НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Монгол Улсын идэвхтэй төв голч бодлого: Азийн ирээдүйн тухай яриа
АНАЛИЗ

Монгол Улсын идэвхтэй төв голч бодлого: Азийн ирээдүйн тухай яриа

2026 оны 6-р сарын 10
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Японы нэр хүндтэй “Никкэй” байгууллагаас жил бүр зохион байгуулдаг “Азийн ирээдүй” олон улсын чуулга уулзалт өнөөдөр Токио хотноо эхэлж байна. Ази, Номхон далайн бүс нутгийн улс төр, эдийн засаг, эрдмийн хүрээний томоохон төлөөлөл цуглаж бүс нутгийн сорилтууд, Ази тивийн дэлхий дахинд гүйцэтгэх үүргийн талаар санал солилцдог энэхүү форум Азийн ирээдүйг Азийн орнууд өөрсдөө хэрхэн төсөөлж, хэрхэн бүтээхийг тодорхойлдог чухал индэр билээ.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ чуулганд илтгэгчээр оролцож үг хэлж байгаа. Чуулганаар эдийн засгийн өсөлт, худалдаа, хөрөнгө оруулалт төдийгүй геополитикийн өрсөлдөөн, аюулгүй байдал, нийлүүлэлтийн сүлжээний эрсдэл, эрчим хүчний шилжилт, уур амьсгалын өөрчлөлт, хиймэл оюун зэрэг олон асуудлыг хэлэлцэнэ.

Олон улсын сөргөлдөөнд зөвхөн нэг талыг барьж туйлшрахгүй, бүх талтай тэгш харилцаж ойлголцлын сувгийг нээлттэй байлгах, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалахад өөрийн хувь нэмрийг оруулах эрмэлзэлтэй Монгол Улсын дуу хоолой бүс нутгийн тавцанд жин нөлөө нь нэмэгдэж байгаа. Монгол улсын гадаад бодлогыг гадаад, дотоодын ажиглагчид заримдаа тэнцвэртэй гадаад бодлого, заримдаа төв голч бодлого гэж тодорхойлдог. Гэвч сүүлийн 4-5 жил манай байр суурь тэнцвэрийг хадгалах, олон улсын харилцааны өрнөлтийг анхааралтай ажиглаж шаардлагатай гэж үзсэн тохиолдолд идэвхитэй дуу хоолойгоо хүргэх төдийгөөр хязгаарлагдахгүй, идэвхтэй төв голч бодлого баримталж байгааг судлаачид тэмдэглэдэг. “Идэвхтэй төв голч бодлого”-ыг илүү өргөн хүрээтэй, арай өндөр хариуцлагын түвшиний бодлого гэж тодорхойлж болох юм.

Идэвхтэй төв голч бодлого гэдэг нь аливаа сөргөлдөөнөөс ангид тусгаар байхыг эрмэлзсэн идэвхгүй, үлбэгэр сул байр суурь биш, нэг талыг баримталж туйлшрахгүй хэрнээ ойлголцол итгэлцэл, яриа хэлэлцээний гүүр болж бүс нутгийн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэсэн хариуцлагатай сонголтын илэрхийлэл.  

Энэ бодлогын тод илрэл бол саяхан Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” юм. Энэ яриа хэлэлцээ Монгол Улс бүс нутгийн ээдрээтэй асуудлыг зөвхөн анхааралтай ажигладаг улс биш, харин итгэлцлийг бэхжүүлэх, яриа хэлэлцээний сувгийг хадгалах, аюулгүй байдлын нийтлэг сорилтуудыг нээлттэй хэлэлцэх боломжтой олон улсын индэр байж чадна гэдгээ дэлхий нийтэд дахин харууллаа.

Зүүн хойд Ази нь дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай, өндөр хөгжсөн технологийн төвүүдтэй атлаа бүс нутгийн аюулгүй байдлын нэгдсэн механизм байдаггүй онцгой бүс нутаг. Солонгосын хойгийн асуудал, их гүрнүүдийн стратегийн өрсөлдөөн, цөмийн зэвсгийн эрсдэл, түүхэн үл ойлголцол, эвслийн улс төр, шинэ технологийн аюулгүй байдлын сорилт зэрэг олон хүчин зүйл энэ бүс нутгийн тогтвортой байдлыг эмзэг хэврэг байлгадаг. Ийм нөхцөлд Монгол Улс сөргөлдөгч талуудын хооронд яриа хэлэлцээ өрнүүлэх боломжийг үргэлж нээлттэй байлгахыг зорьдог. Монгол Улс цөмийн зэвсэггүй статустай, хоёр хөрш болон гуравдагч хөршүүдтэйгээ найрсаг харилцаатай, олон улсын эрхзүй, НҮБ-ын Дүрэм, энх тайвны зарчмыг дээдэлдэг улс. Ийм байр суурь нь Монгол Улсыг сөргөлдөөний аль нэг тал бус, харин итгэлцэл хөгжүүлэх боломжтой талбар болгож байна.

Никкэйн “Азийн ирээдүй” 31 дэх форумын энэ жилийн “уян хатан, урагшилж хөгжсөн Ази” гэдэг сэдэв Монгол Улсын гадаад бодлогын сүүлийн үеийн чиг хандлагатай яв цав нийцэж байгаа юм. Уян хатан гэдэг нь зөрчилдөөнийг даамжруулагч бус, зохицуулах чадвартай байх гэсэн санаа агуулсан бол цэцэглэж хөгжсөн гэдэг зөвхөн эдийн засгийн өсөлтийг хэлсэнгүй, хямралыг хамтын хүчээр даван туулж, ирээдүйгээ хамтдаа бүтээх чадвартай Ази гэдэг утгыг илэрхийлж байна.

Монгол Улсын хувьд Азийн ирээдүй зөвхөн том эдийн засагтай том гүрнүүдийн шийдэх асуудал биш, бүс нутгийн итгэлцэл, ойлголцол, дипломат сувгийг нээлттэй байлгахад жижиг улс орнууд ч чухал үүрэгтэй тул Азийн улс орнуудын хамтын хүчин чармайлтын үр дүн байх ёстой.

Б. Батцэцэг сайд Никкэйн энэ удаагийн форумд үг хэлж оролцож байгаа нь Монгол Улсын гадаад бодлогын  талаарх чухал мессежийг олон улсын тавцанд дахин тодотгох боломж олдсон хэрэг. Монгол Улс энх тайвныг зөвхөн тунхагладаггүй, харин бодит үйл ажиллагаагаараа дэмжиж яриа хэлэлцээний олон талт тогтвортой механизм бий болгох арга замуудыг эрэлхийлдэг. Монгол Улс төв голч бодлого баримтална гэдэг нь идэвхгүй байр суурь биш, харин сөргөлдөөнийг итгэлцэл, ойлголцлоор зохицуулах чадавхитай олон улсын яриа хэлэлцээний индэр байх эрмэлзэл. Монгол Улс тэнцвэртэй гадаад бодлого баримтална гэдэг нь аливаа эрсдэлээс зөвхөн өөрийгөө хамгаалаад зогсохгүй, бүс нутгийн тогтвортой байдалд идэвхтэй хувь нэмэр оруулна гэсэн үг.

Өнөөдөр Ази тивд хамгийн хэрэгтэй зүйл нь зөвхөн дэд бүтцийн хөгжил, хөрөнгө оруулалт, эсвэл шинэ технологи төдийгүй, итгэлцэл, ойлголцол, хамтын ажиллагааны шинэ соёл, үүрэг хариуцлагын шинэ тогтолцоо гэдгийг Б. Батцэцэг сайд онцолж Азийн ирээдүйн хөгжлийн их үйлсэд Монгол Улс өөрийн түүх, газарзүйн байрлал, энх тайванч гадаад бодлогоороо хувь нэмрээ оруулах бүрэн боломжтой гэдгээ дахин нотоллоо.

Улаанбаатарын яриа хэлэлцээнээс Токиогийн Никкэй форум хүртэл үргэлжилж байгаа энэ дипломат шугам Монгол Улсын гадаад бодлого тогтвортой, тэнцвэртэй, идэвхтэй байгаагийн илэрхийлэл төдийгүй Монгол Улс итгэлцэл ойлголцлын гүүр болж энх тайван, тогтвортой байдлын төлөө дуу хоолойгоо дэлхий нийтэд хүргэх гэсэн хүчин чармайлтын нотолгоо.

Монгол Улсын идэвхтэй төв голч бодлого дэлхийн энх тайван, бүс нутгийн тогтвортой байдалд жижиг улс ч бодит хувь нэмэр оруулж чаддагийг харуулахын зэрэгцээ Монгол Улс байдаг л нэг далайд гарцгүй ‘landlocked’ орон биш, бүс нутгийнхаа интеграчлалд өргөн далайцтай, гүнзгий оролцсон ‘landlinked’ улс болох гадаад бодлогын томоохон зорилт болж хэрэгжих юм. Энэ зорилтыг хэрэгжүүлэх бодит ажлууд цаашид хэрхэн үе шаттайгаар өрнөж, ойрын үед ямар үр дүнд хүрэхийг ГХЯ-ны бодлого, өдөр тутмын үйл ажиллагаа, Б. Батцэцэг сайдын хувийн итгэл үнэмшил, дотоод улс төрийн алхамууд нь харуулах биз ээ.

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20