2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 11
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 17
2026 оны 5-р сарын 14
2026 оны 5-р сарын 15
2026 оны 5-р сарын 15
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 18
2026 оны 5-р сарын 12
2026 оны 5-р сарын 18
2026 оны 5-р сарын 14
2026 оны 5-р сарын 14


Тэргүүн хатагтай Мелания Трамп ерөнхийлөгчийн хамт
The Wall Street Journal
...Ерөнхийлөгч Трамп эл үдшийг " хотын хамгийн тансаг үдэшлэг" гэж тодорхойлж байв. Гэвч Цагаан ордны сурвалжлагчдын холбооны оройн зоогийн үеэр зэвсэглэсэн этгээд хамгаалалтын бүс рүү дайран орсноор бүх зүйл орвонгоороо эргэжээ...
Вашингтон. Бямба гаригийн орой Цагаан ордны сурвалжлагчдын оройн зоог руу явах замдаа Трамп өөрийн бэлтгэсэн илтгэлдээ туйлын сэтгэл хангалуун байгаагаа ойр дотныхондоо хуваалцаж, үүнийг "хотын хамгийн тансаг үдэшлэг" гэж нэрлэж байсныг эх сурвалжууд мэдээлсэн. Тэрбээр зөвлөхүүдийнхээ хамт хэлэх үгээ хошин шог, егөөдлөөр дүүргэж, тэр байтугай өөрийн танхимын гишүүн, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд Роберт Ф.Кеннеди Жр. зэрэг хүмүүсийг ч шоглохоор төлөвлөсөн байлаа.
Трамп ерөнхийлөгчийн хувиар анх удаа энэхүү зоогт оролцож байгаа нь түүний засаг захиргаа болон хэвлэл мэдээллийнхний хооронд үүсээд байсан олон жилийн дайсагнал, үл итгэлцэлд "түр зуурын эвлэрэл" тогтоох оролдлого байлаа. Өнгөрсөн хугацаанд тэрбээр хэвлэлийнхнийг байнга шүүмжилж, заримдаа бүр хууль эрх зүйн хүрээнд заналхийлж байсан.
Вашингтоны элитүүд!
Хэвлэлийн хүрээнийхэн дундаа "nerd prom" гэж нэрлэгддэг эл арга хэмжээ нь жил бүр Вашингтоны “Хилтон” зочид буудлын жараад оны өвөрмөц хийцтэй танхимд зохион байгуулагддаг уламжлалтай. Тэнд сэтгүүл зүй болон улс төрийн салбарын хамгийн нөлөө бүхий эрхмүүд нэг дор цуглардаг хар зангиа, цагаан цамцтай, тансаг ёслолын арга хэмжээ юм. Өмнөх ерөнхийлөгчид энэхүү зоогт тогтмол оролцдог байсан ч Трамп өмнөх бүрэн эрхийнхээ хугацаанд нэг ч удаа ирж байгаагүй билээ.
Гэвч Трамп төлөвлөсөн ёсоор индэрт гарч, микрофоны ард зогсохын оронд нууц албаны ажилтнуудын хамгаалалт дор яаралтай тайзнаас буухаас өөр аргагүйд хүрэв. Баяр ёслолын уур амьсгалтай байсан үдэш хормын дотор айдас хүйдэс, эмх замбараагүй байдал болон хувирлаа.
Танхимд байсан сайд нар, туслахууд болон Трампын эсрэг чиглэсэн өмнөх хоёр ч удаагийн халдлагын гэрч болсон сурвалжлагчид ийм төрлийн хүчирхийлэл Вашингтоны амьдралын салшгүй хэсэг, ердийн үзэгдэл мэт болж байгаад цочирдон, гайхширч байв.

Хэвлэлийн нарийн бичгийн дарга Каролин Левитт нөхөр Николас Риччио болон Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио эхнэр Жанетт Дусдебес Рубиотой хамт.
Тансаг үдэш ба гэнэтийн халдлага
Бямба гаригийн орой Вашингтоны дээд зиндааныхан улаан хивсэн дээгүүр алхаж, гэрэл зурагчдын дуран ч чөлөө завгүй “тачигнаж” байлаа. Зочдын дунд Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Каролин Ливитт, Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, ESPN-ийн од Стивен А.Смит нар харагдана. Дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс, Холбооны мөрдөх товчооны захирал Кэш Пател болон засаг захиргааны гол хүмүүс бизнесийн манлайлагчид, сэтгүүлчид, алдартнууд Хилтоны танхимд цугларчээ.
Үдэшлэгт зориулж, зочид буудлын эргэн тойрон дахь хөдөлгөөнийг хязгаарласан байлаа. Энэхүү Хилтон зочид буудал нь ерөнхийлөгч Рональд Рейганы амь насанд халдахыг завдсан газар гэдгээрээ түүхэнд тэмдэглэгдсэн хэдий ч дэлхийн удирдагчдын байнга уулздаг цэг юм.
Оройн 08.00 цагт зоог эхлэхээр товлосон байлаа. Хөтлөгчөөр илбэчин, сэтгэл зүйч Оз Пэрлман ажиллаж, тайзнаа Трамп болон тэргүүн хатагтай Меланиа нарыг урин залснаар арга хэмжээ нээлтээ хийв. Цэргийн үлээвэр найрал хөгжим эгшиглэж, төрийн дуулал эгшиглэсний дараа зочид зоогийн ширээнээ тухалцгаалаа.
Зочид дөнгөж эхний салатаа амсаж эхэлтэл 31 настай нэгэн эрэгтэй нууц албаны хамгаалалтын цэг рүү маш хурдтайгаар дайран оржээ.

Ерөнхийлөгчийг танхимаас гаргаж байна.
"Би энд үхмээргүй байна"
Тайзан дээр Пэрлман тэргүүн хатагтайг хөгжөөж байх үед танхим дотор буун дуу тасхийх нь сонсогдов. Трамп хожим нь хэлэхдээ, эхлээд зөөгч тавиуртай зүйл унагасан бололтой гэж бодсон ч Меланиа илүү ноцтой зүйл болж буйг зөнгөөрөө мэдэрсэн гэжээ.
Хамгаалагчид ерөнхийлөгчийг тайзнаас шууд татан буулгав. Тэрбээр ажилтнуудын дунд бүдчиж харагдсан ч нууц албаныхан түүнийг тойрон бүчиж, яаралтай холдуулав. Дэд ерөнхийлөгч Вэнсийг эсрэг зүг рүү авч явсан бол тайзан дээр байсан бусад хүмүүсийг арын хэсэг рүү яаралтай оруулжээ.

Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд Роберт Ф.Кеннедиг аюулгүй байдлын ажилтнууд танхимаас гаргаж байна.
Төд удалгүй танхимд урт буутай, дуулга өмссөн тусгай албаныхан гарч ирж, байрлалаа эзлэв. Тэд ширээн дээр гарч зогсон, зэвсгээ бэлэн байдалд барьж байлаа. Сайд нарыг танхимаас яаралтай гаргах үеэр хамгаалалтын ажилтан Төлөөлөгчдийн танхимын дарга Майк Жонсоны эхнэр Келлиг ширээн дор нуугдсан байсныг олж гарган аюулгүй газар руу авч явсан юм.

Аймшигт нөхцөл байдлыг илтгэх мэт нэгэн зөөгч бүсгүй испаниар "Би энд үхмээргүй байна. Энэ өрөөнд үхмээргүй байна!" хэмээн хашгирч байв.
Зогссон үдэш, үлдсэн шарх
Танхимд байсан зочид ширээн доогуур орж, сандлын ард нуугдаж байлаа. Дарс асгарч, тавиурууд хагаран унах чимээ хүмүүсийн уйлах, орилох чимээтэй холилдоно. Олон нийтийн сүлжээнд тавигдсан бичлэгээс харахад Стивен Миллер, Кэш Пател, Роберт Кеннеди зэрэг өндөр албан тушаалтнууд хүртэл газар хэвтэж, нуугдаж байгаа нь харагдана.

Колумбийн дүүргийн АНУ-ын прокурор Жанин Пирро
Зочид буудлын подвалын танхимд гар утасны сүлжээ муу байсан тул олон хүн ар гэрийнхэнтэйгээ холбогдож чадахгүй сандарч байв. Сэтгүүлчид болж буй үйл явдлыг яаралтай мэдээлэхээр ажиллаж, зарим нь танхимаас гарахаас татгалзаж байлаа.

Ерөнхийлөгч Трамп арын өрөөнд орсныхоо дарааарга хэмжээг үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн гэх боловч байдал хэтэрхий ноцтой байв. Оройн 09.00 цагийн орчимд сурвалжлагч Вэйжиа Жян тайзнаа гарч, чичирхийлсэн хоолойгоор "Арга хэмжээ үргэлжилнэ" гэж хэлсэн ч 40 минутын дараа албан ёсоор цуцлах шийдвэр гаргаснаа мэдэгдэв.
Зочид буудлын гадна эсэргүүцэгчид цугласан хэвээр байлаа. Хүмүүсийг гарч явах үед нэгэн эрэгтэй "Тэд бүгд үхэх ёстой" гэсэн бичигтэй картонон барьж зогсож байсан нь байдлыг улам хурцатгав.

Оройн 10.00 цаг гэхэд танхим эзгүйрчээ. Ширээн дээр дутуу идсэн салат, талх, асгарсан дарс, улаан салфеткууд л хоцорчээ. Тансаг баяр байх ёстой байсан үдэш ийнхүү Америкийн улс төрийн гүн хуваагдал, хүчирхийллийн тод илрэл болон дууслаа.
Оройн 10.30 цагт Ерөнхийлөгч Трамп өөрийн сошиал хуудаснаа халдлага үйлдэхийг завдсан этгээдийн зочид буудлын хивсэн дээр доошоо харан хэвтэж буй зургийг нийтэлснээр энэ аймшигт үйл явдал өндөрлөсөн юм.

Гадаад мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 11
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 17
2026 оны 5-р сарын 14
2026 оны 5-р сарын 15
2026 оны 5-р сарын 15
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 18
2026 оны 5-р сарын 12
2026 оны 5-р сарын 18
2026 оны 5-р сарын 14
2026 оны 5-р сарын 14