НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Америкчуудын санамсаргүй алдаанаас болж дэлхийг өөрчилсөн 10 инноваци
АНАЛИЗ

Америкчуудын санамсаргүй алдаанаас болж дэлхийг өөрчилсөн 10 инноваци

2026 оны 4-р сарын 7
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

The Wall Street Journal

Бидний өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болсон өглөөний хоол, эмнэлгийн тоног төхөөрөмж, тэр байтугай хүүхэд насны дуртай амттан хүртэл анх "бүтэлгүйтэл" гэж нэрлэгдэж байсан түүхтэй. АНУ-ын түүх ч өөрөө ийм нэгэн том "бүтэлгүйтэл"-ээс эхэлсэн гэхэд хилсдэхгүй. Христофор Колумб Европоос Ази орох замыг хайж яваад "Шинэ ертөнц"-ийг нээсэн нь түүхэн дэх хамгийн алдартай “алдаа” байв.

Түүнээс хойш АНУ "азтайчуудын орон" гэдгээ олон удаа баталсан. Өмнөд Калифорнийн их сургуулийн профессор, "The Serendipity Mindset" номын зохиолч Кристиан Буш "Хүмүүс алдааг дэндүү дутуу үнэлдэг" гэж хэлсэн байдаг. Үүнийг хувь тавилан, аз, эсвэл зүгээр л тохиолдол... юу ч гэж нэрлэж болно. Хамгийн гол нь сүүлийн 250 жилийн турш зохион бүтээгчид өөрсдийн алдааг боломж болгон хувиргаж чадсанд л хамаг учир оршиж байна.

Ингээд дэлхийг өөрчилсөн 10 санамсаргүй инновацын түүхтэй танилцацгаая.

1. Cornflakes буюу эрдэнэ шишийн нэвс

19-р зууны сүүлээр Мичиган мужийн Батл-Крик хотын сувилал нь эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэгчдийн цуглардаг алдартай газар байв. Тус төвийн эмч Жон Харви Келлог болон түүний дүү В.К.Келлог нар өвчтөнүүддээ зориулан эрүүл, шим тэжээлтэй хоол хайж байлаа.

1894 онд ах дүү хоёр улаан буудайг хэрхэн зөв болгох талаар туршиж байгаад чанасан буудайгаа мартаж орхижээ. Буудайн ус ширгэж хатаж, муудсан мэт харагдаж байсан ч В.К.Келлог түүнийг элдэгч машинд оруулж үзтэл буудайн ширхэг нь нимгэн хавтгай хэлбэртэй хайрс шиг болсон байна. Түүнийг нь шарахад маш амттай, шаржигнасан бүтээгдэхүүн болжээ. Хожим нь тэд энэ аргаа эрдэнэ шишийн үрэнд туршсан нь өнөөдрийн бидний мэдэх өглөөний хоолыг бий болгосон юм.

2. Суулгац хэлбэрийн зүрхний аппарат (Pacemaker)

Уилсон Грэйтбатч бол анагаахын сургууль төгсөөгүй ч сая сая хүний амийг аварсан инженер юм. 1950-иад оны сүүлээр тэрээр зүрхний цохилтын чимээг бүртгэх төхөөрөмж хийж байхдаа санамсаргүйгээр буруу эсэргүүцэл (resistor) ашиглачихжээ. Гэтэл тэрхүү хэлхээ нь зүрхний цохилттой яг ижил тогтмол хэмнэлээр цахилгаан цохилт өгч эхлэв.

Тэрээр "Би энэ зүйлийг гайхан ширтэж байгаад, зүрхийг цохилуулахад яг ийм л зүйл хэрэгтэйг ойлгосон" гэж дурссан байдаг. Тухайн үед зүрхний аппарат байсан ч маш том, гараар эргүүлдэг нүсэр эд байв. Харин түүний энэ "алдаа" зүрхний аппаратыг хүний биед суулгах боломжтой жижиг хэмжээтэй болгох эхлэлийг тавьж, 1960 онд анх хүний биед суулгах мэс засал амжилттай болжээ.

3. Бичил долгионы зуух (Microwave)

Дэлхийн 2-р дайны дараахан "Raytheon" компанийн инженер Перси Спенсер магнетрон (радарт ашигладаг төхөөрөмж) дээр ажиллаж байв. Тэрээр төхөөрөмжид ойртох үед халаасанд нь байсан чихэр хайлж байгааг анзаарчээ. Энэ нь цахилгаан соронзон долгион хоолыг маш хурдан халааж чадахыг түүнд ойлгуулсан юм.

Тэрээр эхлээд эрдэнэ шиш, дараа нь өндөг гээд олон зүйл туршиж үзэв. Анхны загварууд нь том хэмжээтэй, мөн хэтэрхий үнэтэй байсан ч 1967 он гэхэд жирийн эзэгтэйн гал тогооны тавцан дээр тавих боломжтой, 500 доллараас хямд үнэтэй загвар худалдаанд гарсан юм. Өнөөдөр Америкийн өрх бүр дор хаяж нэг бичил долгионы зуухтай гэсэн статистик байдаг.

4. Bubble Wrap буюу Хийтэй гялгар уут

1957 онд Альфред Филдинг, Марк Чаваннес нар хээтэй, шинэлэг ханын цаас хийхээр оролдож байлаа. Тэд хоёр хуванцар хальсыг хооронд нь наах үед дунд нь агаарын бөмбөлгүүд хавчуулагдан үлджээ. Хэдийгээр "хөөсөн ханын цаас" амжилт олоогүй ч, тэд энэ нь илгээмж, ачаа тээвэрлэхэд маш сайн хамгаалалт болохыг олж харсан юм. Өнөөдөр энэхүү бүтээгдэхүүн нь дэлхийн логистикийн салшгүй хэсэг болсон төдийгүй, хүмүүсийн стресс тайлах дуртай "тоглоом" болжээ.

5. Резин vulcanization (Хатуужуулсан резин)

19-р зууны эхээр байгалийн резин нь ус нэвтрүүлдэггүй, уян хатан чанараараа алдартай байсан ч нэг том сул талтай байв. Хүйтэнд хэврэг болж хугардаг, халуунд наалдамхай болж хайлдаг байлаа. Чарльз Гудьер үүнийг засахаар олон жил оролдсон юм.

1839 онд тэрээр хүхрээр боловсруулсан резинээ санамсаргүйгээр халуун зуухан дээр унагачихжээ. Гэтэл резин хайлж урсахын оронд илүү бат бөх, халуун хүйтэнд тэсвэртэй, уян хатан хэвээрээ үлдсэн байна. Энэхүү технологи нь авто машины дугуйнаас эхлээд сансрын хөлөг хүртэлх бүх зүйлд резин ашиглах боломжийг нээсэн билээ.

6. Popsicle буюу Модон иштэй зайрмаг

Энэхүү инновацыг ердөө 11 настай хүү Фрэнк Эпперсон 1905 онд нээжээ. Тэрээр гадаа тоглож байхдаа аягатай хийжүүлсэн ундаандаа хутгуураа орхиод явчихжээ. Тэр шөнө гадаа маш хүйтэн байсан тул өглөө нь ундаа хөлдөж, хутгуураа бариад идэхэд бэлэн "мөсөн чихэр" болон хувирсан байв. Тэрээр үүнийг "Epsicle" гэж нэрлэн патент авч, хожим нь хүүхдүүдийнхээ зөвлөснөөр "Popsicle" гэж нэрлэсэн нь өнөөдрийн дэлхийн хамгийн алдартай амттаны нэг болсон юм.

7. Saran Wrap буюу Хүнсний “скоч”

1933 онд химийн чиглэлээр ажилладаг оюутан Ральф Вили лабораторид химийн бодис туршиж байтал шилэн савны ёроолд маш наалдамхай, юунд ч дийлдэхгүй цагаан бүрхүүл тогтжээ. Тэр нь ус, агаар нэвтрүүлдэггүй, маш нягт молекултай эд байв. Дэлхийн 2-р дайны үед арми үүнийг цэргийн тоног төхөөрөмжийг чийгнээс хамгаалахад ашиглаж байсан бол, дайны дараа гал тогооны хамгийн хэрэгцээтэй зүйл болон хувирчээ.

8. Сахарин (Saccharin)

1879 онд химич Константин Фальберг лабораторидоо хэт автан ажиллаж байгаад гараа угаалгүй шууд оройн хоолоо идэхээр суужээ. Тэрээр талх идэх үед маш чихэрлэг амт мэдрэгдэв. Энэ нь түүний ажиллаж байсан нүүрсний давирхайн нэгдлээс үүдэлтэй байсан юм. Тэрээр лаборатори руугаа гүйж очин, бүх савтай бодисоо амталж үзсээр (аюултай үйлдэл!) сахарыг орлох анхны чихэр орлуулагчийг нээсэн түүхтэй. Сахарин нь ялангуяа Дэлхийн 1-р дайны үеийн элсэн чихрийн хомсдолын үеийн аврагч болсон юм.

9. Scotchgard (Толбоноос хамгаалагч)

3M (Minnesota Mining and Manufacturing) компанийн химич Пэтси Шерман нисэх хүчний онгоцны түлшинд тэсвэртэй резин гаргаж авахаар ажиллаж байв. 1953 онд түүний туслах Жоан Муллин санамсаргүйгээр туршилтын бодисоо өөрийн теннисний гутал дээрээ асгачихжээ. Гутлыг нь юугаар ч угаагаад, ямар ч уусгагч ашиглаад тэр толбо арилаагүй төдийгүй гутлын тэр хэсэгт ус болон бохирдол огт наалдахгүй байгааг Шерман анзаарав. Энэ нь өнөөдрийн хувцас, хивс хамгаалагч "Scotchgard" бүтээгдэхүүний эхлэл байлаа.

10. Post-it Notes буюу Наалддаг тэмдэглэлийн цаас

1968 онд 3M-ийн эрдэмтэн Спенсер Силвер онгоцны үйлдвэрлэлд зориулсан маш хүчтэй цавуу хийх даалгавар авсан ч эсрэгээрээ маш сул, амархан салчихдаг, мөр үлдээдэггүй цавуу гаргаж авчээ. Хэдэн жилийн дараа түүний хамтрагч Арт Фрай сүмийн найрал дууны номондоо хавчуулсан цаас нь тогтохгүй унаад байгаад цухалдаж, Силверийн "сул цавуу"-г ашиглахаар шийджээ. Ингээд л дэлхийн бүх албан тасалгаанд байдаг шар цаас бий болсон юм. Тэр нь шар өнгөтэй байдаг нь ч бас санамсаргүй хэрэг бөгөөд зүгээр л хажуугийн лабораторид нь илүүдэл шар цаас байсантай холбоотой гэнэ.

Эдгээр түүх бидэнд нэг л зүйлийг сануулдаг. Алдаа бол төгсгөл биш, харин шинэ боломжийн эхлэл юм. Хэрэв таны төлөвлөгөө бүтэхгүй, эсвэл ямар нэг зүйл буруугаар эргэвэл магадгүй та дэлхийг өөрчлөх дараагийн агуу нээлтийн ирмэг дээр зогсож байж болох юм. Хамгийн гол нь санамсаргүй тохиолдлыг анзаарах сонор соргог мэдрэмж л хэрэгтэй.

 

 
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20