НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Трамп 2020 оны сонгуульд Хятад улс хөндлөнгөөс оролцсон гэв
АНАЛИЗ

Трамп 2020 оны сонгуульд Хятад улс хөндлөнгөөс оролцсон гэв

2026 оны 7-р сарын 18
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

Трамп 2020 оны сонгуульд Хятад улс хөндлөнгөөс оролцсон гэж мэдэгдээд дунд хугацааны сонгуулийн аюулгүй байдалд эргэлзэж байгаагаа илэрхийлэв

BBC (2026-07-17)

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп үндэсний хэмжээнд дамжуулсан шууд нэвтрүүлгээр үг хэлэхдээ Хятад улсыг 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцсон гэж буруутгаж, Америкийн санал хураалтын системд "асуудал" байгааг дурдлаа.

Трамп өмнө нь Жо Байденд ялагдсан 2020 оны сонгуулийн үеэр луйвар гарсан болон гадаад улс орнууд хөндлөнгөөс оролцсон гэх үндэслэл баталгаагүй мэдэгдлүүдийг удаа дараа хийж байсан юм.

Дунд хугацааны сонгууль болохоос гурван сарын өмнө хийсэн энэхүү хагас цагийн турш үргэлжилсэн үгэндээ тэрбээр Бээжингээс сонгуулийн үр дүнг Байдены талд эргүүлэхийг оролдсон гэх өөрийн таамгийг батлах тагнуулын хэдэн зуун файлыг нууцаас гаргасан гэж мэдэгдэв. Тэгвэл АНУ-ын тагнуулын албад өмнө нь Хятад улс 2020 оны сонгуульд хөндлөнгөөс оролцоогүй гэсэн дүгнэлтийг гаргаж байсан юм.

Трампын хэлсэн үгний хариуд Хятадын Гадаад хэргийн яам 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд Хятад улс оролцсон гэснийг эрс үгүйсгэж, үүнийг "ор үндэслэлгүй зохиомол зүйл" гэж мэдэгдэв. ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жиань Трампын мэдэгдлийг "ямар ч үндэслэлгүй болох нь эртнээс нотлогдсон, хорон санаатай гүтгэлэг" хэмээн тодорхойлжээ.

Трампыг үг хэлэх үеэр түүний багийн хэд хэдэн удирдах албан тушаалтнууд дэргэд нь байсан боловч сэтгүүлчид ерөнхийлөгчөөс асуулт асуух боломж олдоогүй байна.

Ерөнхийлөгч Трамп Хятад улсыг АНУ-ын 220 сая сонгогчийн хувийн мэдээллийг агуулсан файлыг "хууль бусаар олж авсан" хэмээн буруутгав. Тэрбээр АНУ-ын 18 мужийн сонгогчдын мэдээллийг "Хятад улс худалдаж авсан, хулгайлсан эсвэл хакердсан" гэж дурдаад, үүнд "түгшүүрийн харанга дэлдэх үүрэгтэй байсан хүмүүс" үүнийг засгийн газрын албан тушаалтнууд болон Конгресст мэдэгдэлгүй нууцалсан гэж буруутгалаа.

Үнэндээ сонгогчдын мэдээлэл олон нийтэд нээлттэй байдаг бөгөөд Трамп хэлсэн үгэндээ Хятад улс эдгээр мэдээллийг ашиглан санал хураалтын системийг өөрчилсөн эсвэл сонгуулийн үр дүнд нөлөөлсөн гэх ямар нэгэн баримт нотолгоо дэлгээгүй байна.

Трампыг үг хэлэх үеэр Цагаан ордноос тагнуулын хэдэн зуун хуудас баримт бичгийг ил болгосон бөгөөд тэдгээрийн ихэнх хэсгийг харлуулж нууцалсан байв. Одоогоор BBC агентлаг тэдгээр баримтуудыг нягтлан шалгаж байна.

Ардчилсан намынхан Трампыг ирэх 11 дүгээр сард болох дунд хугацааны сонгуулийн аюулгүй байдалд эргэлзээ төрүүлэхийг оролдож байна гэж үзэж байгаа бөгөөд уг сонгуулиар түүний ерөнхийлөгчийн бүрэн эрхийн үлдсэн хугацаанд Конгрессыг хэн хянах нь шийдэгдэх юм.

Сенат дахь Ардчилсан намын тэргүүлэгч Чак Шумер сонгуулийн дараа нийгмийн сүлжээндээ "Нэг зүйлийг тодорхой болгоё. Америкт удирдагчдыг сонгогчид сонгодог болохоос биш, удирдагчид сонгогчдоо сонгодоггүй" гэж бичжээ. Мөн тэрбээр "Америкийн сонгогч бүр Дональд Трампын зүгээс ирэх ямар нэгэн саад бэрхшээл, хөндлөнгийн оролцоогүйгээр саналаа чөлөөтэй өгөх боломжийг хангахын төлөө Ардчилсан намынхан эцсээ хүртэл тэмцэх болно" гэж нэмж хэлэв.

Ерөнхийлөгчийн хийсэн мэдэгдлүүд нь АНУ-ын тагнуулын байгууллагуудын өмнөх мэдэгдэлтэй зөрчилдөж байна. АНУ-ын Үндэсний тагнуулын зөвлөлийн 2021 оны тайланд Хятад улс 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцоогүй гэдэгт "бүрэн итгэлтэй" байгаагаа илэрхийлж байсан юм.

"Хятад улс АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг өөрчлөхөд чиглэсэн хөндлөнгийн оролцоог хэрэгжүүлээгүй бөгөөд нөлөөлөх оролдлого хийх талаар авч үзсэн боловч эцэст нь хэрэгжүүлээгүй байна" хэмээн уг тайланд дурджээ.

Түүнчлэн Хятад улс сонгуулийн аль ч үр дүнг өөрт нь ашигтай гэж үзээгүй бөгөөд хэрэв баригдвал ирж болох сөрөг үр дагавраас эмээсэн тул ийм эрсдэл гаргаагүй хэмээн тайлбарласан байна.

Трамп Цагаан ордонд энэхүү мэдэглийг хийхээс өмнө "Washington Post"-оос явуулсан шинэ санал асуулгын дүн гарсан бөгөөд үүгээр түүний рейтинг 37 хувь хүртэл буурч, олон сонгогчид амьжиргааны өртөг болон Ирантай хийж буй дайн сунжирч байгаад гутранги байгааг харуулсан юм.

Ерөнхийлөгч хэлсэн үгийнхээ өөр нэг хэсэгт АНУ-ын санал хураалтын машинууд Орос, Хятад, Иран зэрэг гадаадын дайснуудын хөндлөнгийн оролцоонд "маш их өртөмтгий" байна гэж мэдэгдэв. АНУ-ын сонгуулийн дэд бүтцийн дутагдалтай талууд өмнө нь хангалттай баримтжуулагдсан байдаг. 2016 оны сонгуулийн дараа зарим асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд тухайн үед Трампыг ялалт байгуулахад ОХУ-ын зүгээс хакердах, сошиал медиад нөлөөлөх, сонгуулийн үйл ажиллагааг газар дээр нь санхүүжүүлэх зэргээр зохион байгуулалттайгаар хөндлөнгийн оролцоо хийсэн гэдгийг АНУ-ын тагнуулын албад тогтоож байжээ.

Мөн Трамп Мичиган мужийн хууль сахиулах байгууллагын мөрдөн байцаалтаар Ардчилсан намыг дэмжигч бүлгээс сонгогчдын бүртгэлийг луйвардах схемийг илрүүлсэн боловч Холбооны мөрдөх товчоо (FBI) хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө арга хэмжээ авахад саад болсон гэж буруутгалаа. Тэрбээр "Энэ бол мөнгө төлж, тоглож, хуурсан хэрэг байсан" гэсэн боловч саналын хуудас эсвэл тооллогын дүн өөрчлөгдсөн, эсвэл санал хураалтын машин хакердуулсан гэх ямар ч нотолгоо өгсөнгүй.

Үүнээс гадна Дотоод аюулгүй байдлын яамнаас АНУ-ын иргэн бус 278,000 хүн сонгогчоор бүртгэгдсэн байгааг тогтоосон гэж Трамп хэлэв. Гэхдээ тэдгээр хүмүүсийн хэн нэг нь санал өгсөн эсэх, эсвэл сонгуулийн үр дүнд нөлөөлсөн эсэхийг тэр тодруулсангүй.

Хэлсэн үгийнхээ төгсгөлд Трамп шуудангаар санал өгөхийг хориглож, сонгогчдын бүртгэлд иргэний харьяаллын баримт шаардах, санал өгөхөд зурагтай иргэний үнэмлэх шаардах тухай "SAVE America Act" (Америкийг аврах хууль)-ийг батлахыг дахин уриаллаа. Уг хуулийн төсөл Сенатад олон сарын турш гацаад байгаа юм.

Трамп америкчуудыг Конгресс дахь өөрсдийн төлөөлөгчдөд хандан уг хуулийг дэмжихийг шаардахыг уриалсан боловч Бүгд найрамдах намынхан Сенатын эртний дэг журмаасаа татгалзахгүй бол энэ оролдлого бүтэлгүйтэх нь тодорхой байна.

Трампыг энэ удаагийн шууд нэвтрүүлэг ирэх дунд хугацааны сонгууль болон 2028 оны ерөнхийлөгчийн сонгуулийн аюулгүй байдалд эргэлзээ төрүүлэхийг оролдож байна гэсэн Ардчилсан намынхны түгшүүрийг намжааж чадсангүй. Дэд ерөнхийлөгч асан Камала Харрис Трампыг үг хэлэхээс хэдхэн мөчийн өмнө X (хуучин twitter) хуудсандаа "Тэр та бүгдийг манай сонгуулийн системд итгэх итгэлээ алдаж, энэ 11 дүгээр сард гэрээсээ гаралгүй санал хураалтад оролцохгүй байхыг хүсэж байна" гэж бичжээ.

Үг хэлэх үеэрээ Трамп мөн түүний илтгэлийг зурагтаар шууд дамжуулаагүй ABC, NBC, CNN зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд рүү дайрч, тэдний нэвтрүүлэг цацах тусгай зөвшөөрлийг цуцлах хэрэгтэй гэв.

2020 оны сонгуулийн дараа Трамп болон түүний холбоотнууд Жо Байдены ялалтыг эсэргүүцэн шүүхэд хэдэн арван удаа амжилтгүй гомдол гаргаж байсан бөгөөд ямар нэгэн өргөн хүрээг хамарсан луйвар хийгдсэн баримт олдоогүй юм. АНУ-ын Кибер аюулгүй байдал, дэд бүтцийн аюулгүй байдлын агентлаг 2020 оны сонгуулийг "Америкийн түүхэн дэх хамгийн аюулгүй сонгууль" гэж нэрлэж, санал хураалтын ямар ч систем халдлагад өртөөгүй гэдгийг баталж байсныг уншигч танд сануулъя.

 
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20