

Цонхны цаана цас бужигнаж байна. Намрын сүүлчийн өдрүүд хуанлийн хуудсанд хоргодон, хоргодон буцсаар. Улирал болгонд дурсамж үлдээдэг. Амьдрал бүхэн сургамж өгдөг. Хотын их хэмнэл, сошиалын нүргээнт амьдрал дунд хүмүний зүрх сэтгэл улам хүйтэн, хөшүүн болсоор. Хүн болгоны аз жаргалын хэмжүүр, амар амгалангийн орчлон өөр. Мөнгө сайн, сайхан амьдралд хүргэх хэрэгсэл мөн боловч яг аз жаргалд аваачдаг болов уу?. Тэгвэл аз жаргал гэж чухам юу вэ.
Жавартай өвлийг угтах, санчиг буурал ийм л өдрүүдэд нар тэнгэрийн хаа нэгтээ нуугдчихсан мэт санагддагсан. Хайж олоод хамгийн дулаахан атлаа хамгийн гунигтай тэр л өдрүүдийг тэвэрмээр. Саяхан л нар, намар хоёр айлсаж байсан. Гэвч одоо хуанлийн хуудас намрын сүүлчийн өдрүүдийг заажээ. Баяртай намар минь. Цав цагаахан өвлийг угтахын тулд чамайг эхлээд үдэж өгье.
Өлмийдөө элбэг зай олоод, гишгэлгүй өнгөрөөе дөө би
Өнгөт хорвоогийн эргэлтээ ёсоороо дуусга даа!
Тормойх оддоос шүүдэр тосон
Тоонон дээр шуугихыг чинь олон сонссоон би!
Цагийн шүүдрийг сүү шиг шимж
Цангасан шувуу шиг газраа тэврээч дээ, навчис минь!
Хөр цас, хүйтэн сэрүүнд нөмөр бараадах навчсыг
Хөөрхийлж дотроо өрөвдөх л юм даа би
Өөртөө элбэгхэн зай олоод шороо үргээлгүй өнгөрье дөө
Өнгөт хорвоогийн найранд бид ижилхэн л дугараа шүү дээ! /Д. Урианхай – Намрын навчинд өргөх шүлэг/
Намар ухаарлын улирал байдаг. Угаас буцаж буй бүхэн гуниг үлдээдэг. Гуниг бүхэн ухаарал өгдөг. Ухаарна гэдэг ухаантай хүний үйлдэл. Ухаардаггүй хүн аз жаргалд хүрч очдоггүй. Ухаардаггүй хүн амар амгалангийн орчлонг таньдаггүй. Тэд аз жаргалыг мөнгө гэж боддогтоо, ойлгодогтоо хайсаар, хөөсөөр зуусдаг. Дундуур дүүрэн амьдрал бол дүүрэн, дүүрэн жаргал билээ.
Цонхоо нээгээд амьсгал. Зүрхээ чагна. Өөрийгөө хэзээ, хаа нэгтээ гээснээ ол. Мөнх намар, мөнх амьдрал гэж үгүй. Цаг нь ирэхээр хүмүүс навчис болж, өнгө хувирахаар навчис цас болдог.
Моддын дээр цас орно
Өнгө нь хувирсан сүүлчийн навчис
Өвдөж байгаа болов уу, гуниглаж байгаа болов уу?
Агуу их нам гүм-цас
Агуу их амьдрал-нулимас
Агуу их үхэл-намар
Аль алинаас нь би харцаа салгаж чадахгүй нь
Моддын дээр цас орно
Зүрхнээс нь минь нэг нэгээрэ одож буй хүмүүсийн төлөө
Навч шиг тасран одож буй тэдний төлөө
Зүйрлэшгүй их шаналсан минь өчигдөрийнх, зуных …
Моддын дээр цас орно
Харин одоо цээжинд минь аль хэдийнээ гэрэл
Хачин нам гүм цас моддын дээр
Агуу их үхэл-намар… Агуу их марталт өвөл… /Л. Өлзийтөгс – Моддын дээр цас орно/
Харьж буй бүхэн зүрх өвтгөх нь амьдралын жам буюу. Ирж буй бүхэн баяр баясгалан бэлэглэх нь амьдралын жаргал буюу. Хагацашгүй амьдрал гэж үгүй. Орчлонгийн бүх юм хэмжүүртэй. Зарим үед бусдыг сонсох биш өөрийгөө анирдах сайхан. Анир чимээгүй өөрөөсөө анир чимээтэй өөрийгөө олж харах гунигтай. Уучлаарай гэж бусдад хэлэх хэцүү. Уучлахад амаргүй, мартах хэцүү. Гэвчиг чин сэтгэлийн гэмшил чиний өвдөлтийн эдгэрэл болно. Зовлон тээх нь зовлон болдог. Гагц ухаантай хүн л уучлалт гуйж чаддаг.
Зуун намар, зуун намар би ингэж дурлахгүй
Зулзаган нахиа шиг алган дээр чинь дэлгэрэхгүй
Зүүдэн гүнд чинь шөнийн саран шиг үлдээд
Зүрхэн дээр чинь хаврын мод шиг ургахгүй
Зуун намар, зуун намар ингэж дурлахгүйгээс хойш
Зулзаган нахиа шиг алганд чинь эрхэлсээр байх болно
Зүүдэнд чинь шөнийн саран шиг үлдээд
Зүрхэн дээр чинь хаврын мод шиг ургасаар л байх болно
Зуун намар, зуун намар /Б. Ичинхорлоо – Зуун намар/
Бүүдгэр энэ өдрүүдэд сэтгэл хөглөх улаан дарс минь. Уруул шиг навчисын төлөө, уулзалгүй удсан дурсамжийнхаа төлөө, учрах өвлийн төлөө, зуун намар зуун намрын төлөө энэ улаахан дарсыг өргөе. Сэтгэл доторх чи бол би, би бол чи. Чамайг дурсаад...!

journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.