

Дэлхийн эдийн засаг геополитикийн мөргөлдөөн, эрчим хүчний үнийн хэлбэлзэл, инфляцийн дарамт болон худалдааны сөргөлдөөн зэрэг дараалсан сорилттой нүүр тулж байна. Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Эдийн засгийн хамтын ажиллагаа ба Хөгжлийн байгууллагаас гаргасан 2026 оны сүүлийн үеийн тайлангуудад дэлхийн ДНБ-ий өсөлт 3.0%-3.1% орчимд хэлбэлзэж, бүр цар тахлын өмнөх дунджаас бага түвшинд байна гэж дүгнэжээ. Дэлхийн эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгүүр болж ирсэн Азийн бүс нутаг, ялангуяа Зүүн Азийн тэргүүлэх гурван гүрэн болох Хятад, Өмнөд Солонгос, Япон улсууд энэхүү хямралын шууд ба шууд бус нөлөөнд өртөж байна.
Олон улсын геополитикийн тодорхойгүй байдал, Ойрх Дорнодын мөргөлдөөнөөс үүдэлтэй түүхий эд болон эрчим хүчний шок нь импортоос хамааралтай Азийн эдийн засгуудад хүндээр тусч байна.
Дэлхийн нийлүүлэлтийн сүлжээний доголдол болон дотоодын зах зээлийг хамгаалах тарифын бодлого эргэн сэргэж байгаа нь экспортод суурилсан Азийн орнуудын гадаад эрэлтийг сааруулж, эдийн засгийн идэвхжлийг бууруулах эрсдэлтэйг дээрх байгууллагын экспертүүд анхааруулсаар.
Хэдийгээр хиймэл оюун ухаан (AI) болон хагас дамжуулагчийн салбарын хөрөнгө оруулалт өндөр технологийн экспортод түр зуурын дэмжлэг үзүүлж байгаа ч, хэрэглэгчдийн ба бизнесүүдийн итгэлийн индекс сул хэвээр байгаа юм.
Бүс нутгийн хамгийн том эдийн засаг болох Хятадын өсөлт саарах хандлагатай байна. Дэлхийн банк болон Азийн хөгжлийн банкны таамаглалаар Хятадын ДНБ-ий өсөлт 2025 онд 5.0% байсан бол 2026 онд 4.2%-4.6% болж буурахаар байна.
Үл хөдлөх хөрөнгийн салбарын эрэлт буурсан, орон нутгийн засаг захиргааны өрийн ачаалал болон дефляцийн дарамт нь өрхийн хэрэглээг хязгаарлаж байна.
АНУ болон барууны орнуудын тарифын хязгаарлалт, нийлүүлэлтийн сүлжээг Хятадаас бусад бүс нутаг руу хийх бодлого нь гадаадын шууд хөрөнгө оруулалтыг хумихад хүргэв.
Бээжингийн зүгээс төсвийн болон мөнгөний зөөлөн бодлого хэрэгжүүлж, өндөр технологи, ногоон эрчим хүч, цахилгаан автомашины салбарыг дэмжиж байгаа ч дотоод хэрэглээний сул дорой байдлыг бүрэн нөхөж чадахгүй байна.
Экспортоос өндөр хамааралтай Өмнөд Солонгос улсын хувьд дэлхийн худалдааны маргаан болон геополитикийн хурцадмал байдалд хамгийн эмзэг байна.
Хагас дамжуулагч болон хиймэл оюун ухааны чипний дэлхийн эрэлт Өмнөд Солонгосын эдийн засгийг тодорхой хэмжээнд тэтгэж байгаа ч автомашин, хүнд үйлдвэрлэлийн экспорт дэлхийн худалдааны сааралтаас шалтгаалан савлагаатай байна.
Өрхийн өрийн түвшин өндөр болон хүү өндөр байгаа нь дотоодын хэрэглээг хумиж байна. 2026 онд эдийн засгийн өсөлт 1.8%-2.1% орчимд байна.
Японы эдийн засаг 2026 онд 0.5%-0.7%-ийн бага өсөлт үзүүлэхээр таамаглагдаж байна.
Японы төв банк хүүний түвшинг бага багаар нэмэгдүүлж байгаа ч АНУ-ын хүүний түвшинтэй харьцуулахад зөрүүтэй хэвээр байгаа нь иенийг сулруулж, импортын эрчим хүч болон хүнсний үнийг өсгөхөд нөлөөлжээ.
Томоохон компаниуд цалинг тодорхой хэмжээнд нэмэгдүүлж байгаа ч бодит цалингийн өсөлт инфляцийг бүрэн гүйцэж чадахгүй байгаа тул өрхийн худалдан авах чадварт дарамт болж байна. Гэсэн хэдий ч авто болон электрон барааны экспорт тодорхой хэмжээнд сэргэж байгаа нь уналтыг сааруулж байна.
Зүүн Азийн гурван том эдийн засагт ирээдүйд тулгарч буй нийтлэг ба өвөрмөц бодлогын сорилтуудыг дараах байдлаар хураангуйлж болно. Үүнд, Япон, Өмнөд Солонгос, Хятад улсууд бүгд төрөлт буурч, хүн амын насжилт хурдацтай явагдаж буй бүтцийн асуудалтай тулгарсан. Энэ нь урт хугацааны потенциал өсөлтийг хязгаарлах хамгийн том аюул юм.
АНУ-Хятадын өрсөлдөөн технологийн салбараас эхлээд түүхий эд, чухал ашигт малтмал руу тэлж байгаа нь Япон, Өмнөд Солонгосыг стратегийн хүнд сонголт хийхэд хүргэж байна. Өрийн хэмжээ өндөр түвшинд хүрсэн тул эдийн засгаа тэтгэх төсвийн урамшуулал олгох боломж хязгаарлагдмал болсон.
Өнөөгийн дэлхийн эдийн засгийн хямрал ба тодорхойгүй байдал нь Азийн тэргүүлэх эдийн засгуудыг уламжлалт экспорт болон өрд суурилсан өсөлтийн загвараас татгалзаж, бүтээмжийг дээшлүүлэх, дижитал болон ногоон шилжилтийг хурдасгах бодлогын өөрчлөлт хийхийг шаардаж байна. Урт хугацаандаа Азийн бүс нутаг дэлхийн эдийн засгийн өсөлтийн төв хэвээр байх боловч ойрын жилүүдэд өсөлт багатай тодорхойгүй байдлын орчинд ажиллах шаардлагатайг олон улсын байгууллагууд сануулж байна.

Гадаад мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 8-р сарын 20
2026 оны 8-р сарын 16
2026 оны 8-р сарын 23
2026 оны 8-р сарын 16
2026 оны 8-р сарын 19
2026 оны 8-р сарын 17
2026 оны 8-р сарын 18
2026 оны 8-р сарын 19
2026 оны 8-р сарын 18
2026 оны 8-р сарын 18
2026 оны 8-р сарын 23
2026 оны 8-р сарын 16
2026 оны 8-р сарын 17
2026 оны 8-р сарын 19
2026 оны 8-р сарын 20