2026 оны 6-р сарын 18
2026 оны 6-р сарын 18
2026 оны 6-р сарын 18
2026 оны 6-р сарын 21
2026 оны 6-р сарын 18
2026 оны 6-р сарын 14
2026 оны 6-р сарын 17
2026 оны 6-р сарын 15
2026 оны 6-р сарын 14
2026 оны 6-р сарын 15
2026 оны 6-р сарын 20
2026 оны 6-р сарын 15
2026 оны 6-р сарын 17
2026 оны 6-р сарын 15
2026 оны 6-р сарын 16


АНУ-ын Ерөнхийлөгч Ираныг бөмбөгдөж, хэлэлцээрийн багийг барьцаална гэж сүрдүүлснээс үүдэн саатал гарсан хэдий ч хэлэлцээ энэ долоо хоногийн үлдсэн өдрүүдэд үргэлжлэх төлөвтэй байна.
the Guardian (2026-06-22)
АНУ болон Ираны хоорондох өндөр хэмжээний хэлэлцээ Швейцарь улсад энэ долоо хоногийн үлдсэн хугацаанд үргэлжлэх төлөвтэй байна. Хэлэлцээний эхлэл нэлээд ширүүн байсан бөгөөд Дональд Трамп олон нийтийн сүлжээгээр цуврал сүрдүүлэг гаргасныг эсэргүүцэж Ираны талын хэлэлцээрийн баг хурлыг орхин гарсан юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Хормузын хоолойг эргүүлэн нээхгүй бол Ираныг бөмбөгдөх, цаашлаад Ираны хэлэлцээрийн багийг хулгайлах (барьцаалах) болно гэж сүрдүүлсэн бөгөөд үүний улмаас зуучлагч орнууд болох Катар, Пакистан нар хэлэлцээг хөшигний ард үргэлжлүүлэхээс өөр аргагүйд хүрчээ.
Ираны төрийн мэдээллийн хэрэгслээр хэлэлцээ “хүнд шатанд” шилжиж, “АНУ-ын Ерөнхийлөгчийн доромжилсон шинжтэй мэдэгдэл нийтлэгдсэний дараа” түр завсарласан гэж мэдээлэв. Түүнчлэн Ираны төлөөлөгчид Катарын зуучлагчидтай уулзсаныхаа дараа хэлэлцээрийн танхимыг орхисон гэж дурджээ.
Гэсэн хэдий ч өндөр түвшний хэлэлцээ үргэлжилж, Даваа гаригийн үүр цайх үеэр өндөрлөсөн бөгөөд Пакистан, Катар улсууд хоёр талын техникийн хэлэлцээ энэ долоо хоногийн үлдсэн өдрүүдэд үргэлжлэх болно гэдгийг мэдэгдлээ.
Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи Даваа гаригийн өглөө эрт Пакистан, Катар улсуудад зуучлалын үүргээ сайн гүйцэтгэсэнд талархал илэрхийлээд, тэднийг “томоохон ахиц дэвшил авчирлаа” хэмээн сайшаав.

Катар болон Пакистаны хамтарсан мэдэгдэлд АНУ болон Иран улсууд Хормузын хоолойд аливаа мөргөлдөөн, осол гарахаас сэргийлэх зорилгоор “холбооны шугам” байгуулах, мөн Ливан дахь цэргийн ажиллагааг зогсоох тохиролцооны хэрэгжилтийг хангах үүднээс Ливаны засгийн газартай хамтран “мөргөлдөөнийг сааруулах үүр” (de-confliction cell) байгуулахаар тохиролцсон гэжээ.
Арагчи өөрийн мэдэгдэлдээ, ойлголцлын анхны бодит үр дүн нь Израиль болон Ираны дэмжлэгтэй Ливаны Хезболла зэвсэгт бүлэглэлийн мөргөлдөөнийг сааруулах арга зам байх болно гэдгийг онцолсон байна.
Иран болон АНУ өнгөрсөн долоо хоногт Хормузын хоолойн бүслэлтийг цуцлах зорилготой харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурснаар Ираны иргэний цөмийн хөтөлбөрийн талаар 60 хоногийн турш хэлэлцээ хийх замыг нээсэн юм.
Трампын олон нийтийн сүлжээ болон телевизийн ярилцлагуудаар дамжуулан гаргасан түрэмгий сүрдүүлгүүд Атлантын далайг даван хэлэлцээрийн талбарт хүрч, Ираны хэлэлцээрийн багийнхны дургүйцлийг төрүүлэв. Тэд эдгээр мэдэгдлийг өөрсдийн хувийн аюулгүй байдалд халдсан хүлээн зөвшөөршгүй заналхийлэл гэж үзэж байна. Мөн тэд өнгөрсөн долоо хоногт Трампын гарын үсэг зурсан санамж бичигт бие рүүгээ үл довтлох тухай заалт багтсан байсныг сануулжээ.
Трампын энэхүү сүрдүүлэг нь түүний Дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнсийн баримталж буй байр суурьтай эрс зөрчилдөж байна. Вэнс хэлэхдээ, Ерөнхийлөгч түүнийг энэхүү хэлэлцээг ашиглан Ирантай харилцах харилцаандаа шинэ хуудас нээхийг үүрэг болгосон гэж мэдэгдэж байв.
Ираны хэлэлцээрийн багийг удирдагч Мохаммад Багер Галибаф: “Тэд өөрсдөө юу гэж бодож байгаа юм бэ? Хэрэв тэдний сүрдүүлэг ямар нэгэн үр дүнд хүрдэг байсан бол өнөөдрийнх шигээ ийм мухардалд орох байсан уу? Бид америкчуудын сүрдүүлгийг огтхон ч тоож үзэхгүй байна” гэжээ.
Гэсэн хэдий ч Ираны төлөөлөгчид эсэргүүцлээ илэрхийлэн хэлэлцээг орхихоос өөр аргагүйд хүрсэн байна. Үүнд Ираны дотоод улс төрийн шахалт нөлөөлсөн бөгөөд хэлэлцээрт оролцогчид Трампын багт итгэхгүй байгаагаа харуулах шаардлагатай байжээ.
Вэнс болон АНУ-ын хэлэлцээрийн багийн гишүүд болох Стив Виткофф, Трампын хүргэн Жаред Кушнер нар Галибаф, Арагчи нартай уулзсан бөгөөд Ираны төрийн мэдээллийн хэрэгслээр уулзалт 80 орчим минут үргэлжилсэн гэж мэдээлэв.

Израиль улс Ливанд цохилт өгсөөр байгааг эсэргүүцэж Хормузын хоолойн бүслэлтээ эргэн сэргээсэн гэж Ираны тал мэдэгдсэн юм. Мөн Трампыг өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч болон Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан нарын гарын үсэг зурсан харилцан ойлголцлын санамж бичгийг Израиль улс зөрчихийг зөвшөөрч байна хэмээн буруутгав. Уг санамж бичигт бүх фронтод гал зогсоохыг тодорхой уриалсан боловч Израиль Бямба гаригт Ливаны төв болон өмнөд хэсэгт халдлага үйлдэж, 30 гаруй хүний аминд хүрсэн байна.
Трамп олон нийтийн сүлжээндээ: “Иран улс Ливан дахь өндөр цалинтай гар хөл болсон этгээдүүдээ (прокси) үймээн самуун дэгдээхээ нэн даруй зогсоохыг шаардах ёстой. Хэрэв тэгэхгүй бол бид Иранд дахин маш хүчтэй цохилт өгөх болно” гэж бичжээ.
Тэрбээр Fox News сувагтай 20 минутын турш утсаар ярихдаа Бүгд найрамдахчууд болон Ардчилсан намынхны зүгээс ирж буй шүүмжлэлд нэлээд эмзэг хандаж байгаа нь харагдсан бөгөөд: -“Шаардлагатай бол бид хоолойг хяналтдаа авч магадгүй. Хэрэв тэд хэлэлцээр хийхгүй бол бид тэндээс татвар хураах болно” гэжээ.
Тэрбээр уг хоолойн талаар ярихдаа Ираны хэлэлцээрийн багийг барьцаална гэж сүрдүүлсэн өнгө аястайгаар: -“Та нар хоолойг хаавал улс орон гэх зүйлгүй болно. Тэр ч байтугай өөрсдийн хараал идсэн улс руугаа буцаж ч чадахгүйд хүрнэ” гэж хэлсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгчийн энэхүү сүрдүүлэг нь Ираны зүгээс зуучлагчдад албан ёсны эсэргүүцэл гаргах, мөн Трампын “дээрэлхүү” үйлдлийг хяналтад авахыг шаардахад хүргэжээ.
Швейцарьт болж буй хэлэлцээний үеэр Вэнс Ливан дахь хүчирхийллийн нөлөөг намжаахыг хичээж, тэндхийн дайсагналыг зогсоох чиглэлд ахиц дэвшил гарсан гэж мэдэгдэв. Тэрбээр “Иймэрхүү асуудлууд үргэлж бага зэрэг замбараагүй байдаг” гэжээ.
Трампынхаас эрс өөр, аядуу зөөлөн өнгө аясаар Вэнс үргэлжлүүлэн: -“Ерөнхийлөгчийн биднээс хүссэн зүйл бол Ираны ард түмэнтэй харилцах харилцаагаа өөрчилж, шинэ хуудас нээх, мөн тэдэнд тусламжийн гар сунгах явдал юм. Хэрэв Ираны удирдлага бүс нутгийн тогтворгүй байдлыг өдөөгч байхаа больж, цөмийн зэвсэгтэй болох амбицаа урт хугацаанд орхиход бэлэн бол, АНУ тус улстай тогтоосон харилцаагаа үндсээр нь өөрчлөхөд бэлэн байна гэдгийг Ираны ард түмэнд хэлмээр байна.
Одоо бидний өмнө тулгарч буй асуулт бол бид хамтдаа дахин хэр их зүйлийг бүтээж чадах вэ? Бид шинэ хуудас нээж чадах уу?” гэж нэмж хэлэв.
АНУ-ын Эрчим хүчний сайд Крис Райт Ираны сэргээсэн бүслэлт ямар ч үр дүнгүй байгааг дурдаад, Бямба гаригт 67 хөлөг онгоц, Баасан гаригт 55 хөлөг онгоц уг усан замаар саадгүй дамжин өнгөрсөн гэж мэдэгджээ.
Ираны зүгээс хоолойг хаалттай байлгах шийдвэрийн бодит үр нөлөө хараахан шалгагдаагүй байгаа ч Трамп өнгөрсөн долоо хоногт дэлхий нийт боловсруулсан газрын тосны хомсдолд ороход дөрвөн долоо хоног үлдээд байгааг анхааруулж, хэрэв өөрөө Ираны газрын тосны боомтуудад тавьсан АНУ-ын бүслэлтийг цуцалж, хоолойг эргүүлэн нээх тохиролцоонд хүрээгүй байсан бол дэлхийн хэмжээний эдийн засгийн хямрал нүүрлэх байсан гэж хэлсэн юм.
Трампын ойрын холбоотон, Бүгд найрамдах намын сенатор Линдси Грэм: “Би Баасан гаригт Ерөнхийлөгч Трамптай дөрвөн цаг хагас хамт байсан. Дараа нь юу болох талаар миний таамаглал ийм байна. Хэрэв энэ хэлэлцээр бүтэлгүйтвэл Ерөнхийлөгч Трамп Хормузын хоолойг хүчээр хяналтад авна... Бид тус ажиллагааны зардлыг нөхөхийн тулд түүгээр дамжин өнгөрөх бүх хүмүүсээс хураамж авна... Хэрэв Иран АНУ-ын хяналтыг эсэргүүцвэл бид тэднийг үгүй хийх болно” гэж мэдэгджээ.
Трамп болон Вэнс нарын Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху руу хийсэн хувийн дайралтуудад дургүйцсэн АНУ дахь Израилийн талыг баримтлагчдын зүгээс Трамп ширүүн шүүмжлэлд өртөөд байна.
Өөрийн талийгаач ах Ионатаны дурсгалыг хүндэтгэх арга хэмжээний үеэр Нетаньяху хэлэхдээ, Израиль улс “Ливаны өмнөд хэсэг дэх аюулгүй байдлын хамгаалалтын бүсэд шаардлагатай хугацаагаар хэвээр үлдэх болно” гэж мэдэгдсэн нь Израилийн эзэлсэн хилээс 6 миль хүртэлх газар нутгийг хэлж байгаа аж. Нетаньяху мөн “Ираныг цөмийн зэвсэгтэй болохыг хэзээ ч зөвшөөрөхгүй” гэдгээ дахин бататгав.
Ираны тал хэлэлцээгээр Ливаны гал зогсоох асуудал, хоолойг эргүүлэн нээх нөхцөл, АНУ-ын Ираны газрын тосны экспортод тавьсан хоригийг цуцлах, мөн гадаадад царцаагдсан Ираны хөрөнгийг чөлөөлөх асуудалд анхаарлаа хандуулах ёстой гэж үзэж байна. Ираны төлөөлөгчдийн тэргүүн Мохаммад Багер Галибаф өөртэйгөө хамт Ираны Үндэсний газрын тосны компанийн гүйцэтгэх захирал болон Ираны Төв банкны ерөнхийлөгчийг авчирсан нь газрын тосны хоригийг цуцлах техникийн зохицуулалт болон царцаасан мөнгийг Иран руу шилжүүлэх сувгуудын асуудал Ираны талын гол зорилго гэдгийг харуулж байна.
Ираны төлөөлөгчид Вэнс, Трампын хүргэн Жаред Кушнер, АНУ-ын тусгай элч Стив Виткофф нараас бүрдсэн АНУ-ын багийнхантай хамт камерын өмнө гарахаас татгалзжээ. Гэвч хоёр талын төлөөлөгчид нэг өрөөнд байх үеэр богино хугацаанд дүрс бичлэгт үлдсэн бөгөөд үдээс хойшх хэлэлцээний хэлбэр нь Иран, АНУ, Пакистан, Катар гэсэн дөрвөн талт бүрэлдэхүүнтэй байв. Катар улс Пакистаны хамтаар хамтарсан зуучлагчийн үүргийг идэвхтэй гүйцэтгэж байна.
НҮБ-ын цөмийн хяналтын байгууллагын (ОУАЭХ-ын) дарга Рафаэль Гросси мөн Швейцарьт ирсэн боловч Ираны тал өөрийн цөмийн байгууламжуудад хийх ирээдүйн хяналт шалгалтын талаарх хэлэлцээг хориг арга хэмжээний маргааныг шийдвэрлэх хүртэл хойшлуулахыг хүсэж байна. Гол зорилго нь ОУАЭХ-ын хяналт шалгалтын давтамж, нэвтрэх эрхийн хэмжээ зэрэг цөмийн асуудлуудыг 60 хоногийн дотор шийдвэрлэх явдал бөгөөд энэ хугацааг талууд харилцан тохиролцсоноор сунгаж болох юм.

Гадаад мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 6-р сарын 18
2026 оны 6-р сарын 18
2026 оны 6-р сарын 18
2026 оны 6-р сарын 21
2026 оны 6-р сарын 18
2026 оны 6-р сарын 14
2026 оны 6-р сарын 17
2026 оны 6-р сарын 15
2026 оны 6-р сарын 14
2026 оны 6-р сарын 15
2026 оны 6-р сарын 20
2026 оны 6-р сарын 15
2026 оны 6-р сарын 17
2026 оны 6-р сарын 15
2026 оны 6-р сарын 16