2025 оны 12-р сарын 31
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 15
2026 оны 1-р сарын 2
2026 оны 2-р сарын 5
2026 оны 1-р сарын 16
2025 оны 12-р сарын 23
2025 оны 12-р сарын 24
2026 оны 1-р сарын 20
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 16
2026 оны 1-р сарын 6
2026 оны 1-р сарын 15
2026 оны 1-р сарын 15
2026 оны 2-р сарын 3


Хэрвээ Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Монголын эдийн засагт ховорхон гийсэн “нүүрсний супер мөчлөг”-ийг ашиглаж, экспортын хэмжээгээ 50-70 сая тоннд тогтвортой барьж, авлигыг бүрэн хааж чадсан бол өнөөдөр Монгол Улс гадаад өрийн дарамтаас бүрэн гарч, “Баялгийн сан”-даа хэдэн тэрбум ам.долларын нөөц төвлөрүүлэх боломжтой байлаа.
Гэвч атганд орж ирсэн “алтан боломж”-ийг Монгол Улс тухайн үеийн эрх баригчдын алдаанаас болж алдсан. Монголчууд төмөр замаа барьж, далайд гарцтай болох гэж хэрэлдэж, мунгинасаар байтал нүүрс үнс болох дөхлөө.
Дэлхий нийтээр эрчим хүчний салбарт нүүрсний хэрэглээг халах “ногоон шилжилт”-ийн бодлого эрчээ авч байсан 2021-2024 онд нүүрсний үнэ түүхэн дээд хэмжээндээ хүрсэн. Өөрөөр хэлбэл, төсөөлж байгаагүй “супер мөчлөг” тохиосон юм. Харамсалтай нь, 34.6 тэрбум тонн нүүрсний нөөцтэй Монгол Улс энэ боломжоо хийсгэж орхисон.
1.
Ковидын дараа дэлхийн үйлдвэрлэлийн салбар огцом сэргэж, эрчим хүчний асар их эрэлт үүссэн. Гэвч уурхайнууд олборлолтоо тэр хэмжээгээр хурдан нэмэгдүүлж чадаагүй. Араас нь Орос-Украины дайн дэгдэж, Европын орнууд Оросын байгалийн хийнээс татгалзаж, нүүрсний станцуудаа ажиллуулж эхэлсэн нь нүүрсний үнийг түүхэн өндөр түвшинд буюу $400-д хүргэсэн байдаг.
Хятад Австралийн нүүрсэнд хориг тавьсан нь манай улсын хувьд Австралийг орлох сайхан зурвас үе ч гарсан.
Ийнхүү коксжих нүүрсний үнэ 2022 оны эхээр тонн нь $600 давж, түүхэн дээд амжилт тогтоосон. Тонн нь дунджаар $80-100 байсан эрчим хүчний нүүрсний үнэ $440 хүрсэн нь экспортлогч орнуудын хувьд аз. Гэвч “их идсэний маргааш өнж” гэх үгийг сануулж, 2025 оны сүүлийн хагасаас нүүрсний үнэ $67 хүртэл унасан.
Монгол Улсын нүүрс олборлолтын биет хэмжээ 90 сая тонн хүртэл өссөн ч эдийн засагт үзүүлэх эерэг бодит нөлөөлөл гараагүй.
Жишээ нь, 2024 онд 80 сая тонн нүүрсний экспортын орлого $8.7 тэрбум байсан бол 2025 онд 90 сая тонныг экспортлож $5.8 тэрбумыг олсон байдаг. Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн биржийн мэдээллээс харвал тонн нүүрс $91 байна.
Нүүрс “хар алт” гэж үнэлэгдэх цагт Хятадын “тэг ковид” бодлогоос үүдэн манай улсын Гашуунсухайт, Шивээхүрэн боомтууд маш бага хүчин чадлаар ажилласан нь үнэн. Гэхдээ бид төмөр замыг улстөржүүлж бойкотлоогүй, арван хэдэн жилийн өмнө барьсан бол... Тэгвэл автотээврийн зардалд тонн тутамд төлсөн $100-200 улсдаа үлдэх байв. Төмөр замын төслийг гацаагчид бол хариуцлага хүлээх ёстой гол эзэд нь.
Хоёрт, нүүрс тойрсон хулгай луйвар, нууцын тамгатай гэрээ зэрэг асуудалд төр засгийн тэргүүлэх албан тушаалтнууд холбогдсон нь тодорхой болсон. Төр баялгийнхаа үр өгөөжийг хянах чадваргүй байсны илэрхийлэл бол энэ хэрэг. ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын хэлснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захиралтай холбоотой авлига албан тушаалын хэрэгт УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан нарын хүмүүсийн нэр ч холбогдоод байна.
2023 онд биржийн арилжааг эхлүүлсэн байтал нүүрсээ зах зээлийн үнээс доогуур гэрээлсэн олон баримт гарч ирсэн. Тухайн жилүүдэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн биржийн жишээнээс харахад коксжих нүүрсний үнэ борлуулалт өндөр байжээ.
Гэвч “Сэтгэл дутвал ухаан дутна гэгчээр“ гэгчээр тээвэрлэлтийн уян хатан зохицуулалт хийж чадаагүйн улмаас хилийн бүсэд нүүрс ачсан машин хэдэн зуугаараа гацсан. Энэ бол цар тахлаас илүүтэйгээр менежментийн жинхэнэ дампуурал юм.
2.
Статистик мэдээллийг харвал Хятад улс импортоос хамааралтай улс огтоос биш. Хятадын 14 дэх таван жилийн төлөвлөгөөгөөр 2021-2025 онд нүүрсний жижиг 700 гаруй уурхайг хааж, том уурхайг дэмжиж, Хятад даяар нүүрсний уурхайн тоог 4000-д хүргэж бууруулна.
Мөн 2030 онд нүүрсхүчлийн хийн ялгаруулалтаа дээд хэмжээнд хүргэж, аажмаар бууруулсаар 2060 он гэхэд нүүрсхүчлийн хий ялгаруулдаггүй улс болно гэсэн зорилт тавьсан байдаг. Олон Улсын сэргээгдэх эрчим хүчний байгууллагаас 2050 он гэхэд дэлхийн эрчим хүчний 90 хувийг сэргээгдэх эрчим хүчээр үйлдвэрлэх зорилт тавиад байгаа.
Биднийг цаг хугацаа хүлээхгүй гэдгийг тэд байнга сануулж байна. 34.6 тэрбум тонн нүүрсний нөөц бол шавхагдах баялаг. Эрчим хүчний шилжилт эрчимжих тусам нүүрсний үнэ цэнэ буурна. Харин Монгол Улс өнөөдрийн олборлолт борлуулалтаар 350 жил нүүрс зөөнө.
Манай улс “350 жилийн нөөцтэй” хэмээн гэдийж суусаар байтал нүүрс маань “хар шороо” болчих гээд байна. Ийм нөхцөлд нь “алтан боломж”-ийг алдсан хариуцлагыг хэнээс нэхэх вэ?!

journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2025 оны 12-р сарын 31
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 15
2026 оны 1-р сарын 2
2026 оны 2-р сарын 5
2026 оны 1-р сарын 16
2025 оны 12-р сарын 23
2025 оны 12-р сарын 24
2026 оны 1-р сарын 20
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 16
2026 оны 1-р сарын 6
2026 оны 1-р сарын 15
2026 оны 1-р сарын 15
2026 оны 2-р сарын 3