НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Орос улс нь АНУ болон Ираны хэлэлцээрийг зуучилж чадах уу?
АНАЛИЗ

Орос улс нь АНУ болон Ираны хэлэлцээрийг зуучилж чадах уу?

2 өдрийн өмнө
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

ОХУ-ын цөмийн салбарын туршлага, Тегерантай тогтоосон ойр дотно харилцаа болон өмнөх хэлэлцээрийн практик нь тус улсыг зуучлагчийн хувиар давуу талтай болгож магадгүй юм.

Al Jazeera (2026-10-22)

Энэ долоо хоногт ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Иран улсад айлчилж, тус улсын Ерөнхийлөгч Масуд Пезешкиан болон бусад албаны хүмүүстэй уулзав. Энэхүү айлчлал нь Пезешкиан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай 10 дугаар сарын 8 болон 9 дүгээр сарын 1-ний өдрүүдэд хийсэн хоёр удаагийн уулзалтын үргэлжлэл болон өрнөж байна.

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Москвагийн зүгээс цөмийн шинэ хэлэлцээрийн асуудлаар Вашингтон болон Тегераны хооронд зуучлах санал тавьсан гэж мэдээлжээ. Эдгээр хүчин чармайлт амжилтад хүрэх эсэхийг дүгнэхэд эрт байгаа ч Орос улсыг бусад орнуудаас илүү үр дүнтэй зуучлагч болгож болох хэд хэдэн хүчин зүйл бий.

Цөмийн томоохон гүрэн бөгөөд төрийн өмчит "Росатом" цөмийн энергийн корпораци нь дэлхийн иргэний цөмийн эрчим хүчний салбарт тэргүүлэгч тул Орос улс Ираны цөмийн хөтөлбөрийн бүх талын асуудлаар бүрэн чадамжтай юм.

Энэхүү хөтөлбөрт хандах Москвагийн ерөнхий байр суурь тодорхой байсаар ирсэн. ОХУ нь Иран улс дотооддоо цөмийн эрчим хүч үйлдвэрлэх эрмэлзлийг дэмждэг бөгөөд одоогоор Бушерын цөмийн цахилгаан станцын хоёр шинэ блокийг барьж байна. Гэвч Ираныг цөмийн зэвсэг бүтээх эсвэл олж авахыг эсэргүүцдэг. Тэр дундаа өөрийн хил орчмын бүс нутагт цөмийн зэвсэг дэлгэрэхийг хэрхэвч хүсэхгүй.

Түүнчлэн, Орос, Ираны хооронд удаан хугацаанд ээдрээтэй байсан харилцаа сүүлийн үед эрс сайжирсан. Хоёр орны итгэлцэл нэмэгдэх болсон нэг шалтгаан нь хоёулаа АНУ-ын зүгээс шахалт, дайралтад өртсөн явдал юм. Ираны хувьд шууд, харин Оросын хувьд прокси хэлбэрээр үүнд өртсөн билээ.

2022 онд Вашингтон "Орос улсад стратегийн ялагдал хүлээлгэх" зорилтыг нээлттэй тавьсан. Үүний дараа Иран улс Орост тусламж үзүүлж, "Шахед" дроны технологио шилжүүлэн өгсөн юм.

2025 оны эхээр хоёр улс Эдийн засаг, улс төр, цэргийн хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээг тодорхойлсон "Иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээ"-нд гарын үсэг зурсан. Оросууд гэрээнд харилцан цэргийн тусламж үзүүлэх заалт оруулах санал гаргасан ч Ираны тал татгалзсан гэдгийг тэмдэглэх нь зүйтэй.

Иймд 2025 оны 12 хоногийн дайн болон өнөөгийн зэвсэгт мөргөлдөөний үеэр Москва Тегераныг хамгаалж чадаагүй гэх шүүмжлэл нь үндэслэл муутай юм. Орос улс Ираны талд зогсож, тусламжийн хариугаа барьсан.

АНУ-ыг Ирантай цөмийн шинэ хэлэлцээрт хүрэхэд нь туслах нь Оросын ашиг сонирхолд бүрэн нийцнэ. Орос улс АНУ-Израилийн довтолгооны эсрэг Ираны гаргасан гайхалтай тэсвэр хатуужлыг үнэлж, түүнийг жинхэнэ ялагч гэж харж байгаа ч түншид нь учирсан хохирлын хэмжээ асар их байгааг ухамсарлаж байна. Орос улс энх тайван тогтсоноор Ираны нутгаар дамжин Энэтхэг хүрэх ложистикийн томоохон төсөл болох "Хойд-Урд олон улсын тээврийн коридор"-ын гацаа арилна гэж найдаж байгаа юм.

Мөн Москвагийн хувьд Арабын булангийн хаант улсуудыг чухал бөгөөд ашигтай холбоотон гэж үздэг тул Ираны зүгээс тэдний газар нутагт хийх хариу цохилтоос болж харилцаагаа эрсдэлд оруулахыг хүсэхгүй байна. Хормузын хоолой хаагдсаны улмаас газрын тосны үнэ өсөж, Орос улс санхүүгийн хувьд ашиг хүртсэн ч энэ нь богино хугацааны үр өгөөж юм. Тээврийн хориг, бүслэлт үргэлжлэх нь түүний ашиг сонирхолд нийцэхгүй.

Москва Ирантай зуучлах хүчтэй байр суурьтай байгаагийн өөр нэг шалтгаан нь Ираны цөмийн хөтөлбөрийг зохицуулах 2015 оны "Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөө"-нд гарын үсэг зурахад хүргэсэн найман талт хэлэлцээрийн гишүүн байсантай холбоотой.

Эдгээр наймаас АНУ гарсан бол Франц, Герман, Их Британи болон Европын Холбоо өөрсдийн гаргасан үйлдлүүдээсээ болоод Вашингтон болон Тегераны аль алинд нь нөлөөгөө алдсан.

Үүний улмаас АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хувьд харилцах боломжтой тал нь үндсэндээ Орос, Хятад хоёр л үлдэж байна. Орос улс аль хэдийн зуучлалын хүчин чармайлтаа эрчимжүүлээд эхэлсэн. Энэ сард Путин Ираны талаас гаргасан саналыг Трамп руу утсаар уламжилсан гэх мэдээлэл бий. Үүнтэй зэрэгцэн Трампын зүгээс анх удаа Киевт шахалт үзүүлж байгаа бөгөөд Украины дайныг эцэс болгох АНУ-ын дипломат үйл ажиллагаа ч идэвхжиж байна.

Энэ хооронд АНУ-ын Ерөнхийлөгч ирэх сард Шэньжэнь хотноо болох Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтын үеэр Путин болон Хятадын удирдагч Ши Жинпин нартай цөмийн зэвсгээс ангижрах асуудалд чиглэсэн гурван талт уулзалт хийх нь зүйтэй гэдгийг дурдсан.

Евразийн хямралууд, тухайлбал Украинаас эхлээд Иран, Тайвань хүртэлх асуудлууд нь өнөөгийн дэлхийн геополитик, цэргийн гол тоглогчид болох АНУ, Хятад, Оросыг хамарч байгаа тул хоорондоо салшгүй холбоотой гэдгийг санах хэрэгтэй.

Эдгээр гурван улсын удирдагчид түүхэндээ анх удаа гурван талт уулзалт хийх боломжийг хэлэлцэж байгаа нь зүгээр нэг шинжээчдийн ярих сэдэв төдий зүйл биш юм.

Энэ нь дэлхийн шинэ дэг журмын эхлэл биш байж болох ч дайн ба мөргөлдөөнийг дипломат аргаар тэнцвэржүүлэхэд чиглэсэн жижиг боловч урагшилсан алхам байж болох юм.

 
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Хорвоо галзуу ч амьдрал ганцхан!

Хорвоо галзуу ч амьдрал ганцхан!

Хорвоо галзуучуудаар дүүрэн юм шиг санагдах боллоо. Гэхдээ хэн нь үнэхээр ухаанаа алдсан, хэн нь энэ амьдралын учир утгыг өөрийнхөөрөө ойлгож явааг ялгахад улам бүр хэцүү юм. Заримдаа хамгийн эрүүл ухаантай мэт харагдах хүмүүс хамгийн утгагүй зүйлд амьдралаа зориулж, харин бусдын нүдэнд хачин этгээд санагдах нэгэн энэ ертөнцийн хамгийн энгийн үнэнийг чимээгүйхэн тээж явах нь бий. Хүн төрөлхтөн ухаантай болохын хэрээр амьдрал нь улам утга учиртай болно гэж итгэдэг байсан. Гэтэл хүн бүр өөрийнхөө зөв гэж батлахын төлөө улайран зүтгэж, бусдыг буруу гэж итгүүлэхийн тулд амьдралынхаа үнэт цагийг үрж, эцэст нь хэн нь ч хэнийгээ сонсохоо больсон энэ цаг үед ухаан гэдэг зүйл чухам юунд хэрэгтэй юм бол гэж бодогдоно.

Oct 21, 2026

АНУ-ын Дэд ерөнхийлөгч Вэнс: Нетаньяхуг дэмжихгүй

АНУ-ын Дэд ерөнхийлөгч Вэнс: Нетаньяхуг дэмжихгүй

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлал: Канцлер Фридрих Мерц болон Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлал: Канцлер Фридрих Мерц болон Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Их Британи улс Саудын Арабад сөнөөгч онгоцуудаа байршуулна

Их Британи улс Саудын Арабад сөнөөгч онгоцуудаа байршуулна