн нийтэлсэн, анхны эх сурвалж нь юу вэ, өөр найдвартай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн эсэх, тухайн аккаунт жинхэнэ хүн мөн үү гэдгийг шалгах явдал юм.

Сошиал дахь мэдээллийн нөлөөлөл нь зөвхөн “хуурамч пост” гэсэн энгийн асуудал биш. Энэ нь олон нийтийн үзэл бодлыг өөрчлөх, нийгмийг талцуулах, улс төрийн асуудлаар тодорхой байр суурь руу түлхэх оролдлого байж болно. Тиймээс медиа боловсрол, баримт шалгах чадвар болон найдвартай эх сурвалж ашиглах дадал нь Монголын мэдээллийн орчныг хамгаалах хамгийн чухал арга юм.

 
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Хорвоо галзуу ч амьдрал ганцхан!

Хорвоо галзуу ч амьдрал ганцхан!

Хорвоо галзуучуудаар дүүрэн юм шиг санагдах боллоо. Гэхдээ хэн нь үнэхээр ухаанаа алдсан, хэн нь энэ амьдралын учир утгыг өөрийнхөөрөө ойлгож явааг ялгахад улам бүр хэцүү юм. Заримдаа хамгийн эрүүл ухаантай мэт харагдах хүмүүс хамгийн утгагүй зүйлд амьдралаа зориулж, харин бусдын нүдэнд хачин этгээд санагдах нэгэн энэ ертөнцийн хамгийн энгийн үнэнийг чимээгүйхэн тээж явах нь бий. Хүн төрөлхтөн ухаантай болохын хэрээр амьдрал нь улам утга учиртай болно гэж итгэдэг байсан. Гэтэл хүн бүр өөрийнхөө зөв гэж батлахын төлөө улайран зүтгэж, бусдыг буруу гэж итгүүлэхийн тулд амьдралынхаа үнэт цагийг үрж, эцэст нь хэн нь ч хэнийгээ сонсохоо больсон энэ цаг үед ухаан гэдэг зүйл чухам юунд хэрэгтэй юм бол гэж бодогдоно.

Oct 21, 2026

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлал: Канцлер Фридрих Мерц болон Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлал: Канцлер Фридрих Мерц болон Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Их Британи улс Саудын Арабад сөнөөгч онгоцуудаа байршуулна

Их Британи улс Саудын Арабад сөнөөгч онгоцуудаа байршуулна

Их эзэн Чингис хаанаа үнэн зөвөөр ойлгуулах “Чингис хаан ба монголчуудын ертөнц”

Их эзэн Чингис хаанаа үнэн зөвөөр ойлгуулах “Чингис хаан ба монголчуудын ертөнц”