

Монголд амжилттай хэрэгжсэн мега төсөлд “Эрдэнэт” болон “Оюутолгой” зүй ёсоор багтана. Нэг нь Орос-Монголын Засгийн газар хоорондын гэрээгээр хэрэгжсэн төсөл. Хожмоо 100% Монголын өмч болсон. Нөгөө нь Монголын Засгийн газар болон гуравдагч орны хөрөнгө оруулалтаар, монголчуудын бие даан хэрэгжүүлсэн анхны төсөл. Цаг хугацаа, дэд бүтэц, компанийн засаглалын хувьд тэмээ ямаа шиг ялгаатай ч, адил тал нь эдийн засгийн нөлөөлөл нь асар том.
Мега төсөл болгон эдийн засгийн ач холбогдолтой байж чаддаггүй. Дэлхийн мега төслүүдийн гуравны нэг нь амжилттай хэрэгжиж чаддаг бол гуравны хоёр нь нуран унадаг. Мега төсөл амжилттай болбол баялаг нэмэгдэнэ.
Амжилтгүй болбол баялаг устана. Туулын хурдны замын төслийн санхүүжилт нь 2.3 их наяд. Зарцуулах мөнгөний хэмжээгээрээ яах аргагүй мега төсөл. Гэхдээ 32 км хурдны зам дэлхий дээр байхгүй. Энэ талаас нь харвал мега төсөл гэж хэлэхэд хэцүүхэн.
Ядуу буурай болон хөгжиж буй орнуудад мега төсөл (хурдны зам, далан, цахилгаан станц, төмөр зам барих) нь мөнгө угаах, авлига цэцэглэх, төсвийн хөрөнгө завшихад хамгийн тохиромжтой хэрэгсэл болдог.
Нэгдүгээрт, төслийн зардлыг хиймлээр өсгөж мөнгө цавчина. Хоёрдугаарт, ганц гүйцэтгэгчийг сонгоно. Гуравдугаарт, гүйцэтгэгч нь улстөрчдийн хамаарал бүхий компанийг туслан гүйцэтгэгчээр авч мөнгө угаахад нь тусална. Яг ийм луйвар Монголд цөөнгүй явагдсан. Энэ луйврын загалмайлсан эцэг нь Женко.Баттулга байлаа.
УИХ-ын гишүүн Х.Баттулгын хэрэгжүүлсэн "Шинэ сум", "Шинэ төмөр зам", Сайншандын аж үйлдвэрийн парк, "Шинэ хот" гэх мега төслүүд чухамдаа түүний хэрэгжүүлсэн "төгс, төгөлдөр" мега луйврын бэлээхэн жишээнүүд юм.
Сайншандын аж үйлдвэрийн парк нэртэй цаасан дээрх залиланд Монгол Улс ₮30 тэрбумыг “үрсэн” байдаг. Тэгвэл Н.Алтанхуягийн Засгийн газрын үед “Шинэ сум” нэрээр Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан сумын захиргааны хэдэн барилгыг ₮20 орчим тэрбумаар шинэчилсэн нь гашуун үнэн. Мухар төмөр замууд, Майдар хот гэх мөнгө угаалтын үргэжлэл нь өнөөдрийн Туулын хурдны зам.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 14 “М” төслийг, Х.Нямбаатар хотод 24 “М” төслийг хэрэгжүүлэхээр зарласан. Гэхдээ үр ашиггүй “М” төслүүд эдийн засгийн асар их хохирол учруулаад зогсохгүй улс орны үндэсний аюулгүй байдлыг эмзэг болгодог. Үүний нэг жишээ нь, Харбины гэрээ. Харбины гэрээгээр сонсгол хийвэл Хятад манай нүүрсийг авахгүй гэсэн гээд Засгийн газрын сайд нь жишим ч үгүй ярих болсон. Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханы үг бол хувь улстөрчийн биш Засгийн газрын байр суурь болж гадаадын хөрөнгө оруулагчдад хүрнэ.
Мега төсөл олон түмний эрх ашигт нөлөөлдөг тул эхнээсээ ил тод, шилэн байх ёстой. Атал Харбины гэрээ хоёр улсын нууц болж хувирсан. Туулын хурдны зам эхнээсээ л хуудуутай, хууль бус гэдгээ харуулчихсан. Эдийн засгийн үр ашгийн тооцоог огт хийгээгүй. Төслийг дэмжигчид нь түгжрэл буурна гэх амны ганц уншлагаа тоть мэт давтсаар яваа. Гэхдээ түгжрэл яг хэдэн хувиар буурах нь тодорхойгүй. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ 50% буурна гэсэн бол Х.Нямбаатар 30%, Т.Даваадалай нь 14% гэсэн. Гэвч ганц үнэн юм бий, Туулын хурдны замыг бидний татварын мөнгөөр санхүүжүүлнэ. Л.Оюун-Эрдэнийн Ерөнхий сайд хийсэн 5 жилд, Х.Нямбаатарын хотын даргаар ажилласан 3 (2023 оноос) жилд цахилгаан, дулааны үнэ 85%, авто машины татвар 200%, гаалийн татвар 20%, НДШ 26%, газрын төлбөр 45%, агаарын бохирдлын татвар 50%, усны төлбөр 66% нэмэгдсэн. Цаашдаа Туулын хурдын замын зардал өсөхийн хэрээр бидний төлөх татвар нэмэгдэж болзошгүй.
Амжилттай хэрэгжсэн “М” төслүүдийн зардал нь төлөвлөснөөсөө хэтэрдэг нь бараг зүй тогтол байдаг. Зардал нь 50-100% хэтрэх нь энүүхэнд. Тэгэхээр ₮2.3 их наяд бол эцсийн тоо биш.
Нэгдүгээрт, хотын дарга нарт гаргаад үзүүлчих төслийн эдийн засгийн үр ашгийн тооцоо алга. Тэгэхээр энэ төсөл үнэндээ үеэлүүдийн олж харсан “цагаан заан” байх магадлал өндөр.
Хоёрдугаарт, байгаль орчны үнэлгээ, соёлын өвийн талаар ямар ч судалгаа хийлгээгүй. Бусдын нэр, гарын үсгийг хуурамчаар ашигласан нь баригдсан. Энэ бол эрүүгийн гэмт хэрэгт тооцогдоно. Гуравдугаарт,тэдний асууж, зөвлөдөг мэргэжилтэн нь зөвхөн Chat GPT. Мэргэжилтнүүдийн үгийг сонсохгүй байгаа нь энэ төсөл бүтэхгүй гэдгээ Х.Нямбаатар сайн мэдэж байгаа гэсэн үг.
Эдийн засаг дээр түшиглээгүй хоосон амбиц, улс төрийн популизмд автсан “М” төслүүд улс орныг сүйрүүлэх хүчин зүйлс болдог. Мега төслийг эхнээс нь эцсийг нь хүртэл бодсон, төлөвлөсөн байх ёстой юм. Суурь судалгаа бүрэн хангалттай байхаас гадна шинжлэх ухаанд тулгуурласан байх ёстой. Энэ асуудлаа дутуу дулимаг шийдсэн аливаа мега төсөл дампуурах магадлалтай.
Х.Баттулгаас эхэлсэн мега төслийн луйврыг Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар Монголд улам төгөлдөршүүлж байна. Ямар ч тэнэг хүн 4 жилийн дотор 14+24=38 “М” төсөл хэрэгжүүлэх боломжгүйг гадарлахтайгаа юм.

Journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 4-р сарын 19
2026 оны 4-р сарын 17
2026 оны 4-р сарын 21
2026 оны 4-р сарын 20
2026 оны 4-р сарын 21
2026 оны 4-р сарын 14
2026 оны 4-р сарын 22
2026 оны 4-р сарын 14
2026 оны 4-р сарын 13
2026 оны 4-р сарын 20
2026 оны 4-р сарын 20
2026 оны 4-р сарын 22
2026 оны 4-р сарын 14
2026 оны 4-р сарын 19
2026 оны 4-р сарын 20
2026 оны 4-р сарын 19
2026 оны 4-р сарын 17
2026 оны 4-р сарын 21
2026 оны 4-р сарын 20
2026 оны 4-р сарын 21
2026 оны 4-р сарын 14
2026 оны 4-р сарын 22
2026 оны 4-р сарын 14
2026 оны 4-р сарын 13
2026 оны 4-р сарын 20
2026 оны 4-р сарын 20
2026 оны 4-р сарын 22
2026 оны 4-р сарын 14
2026 оны 4-р сарын 19
2026 оны 4-р сарын 20