

Эдийн засгийг “нокаут"-ад оруулж мэдэх хуулийн төсөл санаачилснаа Эдийн засгийн хөгжлийн сайд асан Л.Гантөмөр сүр дуулиантайхан зарлав. Бүрэн эрхийнхээ 2 жилийн хугацаанд түүний дангаараа санаачилсан ганц хуулийн төсөл нь Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох агаад энэ нь Ардчилсан намтай ямар ч холбоогүй юм. Ардчилсан намын дарга О.Цогтгэрэлийн байр суурь экс дарга Л.Гантөмөрийн санаачилсан хуулийн төслөөс өөр. “Баялгийн сангийн тухай хуульд зааснаар Оюутолгойн ногдол ашгийг иргэдийнхээ дансанд хуримтлуулах ёстой” гэсэн тайлбарыг О.Цогтгэрэл хэлэх болсон билээ.
У.Хүрэлсүхийн суудлыг залгамжлахаар ихээхэн амбицлаж яваа Л.Гантөмөрийн хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр жилийн өмнөөс бэлдсэн агаад өнгөрсөн хавар нэр дэвшихээ ил тодоор зарласан. Иймээс сүүлийн үед багагүй попрох болсон нь илэрхий ажиглагдаж буй юм.
Ард түмний амьдрал хүнд байгаа нь үнэн. Тиймээс "бэлэн мөнгө тараая" гэх тэдэнд мэдээж таалагдах нь гарцаагүй. Дэлхий дээр бэлэн мөнгөнд дургүй хүн гэж хаана ч байхгүй. Гэвч, улстөрч хүний үг олон түмэнд таалагдах биш, олон түмний ирээдүйг хамгаалахын төлөө байх ёстой, уг нь. Гэхдээ манай популистуудад олон түмэнд таалагдсан улс төр хийж байвал улс орон сүйрэх хамаагүй.
Л.Гантөмөр АН-ын дарга байхдаа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж, макро эдийн засгийн баланс, инфляцын дарамт, төсвийн сахилга батыг ярьж суусан тэрбээр баруун төвийн үзлийнхээ тэс эсрэг зүйл ярих болсон нь хувь улстөрчийн рейтингээ МАН-ын Ц.Даваасүрэн, АН-ын С.Ганбаатар нарын төвшинд аваачихад хүргэв.
Сонирхолтой нь, Л.Гантөмөрийн энэхүү популист санаачилгыг нөгөө талд, МАН-ын дотроос “Гэрэгэ” бүлэглэл дэмжиж буй юм. Өөрөөр хэлбэл, тэд яг ижил өнцгөөс дуугарах болсон нь тохиолдлын зүйл мэдээж биш. Төрийн эрх мэдлээс жийгдсэн нам дамжсан бүлэглэлийн хамтарсан улс төр болох нь нэн ойлгомжтой.
Уул уурхайн орлогыг бэлэн мөнгө хэлбэрээр шууд тараах буюу халамжийн шинж чанартай зарцуулах нь богино хугацаандаа иргэдийн амьжиргааг дэмжих мэт харагддаг ч макро түвшинд эдийн засгийн гүнзгий гажуудал, бүтцийн хямрал авчирдаг болохыг эдийн засгийн онол болон олон улсын туршлага харуулдаг. Монголд ийм гашуун сургамж бий. Сү.Батболдын Засгийн газраас Эх орны хишиг нэрээр тараасан бэлэн мөнгөний “употи” бодлого Монголын эдийн засгийг багагүй хорлосон билээ.
Бэлэн мөнгөний тараалт нь дотоод зах зээл дэх мөнгөний нийлүүлэлтийг огцом тэлж, эрэлтийг өсгөдөг. Ингэснээр үйлчилгээ болон үл хөдлөх хөрөнгийн үнэ өсч, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш сулардаг. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч, иргэдийн худалдан авах чадвар мууддаг.
Монголбанк инфляцыг зорилтот түвшинд барихын тулд хатуу мөнгөний бодлого хэрэгжүүлж, бодлогын хүүг өндөр түвшинд хадгалах болсон. Гэтэл Засгийн газар зах зээлд бэлнээр мөнгө инфляци өсч, Төв банк бодлогын хүүг улам чангатгахаас аргагүйд хүрнэ.
Хатуу мөнгөний бодлогыг урт удаан хугацаанд хэрэгжүүлбэл арилжааны банкуудын зээлийн хүү өснө. Монголын жижиг, дунд аж ахуйн нэгжүүд өндөр хүүтэй зээлээр үйл ажиллагаагаа санхүүжүүлдэг тул эргэн төлөлтийн дарамтад орж, олноороо үүд хаалгаа барихад хүрч мэднэ. Үүнийг дагаад ажилгүйдэл нэмэгдэж, ядуурлын түвшин өсдөг. Банкны системд чанаргүй зээлийн хэмжээ өсч, санхүүгийн тогтвортой байдал ганхах эрсдэлтэй тулгардаг.
Бэлэн мөнгө тараах нь ядуурлын шалтгааныг шийдвэрлэж чадахгүй, зөвхөн шинж тэмдгийг түр хугацаанд аргацаадаг. Хувийн хэвшил суларч, бодит худалдан авах чадвар буурахад ядуурлын түвшин урт хугацаанд улам гүнзгийрч, иргэд халамжаас хамааралтай болж үлддэг. Үүнийг Эдийн засгийн хөгжлийн сайд Л.Гантөмөр мэдэхгүй байна гэж мэдээж үгүй.
Гагцхүү эрх мэдлийн төлөө Монголын популистууд улсаараа тоглодгийн нэг жишээ энэ юм. Эцэст нь, Л.Гантөмөрийг улсын Ерөнхийлөгч болох биш улсаа сүйрүүлсэн гэх нэртэй үлдэх вий.
Б.ЦОГТ

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.