

Пүрэв гаригт дэлхий даяарх компаниуд болон засгийн газрууд өргөн хэрэглэгддэг PHP програмчлалын хэлний ноцтой алдаануудыг засах (нөхөөс суулгах) ажлыг яаравчлан гүйцэтгэж байна. Кибер аюулгүй байдлын нэгэн компани уг эмзэг байдал ил болсноос хойш сая сая хакердах оролдлого бүртгэгдсэн тухай мэдээлсэнтэй холбоотойгоор энэхүү арга хэмжээг авч байна.
Reuters (2026-10-22)
Үүнээс өмнө буюу Лхагва гаригт Европ болон бусад бүс нутгийн засгийн газрууд урьдчилан сэргийлэх үүднээс вэбсайтуудаа сүлжээнээс салгасан бөгөөд вэбсайт операторууд тухайн програмаар ажилладаг системүүдийнхээ аюулгүй байдлыг хангахын тулд цаг наргүй ажилласан юм.
Токиогоос Хельсинки хүртэлх банк, агаарын тээвэр, төмөр зам, татвар болон төрийн үйлчилгээнүүд яаралтай горимоор зогссон нь улсын болон хувийн хэвшлийн системүүд тус програм хангамжаас хэр их хамааралтай болохыг, мөн нэгэнт олон нийтэд ил болсон алдааг богино хугацаанд засах нь хэр хүндрэлтэй байдгийг харууллаа.
"Энэ бол мэдээллийн технологи болон аюулгүй байдлын салбарын бүх ажилтнуудын хувьд урт өдөр, урт шөнө байлаа... Би маш урт хугацаанд ийм зүйл олж хараагүй" гэж Microsoft компанийн Гүйцэтгэх захирал Сатя Наделла Пүрэв гаригт Германы Кёльн хотод болсон компанийн арга хэмжээний үеэр мэдэгдэв. Тэрбээр энэхүү үйл явдал нь аюулгүй байдлыг нь найдвартай хангах боломжтой дижитал системүүдийг бүтээх нь ямар чухал болохыг харууллаа гэдгийг онцолсон юм.
PHP хөгжүүлэгчид Лхагва гаригт уг програм хангамжид олон жилийн турш нуугдаж байсан, саяхан хиймэл оюун ухааны тусламжтайгаар илрүүлсэн эмзэг байдлыг засах яаралтай шинэчлэлтүүдийг гаргаж, хэрэглэгчдэд "яаралтай шинэчлэхийг" уриалсан байна.
"Уг алдаануудын нарийн мэдээлэл засах шинэчлэлт бэлэн болохоос өмнө олон нийтэд ил болсон бөгөөд үүнээс хойш халдлагууд бүртгэгдэж эхэлсэн" гэж Бельгийн кибер аюулгүй байдлын "Aikido Security" компанийн хамтран үүсгэн байгуулагч Маделин Лоуренс хэлэв. Тэрбээр үргэлжлүүлэн "Тиймээс компаниуд уг алдааг ашиглан халдлага үйлдэхдээ хиймэл оюун ухаан ашиглаж буй хакеруудаас түрүүлж шинэчлэлт хийхээр уралдаж байна. Хамгийн гол уралдаан үүнд л байна" гэлээ.
Компаниуд болон засгийн газрууд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, нөхөөс суулган, вэбсайтуудаа түр зогсоох зуур хакердах оролдлогын тоо сая саяар нэмэгдсэн тухай үүлэн технологийн "Cloudflare" компани мэдээлэв.
"Үүнийг олон нийтэд албан ёсоор зарлахаас 10 цагийн өмнө манай сүлжээгээр уг алдааг ашиглах гэсэн мянга мянган оролдлого ажиглагдсан. Энэ тоо зарласнаас хойш 45 минутын дотор арван мянга орчим болж, 2 цагийн дотор зуун мянга давж, одоо сая саяар тоологдож байна" гэж Cloudflare компанийн Гүйцэтгэх захирал Мэттью Принс Лхагва гаригийн орой X хуудсандаа нийтэлжээ.
ЯПОНООС ФИНЛАНД ХҮРТЭЛ

Японы брокерын "Nomura", банкны "Mitsubishi UFJ Financial Group", агаарын тээврийн "ANA" болон "East Japan Railway" төмөр замын компаниуд Пүрэв гаригт яаралтай арга хэмжээний хүрээнд зарим интернет үйлчилгээгээ түр зогсоож байгаагаа мэдэгдэв. Түүнчлэн даатгалын "Tokio Marine Holdings" компани өөрийн охин компанийн вэбсайтыг түр зогсоосон байна.
Японы Сангийн яам болон Цаг уурын агентлаг аюулгүй байдлыг хангах үүднээс онлайн үйлчилгээгээ хэсэгчлэн зогсоосон бол Үндэсний татварын агентлаг үйлчилгээгээ түр хугацаанд бүрэн зогсоожээ. Урьдчилан сэргийлэх үүднээс үйлчилгээгээ зогсоосон эдгээр алхмууд нь Японд кибер аюулгүй байдлын асуудал улам бүр түгшүүр төрүүлэх болсныг илтгэж байна. "TrendAI"-ийн мэдээллээр тус улсад энэ оны эхний есөн сард бүртгэгдсэн кибер халдлагын тоо өнгөрсөн бүтэн жилийнхээс давжээ.
Францын харилцаа холбооны "Orange" групп урьдчилан сэргийлэх зорилгоор хэд хэдэн охин компанийнхаа PHP системд суурилсан тодорхой вэбсайтууд болон аппликейшнуудын хандалтыг түр хязгаарласан гэж мэдэгдэв. Хятадын хамгийн том үүлэн тооцооллын үйлчилгээ үзүүлэгчдийн нэг болох "Tencent Cloud" нь хэрэглэгчиддээ PHP-ийн шинэчилсэн хувилбарыг суулгахыг уриалсан боловч вэбсайтуудыг нийтээр нь хаах шаардлага тавиагүй байна.
Финландын төрийн МТ-ийн үйлчилгээ үзүүлэгч "Valtori" компани шөнийн турш PHP аюулгүй байдлын нөхөөсүүдийг суулгасаар байсан бөгөөд өмнөх өдөр нь хаасан засгийн газрын олон нийтийн вэб үйлчилгээнүүдийн урьдчилан сэргийлэх блокуудыг үе шаттайгаар цуцалж эхэлжээ. "Үйлчилгээг бүрэн сэргээхэд хэдэн өдөр, магадгүй хэдэн долоо хоног ч шаардагдаж болно. Учир нь шинэчлэлт хийхээс гадна системүүдийг маш нарийн туршиж үзэх хэрэгтэй" гэж Valtori-ийн Ерөнхий захирал Ханну Науманен мэдэгдэлдээ дурджээ. Тус компаниас мэдээлснээр энэхүү тасалдал нь эмзэг байдлыг ашигласан халдлага эсвэл кибер зөрчлөөс болоогүй бөгөөд одоогоор уг алдааг ашиглаж хохирол учруулсан тохиолдол бүртгэгдээгүй байгаа гэжээ.
Пүрэв гаригт Азийн хэд хэдэн орны засгийн газраас PHP-ийн эмзэг байдалтай холбоотойгоор кибер аюулгүй байдлын шалгалт хийхийг үүрэг болгожээ. Хятадын Аж үйлдвэрийн яамнаас байгууллага, хэрэглэгчдийг системээ яаралтай шалгаж, PHP-ийн хамгийн сүүлийн үеийн аюулгүй хувилбар руу шинэчлэхийг уриалав. Мөн кибер аюулгүй байдлын хяналтыг чангаруулж, шаардлагатай тохиолдолд бүртгэл (аккаунт), нууц үг, түлхүүрүүдийг өөрчлөхийг зөвлөсөн байна.
Өмнөд Солонгос улс хакердах халдлагын эрсдэл нэмэгдэж байгаад санаа зовж буйгаа дурдаж, хувийн хэвшлийн кибер аюулгүй байдлын түгшүүрийн түвшинг ахиулж, яаралтай хариу арга хэмжээ авах механизмыг ажиллуулж эхэлжээ.

Гадаад мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.