2026 оны 4-р сарын 19
2026 оны 4-р сарын 17
2026 оны 4-р сарын 21
2026 оны 4-р сарын 20
2026 оны 4-р сарын 14
2026 оны 4-р сарын 21
2026 оны 4-р сарын 22
2026 оны 4-р сарын 14
2026 оны 4-р сарын 13
2026 оны 4-р сарын 20
2026 оны 4-р сарын 20
2026 оны 4-р сарын 14
2026 оны 4-р сарын 22
2026 оны 4-р сарын 19
2026 оны 4-р сарын 20


Ерөнхийлөгчийн санаачилан боловсруулсан УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл олон нийтийн дунд болон УИХ дээр маргаан дагуулж байна. Уг хуулийн төслөөр Ардчилсан намын бүлэг өнгөрөгч Баасан гаригт 1 хоногийн завсарлага авсан агаад өнөөдөр (2026.04.16)УИХ-аар хэлэлцэх эсэхийг санал хураалтаар шийдэх юм.
Хуулийн төслийг эсэргүүцэгч иргэд, улстөрчдийн зүгээс парламентын дархлаанд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэйг тайлбарлах болсон. Энэ нь зүй ёсны хардлага. Гэхдээ парламент дээр эсэргүүцэж байгаа гишүүд дунд авлига, албан тушаал, хулгай, дээрмийн хэрэгт нэр холбогдсон, зарим нь прокурорын байгууллагаас яллагдагчаар татагдсан хүн хэд, хэд бий. Үүнээс үүдээд хуулийн төслийг дэмжигчид парламентын дархлаанд төдийгүй Монголын ардчилалд улстөрчдийн авлига, хулгай хамгийн халтайг тодотгох болсон.
Парламентын дархлаа нь гишүүдийг улс төрийн зорилготой дарамт, шахалтаас хамгаалах учиртай болохоос хууль зөрчих дархан эрхтэй болгох хуяг дуулга биш билээ.
Тэгэхээр эндээс нэг асуулт тавигдаж байна. Тэр нь яагаад ийм асуудал үүсэх болов. Ерөнхийлөгч ямар учраас ийм хуулийн төсөл санаачлах болов?! Хариултыг нь УИХ-аас хайх ёстой нь мэдээж. УИХ нь авлига, хулгайн хэрэгт холбогдсон гишүүддээ манайх, танайх гэлтгүйгээр хариуцлага тооцоод явах ёстой атал эсрэгээрээ хуулийн хулгай хийж, өөрсдийнхөө илүү тэгш эрхийн хамгаалалт болгосон нь институци хоорондын, иргэд хоорондын, нам хоорондын маргаан үүсэх үндэслэл болжээ. УИХ хуулийн хулгай хийснээрээ парламентын дархлааг хамгаалах биш парламентын дарангуйлал тогтоох далд зорилготой "бүлэглэл"-ийн санаархалд үйлчилсан байх магадлалтай. Учир нь, дарангуйллыг ганцхан Ерөнхийлөгч тогтоодоггүй. Ерөнхий сайдын дарангуйлал ч тогтдог. Л.Оюун-Эрдэнийг гүйцэтгэх засаглалын тэргүүн байх үед Монголд Ерөнхий сайдын дарангуйлал албан бусаар тогтсон байсан. Үнэн юм үнэнээрээ л байх ёстой.
Урьд өмнөх УИХ-ын тухай хуульд “…гишүүнд эрүүгийн гэмт хэрэг үүсгэсэн бол УЕП-оос УИХ-д бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал оруулна. Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг Халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг үндэслэж, УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ…” гэж заасныг 2024 онд өөрчилсөн аж.
2024 оны шинэчилсэн найруулгаар гэмт үйлдэл дээр нь эсвэл хэргийн газарт нотлох баримттайгаа баригдсан тохиолдолд УЕП-оос санал оруулж ирэхээр, мөн гишүүнийг мөрдөн шалгах явцад өөрт нь болон хамаарал бүхий хүмүүст нэгжлэг шалгалт хийх боломжгүй болгожээ. Үнэндээ ямар тэнэг хүн хэргийн газар дээрээ нотлох баримтай тэврээд цагдаа, прокурорыг хүлээгээд суух билээ. Гэх мэтээр хуульд өөрчлөлт оруулснаар УИХ-ын гишүүн ёс зүйн асуудалд болон эрүүгийн гэмт хэрэгт нэр холбогдвол хариуцлага хүлээх тодорхой механиз үндсэндээ байхгүй болсон байна.
УИХ нь зөвхөн УИХ-ын тухай хуулийг ч бус өөр бусад хуулийг ч хувьчлан хулгайлсан факт олон. Жишээ нь, Туулын хурдны замын төслийг хэрэгжүүлэхийн тулд УИХ нь Усны тухай хуулийг мөн л хувьчлан хулгайлсан байдаг.
Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д гол, нуур, цөөрөм, горхи, булаг шанд, рашаан зэрэг усны нөөцийг хамгаалан эргээс нь 50 метрийн дотогш зайд аливаа үйл ажиллагаа, түүний дотор барилга байгууламж барих, мал угаах, мод огтлох, элс, хайрга, чулуу авах зэргийг хатуу хориглодог. Атал УИХ-ын 2025 оны 7-р сарын 9-ний өдрийн чуулганы хуралдаанаар уг хуулийн дээрх заалтыг нэн яаралтай горимоор өөрчилж, “төр, хувийн хэвшлийн түншлэл” нэрийн дор хамгаалалтын бүсэд барилга, байгууламж, авто зам, төмөр зам, замын байгууламж, инженерийн шугам сүлжээ зэргийг барьж байгуулахаар өөрчилсөн байна.
Энэ мэт Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед олон ч хуулийг яаралтай горимоор УИХ-д оруулж ирдэг, олны анхаарлыг татсан элдэв дуулианы араар эсвэл баяр ёслолын үеэр хуулийн хулгайгаа хийж гаршсан. Эрх баригчид өөрсдийнхөө хувийн ашиг сонирхол, хулгайн дур хүсэлд нийцүүлэн парламентаар хуулийг хувьчлан хулгайлуулах явдал жирийн үзэгдэл болтлоо хэвшсэн. Эргээд тэр нь нийгэм, эдийн засаг, байгаль экологи, иргэдийн амьдралд ч ихээхэн гай гамшиг дагуулдаг. Улаанбаатарын ундны ганц эх үүсвэрээ хамгаалсан заалтыг хулгайгаар өөрчилнө гэдэг чухамдаа эрүүгийн том гэмт хэрэг юм. Гэмт хэрэг хийсэн энгийн иргэн шоронд ордог бол манай парламентын гишүүд халдашгүй байдлаар бамбай хийн хариуцлагаас мултардаг.
Эцэст нь хууль санаачлах бүрэн эрх бол хуулийн хулгай хийхийн нэр биш. Тиймээс, УИХ-ын гишүүдэд зөвлөхөд хуулийн хулгай хийхээ л боль!.

Journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 4-р сарын 19
2026 оны 4-р сарын 17
2026 оны 4-р сарын 21
2026 оны 4-р сарын 20
2026 оны 4-р сарын 14
2026 оны 4-р сарын 21
2026 оны 4-р сарын 22
2026 оны 4-р сарын 14
2026 оны 4-р сарын 13
2026 оны 4-р сарын 20
2026 оны 4-р сарын 20
2026 оны 4-р сарын 14
2026 оны 4-р сарын 22
2026 оны 4-р сарын 19
2026 оны 4-р сарын 20