
Энэхүү алхмыг хийхэд Оросын удирдагч Владимир Путин бараг ямар ч зардал гаргаагүй бөгөөд маш хямдхан аргаар тэрбээр Ерөнхийлөгч Трампын итгэл, талархлыг хүлээх болов.
The New York Times (2026-10-21)

Москва хотын шүүхээс ирүүлсэн, 2024 онд Стивен Жэймс Хаббардыг шүүх хуралд оролцож байх үеийн гэрэл зураг.
Трампын засаг захиргааны тусгай элч Стив Виткофф лхагва гаригт Санкт-Петербург хотноо В.Путиныг "хүмүүнлэгийн үйлстэн" гэж сайшааж, АНУ-ын Төрийн департаментын хилсээр ялласан гэж буруутгаж байсан, Оросын шоронд 4 жил гаруй хоригдсон америк эрийг сулласанд талархал илэрхийлэв.
Уг суллах ажиллагаа нь Ерөнхийлөгч Трампаас Оросын талд хандан 74 настай багш Стивен Жэймс Хаббардыг АНУ-д буцаах талаар уриалга гаргасны дараа өрнөжээ. Оросын тал ноён Хаббардыг Украины хөлсний цэрэг байсан гэж буруутгаж байсан юм.
Виткофф Путинд хандан "Та манай Ерөнхийлөгч Трампыг хүмүүнлэгийн үйлстэн гэж маш их ярьдаг. Эрхэм ээ, та ч гэсэн хүмүүнлэгийн үйлстэн бөгөөд би үүнийг гүнээ хүндэтгэж байна" гэж хэлжээ.
Арван мянга гаруй Украины цэрэг болон энгийн иргэдийн амь насыг авч одсон түрэмгийллийг эхлүүлсэн Оросын удирдагчийг Олон улсын эрүүгийн шүүхээс дайны гэмт хэрэгтэн хэмээн эрэн сурвалжилж байгаа билээ.
Виткоффийн энэхүү мэдэгдэл нь Санкт-Петербург хотноо болсон Украины дайныг эцэслэн шийдвэрлэхээр дэвшүүлсэн төлөвлөгөөний шинэ хувилбаруудыг хэлэлцэх уулзалтын эхэнд өрнөсөн юм.
Ноён Хаббардыг хоригдол солилцох замаар биш, харин Оросын талаас нэг талын шийдвэрээр сулласан бөгөөд энэ нь Путины хувьд Трампыг өөртөө татах цуврал амжилтуудыг гаргаад буй цаг үед таарч байна.
Сүүлийн хоёр долоо хоногт Трамп АНУ Оросоос дизель түлш худалдаж авах болон энэ онд нас барсан Украиныг тууштай дэмжигч сенаторын нэрээр нэрлэгдсэн "Линдси Грэмийн хууль"-ийн дагуу Орост тавих ёстой байсан хориг арга хэмжээний хэрэгжилтийг зогсоохоо зарласан юм. Мөн Трамп Украины талд хандан Путины гол өрсөлдөгч болох Ерөнхийлөгч В.Зеленскийг солихыг уриалсан билээ.
Эрүүдэн шүүгдэж, заримдаа өлсгөлөн байдалд орж, улсын шоронгийн энгийн хоригдлууд дунд хоригдож байсан Хаббардыг хүлээлгэн өгсөн нь Путины хувьд ямар ч зардал гаргаагүй алхам юм. Гэвч энэ үйлдэл нь Трамптай тогтоосон харилцааг нь улам бэхжүүлж байгаа бөгөөд Трамп дайныг зогсооход шаардлагатай харилцаа зөвхөн өөрт нь л байгаа хэмээн нотолж байгаа билээ.
Трамп Хаббардыг суллахыг эрмэлзэж байснаа урьдчилан мэдэгдэж, хоригдож байх үед буюу Мягмар гаригт сэтгэл зүйчидтэй энэ талаар ярьж байсан юм. Гэвч Трамп Путины засгийн газар Америкийн хоригдлуудыг өөрт давуу тал бий болгох зорилгоор барьцаалж байсан гэдгийг огт дурдаагүй байна.
Сүүлийн өдрүүдэд түүнийг засан хүмүүжүүлэх колониос шилжүүлж, суллахаар бэлтгэж байх үед Хаббардын Путинд үзүүлэх үнэ цэнэ өөрчлөгдсөн нь тодорхой болсон юм. Тэрбээр өдгөө Оросын удирдагчийн хувьд хэлэлцээрийн хэрэгсэл гэхээсээ илүү АНУ-ын Ерөнхийлөгчтэй тогтоосон шинэ харилцааны бэлгэдэл болж, илүү үнэ цэнэтэй суваг болжээ.
Хаббардын эрүүл мэндийн байдал маш сул байгаа. Трампын засаг захиргаа түүний хэргийн талаар мэдсэнээсээ хойш суллах асуудлыг нэн тэргүүний зорилт болгон шахаж байсан гэж Хаббардын хуульчид мэдэгдэв. Түүнийг оношилгоо, эмчилгээнд хамруулахаар Техас муж дахь Төрийн департаментын байгууламж руу онгоцоор тээвэрлэн хүргэх аж.

Мягмар гаригт ноён Трамп нь Хаббардыг суллах асуудлыг хөөцөлдөж байгаа гэдгээ урьдчилан олон нийтэд цухуйлгасан байна.
Путин Хаббардыг суллах шийдвэр гаргасан нь Трамп Оросын талыг удаа дараа дэмжиж, Украиныг шахан гадуурхсан 12 хоногийн үйл явдлын дараа өрнөж байна.
Украины талын мэдээлснээр АНУ тагнуулын мэдээлэл хуваалцахаа үе тасалж, хиймэл дагуулын интернет үйлчилгээ болох "Starlink"-ийн цэргийн хувилбар "Starshield"-д нэвтрэх эрхийг нь хязгаарлаж, Оросын баллистик пуужингийн эсрэг Украины цорын ганц хамгаалалт болох "Patriot" пуужингийн нийлүүлэлтийг зогсоосон байна.
Хаббардыг Оросын цэргүүд дайн эхэлсний дараахан Украины зүүн хэсгээс хүчээр баривчилж, Украины талд тулалдсан хэмээн буруутгасан юм. Оросын шүүхийн баримт бичигт түүнд "Самурай" болон "Нинжа" гэх нууц нэр өгч, голын гүүрний шалгах цэг дээр үүрэг гүйцэтгэж байсан гэж тэмдэглэжээ.
Гэвч энэ нь бодит байдалд нийцэх магадлал туйлын бага юм.
Мичиган мужийн уугуул Хаббард нь олон жилийн турш Японд англи хэл зааж, хүүгийнхээ амьдардаг Кипр рүү хэсэг хугацаанд шилжиж, улмаар Украин эмэгтэйтэй хамтран амьдрахаар Харьков хотын ойролцоох Изюм хотод суурьшсан байна. Тэрхүү харилцаа дуусгавар болсны дараа ч Хаббард Украинд үргэлжлүүлэн амьдрахаар шийджээ.
Оросын түрэмгийлэл эхлэхэд тэрбээр дөнгөж 70 нас хүрээд байв. Японд байгаа хүү нь түүнд анхаарал татахгүй, чимээгүй байхыг сануулсан боловч Хаббард дайн эхэлснийг бүрэн ойлгохгүй байсан нь тэдний хооронд солилцсон мессежүүдээс харагддаг байна. Тэдгээр мессежүүдэд Хаббардыг Украины зэвсэгт хүчинд нэгдсэн гэх ямар ч баримт байгаагүй юм. Тэрбээр хүүдээ бүх зүйл зүгээр байгааг хэлж, сүмд явсан зэрэг өдөр тутмын амьдралаа бичиж байжээ. Түүнд хүнс худалдаж авахад хүндрэлтэй байсан ч нэг удаа шим тэжээл авах зорилгоор түрс худалдаж авснаа бичсэн байна.
Оросууд түүнийг 2022 оны 4 дүгээр сард танилынх нь гэрээс баривчилсан гэж мэдэгджээ.

2022 онд Украины Изюм хотын дайнд сүйрсэн байшингууд. Оросын тал ноён Хаббардыг өөрийнх нь амьдарч байсан Изюм хот дахь нэгэн танилынх нь гэрээс баривчилсан гэж мэдэгджээ.
Хожим нь Хаббардтай хамт хоригдож байгаад суллагдсан Украины дайны олзлогдогсод The New York Times сонинд өгсөн ярилцлагадаа, түүнийг Америк хүн гэдэг шалтгаанаар тасралтгүй эрүүдэн шүүж, зодож, өдөржин босоо зогсоож, маш бага хүнс өгч, эрүүл мэндийн тусламж үзүүлэхгүй байсныг гэрчилсэн байна. Тэд Хаббардын амь насны төлөө маш их санаа зовж байснаа ярьжээ.
2024 оны 10-р сард Оросын шүүх Хаббардыг хөлсний цэрэг гэж үзэн, засан хүмүүжүүлэх колонид долоон жил хорих ял оноосон юм.
Оросын шоронд хоригдож буй бусад Америкчуудаас ялгаатай нь Хаббардыг энгийн хоригдлууд дунд байлгасан гэж түүний хуульчид хэлэв. Зарим хугацаанд гэр бүлийнхэн нь түүнийг хаана байгааг ч мэдэхгүй байсан бөгөөд АНУ-ын элчин сайдын яамныханд уулзах эрх олдохгүй байжээ.
Төрийн департамент Хаббардыг 2025 оны 1 дүгээр сард хууль бусаар баривчлагдсан иргэдийн ангилалд албан ёсоор оруулсан байна.
Үүнээс хойш удалгүй 2025 оны 2 дугаар сард Орост хоригдож байсан өөр нэгэн Америк иргэнийг суллахад чухал үүрэг гүйцэтгэсэн холбооны прокурор асан Мартин Де Лука Хаббардын хэрэг дээр ажиллаж эхэлжээ.
Өмнөх суллах ажиллагаанд Де Лукатай хамтран ажиллаж байсан Москвагийн "EPAM Law" хуулийн фирм Хаббардыг Оросын баруун өмнөд хэсгийн "шоронгийн нутаг" гэгддэг Мордовиа мужийн ИК-12 засан хүмүүжүүлэх колонид хоригдож байгааг олж тогтоожээ. Улмаар 2025 оны 5-р сард Хаббардад Кипр дэх хүү Жозеф Коулмантайгаа утсаар ярих зөвшөөрөл олгосон байна.
Грекийн үнэн алдартны шашны лам хүү Коулман нь 9 дүгээр сард Путинд хандаж урт захидал бичихдээ өөрийн үнэн алдартны шашны итгэл үнэмшлийг Оросын үнэн алдартны шашинтай ижил төсөөтэй болохыг дурдаж, эцгийг нь суллахыг хичээнгүйлэн гуйж байжээ.
Хуульч Де Лука "Түүнийг сулласанд бид маш их баяртай байгаа бөгөөд Ерөнхийлөгч Трампад талархаж байна. Үүнийг энх тайвны төлөөх хүнд хэцүү замд гарч буй жижиг ч гэсэн үр дүн хэмээн би тодорхойлно" гэлээ.

Гадаад мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.