НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Мэдүүлгийн өрөө дүүрсээн!
АНАЛИЗ|Улс төр

Мэдүүлгийн өрөө дүүрсээн!

2025 оны 11-р сарын 24
Ж.Нямсүрэн

Ж.Нямсүрэн

Journalist

Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах газрын ахмад Шинэбаяр “мэдүүлгийн өрөө дүүрсэн тул түр хүлээх хэрэгтэй байгаа”-г дуулгав. Шаргал өнгийн цэмбэгэр шилэн барилгын хүлээлгийн танхим дахь сандал ч мөн дүүрчээ.

Хууль дуудсан цагт хэнбугай ч гутлаа тослоод, зангиагаа зүүгээд очих ёстой. Гэхдээ харамсалтай нь, Монголд хууль тэгш бус үйлчилдэг. Энгийн иргэн цагдаа дуудсан цагт очихгүй бол хэрэг улам хүндэрнэ. “Илүү тэгш эрх”-тэй улстөрчдийг эсрэгээрээ цагдаа хамгаална, өмгөөлнө. Тэдний гомдлыг хурдан шуурхай гүйцэтгэнэ.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амгалан гэгч даргынхаа өмнөөс надад маш их гомджээ. Хуульч, эрх зүйч мэргэжилтэй тэрбээр нийслэлийн Засаг дарга агаад Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын шууд удирдлага дор хоёр жил гаруй ажиллаж байгаа юм байна.

Түүний гомдсон шалтгаан нь Ногоон нуурын орчмын орон сууцны хороололтой холбоотой иргэн хүний хардлага. Ногоон нуурын орчмын орон сууцны хорооллыг Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барьж байгаа билээ. Уг хорооллыг Монголын арилжааны нэг банкны барьцаанд тавьж, их хэмжээний зээл авсан байж болзошгүй гэх асуудал байгааг, үүнийг хууль шүүхийхэн шалгах шаардлагатайг сануулсан иргэний пост.

Зүй нь цагдаа нар Д.Амгалан гэгч хүний гомдлоор үзэл бодлоо илэрхийлсэн иргэнийг сэжигтнээр дуудахаас илүү албан тушаалтантай холбоотой аливаа мэдээллийн мөрөөр үнэн худлыг нь шалгаж тогтоох ёстой субьект. Ингэж байж ардчилал хамгаалагдана. Албан тушаалтнууд авлига, хулгай хийхдээ айдаг, эмээдэг болно. Харамсалтай нь, Монголд хулгайч хоёр янз, хулгайн хэрэгт хоёр өөр стандарт үйлчилдэг.

Жирийн хулгайч бусдын мөнгө, цүнх, цаг, гар утсыг чинь хулгайлдаг. Улс төрийн хулгайч иргэдийн ирээдүй, хүсэл мөрөөдөл, ажил төрөл, цалин хөлс, мэдлэг боловсрол, эрүүл мэнд, инээд баярыг хулгайлдаг. Ялгаа нь, жирийн хулгайч чамайг сонгож хулгайгаа хийдэг бол улс төрийн хулгайчийг бид өөрсдөө сонгодог. Бүр том ялгаа нь, жирийн хулгайчийг цагдаа хайж байдаг бол улс төрийн хулгайчийг цагдаа хамгаалж байдаг.

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хүүгийн тансаг хэрэглээ олон нийтэд ил болж, орлогоо нотлохыг иргэд одоо ч түүнээс шаардаж буй. Монгол Улсын гүйцэтгэх засаглалын тэргүүнээр тогтвортойгоор дөрвөн жил гаруй ажилласан, хамгийн их төсөв захиран зарцуулж явсан Ерөнхий сайд(асан)ын хүүгийн тансаг хэрэглээ хууль ёсных уу, хулгай, луйврынх нь уу гэдгийг хуулийн засаглалтай улс мөн бол хууль шүүх нь аль хэдийнэ тогтоочихсон байх ёстой. АТГ, ЦЕГ, ТЕГ, Үндэсний татварын алба, Үндэсний аудитын газар, хил гаалийнхан, мөн хэвлэлийнхэн Ерөнхий сайд асны авлига хулгайн хэргийн мөрөөр мөшгиж, татвар төлөгчдийн мөнгийг “Тамгагүй төр жүжиг”-гийн халаасны зардалд хэрхэн зарцуулсан баримтуудын араас “шогшиж” байх байлаа. Байлаа гэдэг нь, Монголд хэрэг хийсэн албан тушаалтан биш хэргийг нь илчилсэн хэн нэгэн гэм буруутан болдог. Хувьчилсан хуулийн дарангуйлал нэгэнтэй тогтсон нь шорвог үнэн.

Атал яг ийм асуудалд нэр холбогдсон Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч, эхнэрийн хамт авлига, албан тушаалын хэргээр өнөөдөр шоронд сууж байгаа. Түүнийг төрийн эргэлт хийхийг завдсан, сонгуульд хууль бусаар нөлөөлсөн, авлига авсан гэх онц ноцтой олон хэрэгт буруутгаж буй бол хоржоонтой нь, Монголд Л.Оюун- Эрдэнийн орлогыг АТГ одоо ч нотлож чадаагүй байна. Огцроод бараг хагас жил болж байхад татвар, тагнуул, цагдаа, АТГ хүртэл таг чиг. Д.Амарбаясгалан “Админерал”-тай холбоотой гэх баримтуудыг Хууль зүйн сайд нь дэлгээд байхад л хууль, шүүх нь таг гөлийгөөстэй.

Эсрэгээрээ албан тушаалтны авлига, хулгай луйврын талаар шүгэл үлээсэн, шүүмжилсэн энгийн нэгэнд Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлээр “Худал мэдээлэл тараах гэмт хэрэг” үйлдсэн гэж ял тулгаад хэрэг үүсгэнэ, айлгана, сүрдүүлнэ, шийтгэнэ. Албан тушаалтны гомдолд миний татвараар цалинждаг МАНай цагдаа нар маш шуурхай үйлчилнэ.

Хуулийн засаглалтай ардчилсан улсад нийтийн алба хашиж яваа, татвар төлөгчдийн мөнгийг захиран зарцуулах эрхтэй аливаа албан тушаалтныг олны хяналт, хардлага байнга дагалдаж байдаг нь жирийн үзэгдэл. Тэгвэл Монголд энэ нь тэрслүү гэмт хэрэгт тооцогдоно, ноёнтой заргалдвал толгойгүй болно.

Монгол Улсын хэвлэлийн эрх чөлөөний индекс МАН засагласан өнгөрсөн арван жилд 54-р байраас 109-р байр хүртэл арагшилсан. “Хил хязгааргүй сэтгүүлчид (RSF)” ТББ-аас 2025 оны нэгдүгээр сард танилцуулсан хэвлэлийн эрх чөлөөний индексээр Монгол Улс ганцхан жилийн дотор 21 байраар ухарч, 109 дүгээрт бичигдэх болсон гол шалтгаан нь Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр заалттай холбоотойг уг тайланд онцолсон.

Тэгвэл өнөөдөр Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлээр “Худал мэдээлэл тараах гэмт хэрэг” үйлдсэн гэх асуудлыг авч хэлэлцэх аж.

Хотын дарга Х.Нямбаатар Хууль зүй, дотоод хэргийн сайд байхдаа шинээр “өлгийдөж авсан” Эрүүгийн хууль үндсэндээ Монголын хэвлэлийн эрх чөлөөний гол дөнгө болж байна. Энэ дөнгөнөөс салаагүй цагт мэдээний өрөө биш мэдүүлгийн өрөө сэтгүүлчдээр дүүрнэ!

Жич: Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар бол Нянгар мөн гэдгийг гомдол гаргагч Д.Амгалан албан ёсоор нотлох ёстой болж байна.

 
Ж.Нямсүрэн

Ж.Нямсүрэн

Journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20