2025 оны 12-р сарын 31
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 15
2026 оны 1-р сарын 2
2026 оны 2-р сарын 5
2026 оны 1-р сарын 16
2025 оны 12-р сарын 23
2025 оны 12-р сарын 24
2026 оны 1-р сарын 20
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 16
2026 оны 1-р сарын 6
2026 оны 1-р сарын 15
2026 оны 1-р сарын 15
2026 оны 2-р сарын 3

Хөмсөг зангидан доош ширтээд, хурдан хурдан алхах хүмүүстэй хамт Улаанбаатарын машины дуу чимээ хослон эгшиглэх шиг... Тэдэн дунд би ч уусан, автобус хүлээн зогсохдоо халтайсан хэрнээ сэргэлэн байрын алаг муур сандал дээр гөлрөн хэвтэж, хөлөө сунган нарны гэрлээр биеэ ээж байхыг харлаа. Түүний том алаг нүд, булцайсан хацар, бяцхан сарвуу нь дэндүү өхөөрдөм санагдаж тэр дороо л хайр бялхан зогсоход яарсан, түгшсэн мэдрэмж түр амсхийх шиг болж, их хотын хөл хөдөлгөөнөөс тусгаарлагдсан мэт тайван орчин намайг нөмрөөд авсан юм.
Хүмүүс өдөр тутмын стресс, ажил төрөлдөө яарсаар байхдаа эдгээр жижиг өхөөрдөм хөөрхөн гэхээр агшнуудыг анзаарах сөхөө байдаггүй. Гэтэл яг ийм жижиг зүйлс л бидний сэтгэл болоод оюун бодлыг амрааж, стрессийг багасгадаг байна.
Сэтгэл судлаачдын хэлснээр, хүн ямар нэг “эгдүүтэй, хөөрхөн” юмс хармагц тархинд допамин, окситоцин гэх хоёр даавар ялгардаг. Энэ нь аз жаргалын болон хайрын даавар гэж нэрлэгддэг бөгөөд хүнийг илүү тайвшруулж, хамгаалах, халамжлах мэдрэмж төрүүлдэг юмсанж. Австрийн этологич Конрад Лоренцийн “baby schema” онолын дагуу хүүхэд болон амьтдын том алаг нүд, булцгар хацар, жижигхэн гар хөл нь хүний тархинд хамгаалах дохио илгээдэг гэнэ. Тиймээс бид нярай хүүхэд, амьтдын үр төл, жижиг сувинэр зэргийг хараад өөрийн эрхгүй инээмсэглэдэг. Иймд энэ онолын дагуу бидэн дунд хэн нь ч анзаараагүй хэр нь амьтан тэжээх, жижигхэн авсаархан зүйлсэд анхаарал хандуулах нь ихэсч байгааг харах боломжтой.
Нийгмийн сүлжээнд гэхэд хамгийн их дагагчтай хуудсуудын нэг бол амьтдын хөөрхөн бичлэг, зурагтай аккаунтууд болсон. “Номио ба бацаан” хэмээх фэйсбүүк пэйж зуун мянган дагагчтай ба манай их сургуулийн албан ёсны пейжээс гурав дахин их дагагчтай ажээ. Мөн фейсбүүк дээр МУУР СОНИРХОГЧДЫН ГРУПП нь цэнгэлдэхийг 16 удаа дүүргэхээр их гишүүдтэй. Бүр 16 шүү. Энэ нь юуг харуулж байна вэ гэвэл хүмүүст эдгээр эгдүүтэй зүйлс таалагддаг хайр нь хүрдэг болсон. Эдгээр амьтдын дэггүй үйл хөдлөл, эзэнтэйгээ харилцах, тоглох агшнуудыг харахад хүмүүсийн стресс буурч, сэтгэл санаа нь сайжирдаг гэдгийг судалгаагаар тогтоосон байдаг. 2022 онд Японд хийсэн судалгаагаар “хөөрхөн амьтдын бичлэг үзэхэд хүмүүсийн анхаарал төвлөрөл 44%-иар, эерэг сэтгэл хөдлөл 30%-иар нэмэгддэг” гэжээ.
Үүгээр зогсохгүй “Хөөрхөн” зүйлс олон улсад гол сэдэв болоод байгаа талтай. Жишээлбэл, “Labubu” гэх жижигхэн оосортой чихмэл сая гэхэд л дэлхий даяар газар авлаа л даа. Холливүүдийн одуудаас авахуулаад хүн бүр авахыг зорьж, хүүхэд бүрийн мөрөөсөл болж чадсан бамбарууш юм. Гэтэл энэ чихмэлийн хамгийн доод үнэ нь 50 доллараас эхлэх ба саяхан Хятадад гэхэд 131 cm өндөртэй нь 150’000 ам доллар буюу монголчуудын дундаж цалингаар тооцвол нийт 18 жил нэг ч төгрөг үрэлгүйгээр гүрийж, энэ олон татвараас хүртэл мултарч чадвал та өөрийн болгох боломжтой ажээ. Үүнээс харахад эдгээр эгдүүтэй юмсад хүмүүс хөрөнгө мөнгөө харамлахаа больсон нь хөөрхөн гэх зүйлс хүмүүсийг татах болсон гэж ойлгоход болно. Магадгүй ухаалаг бизнесийн санаа шүү.
Иймд хөөрхөн зүйлсийг зөв бас ухаалгаар ашигласнаар амьдралын олон салбарт эерэг өөрчлөлт хийх боломжтой. Боловсролд гэвэл сургалтын орчинг хүүхдийн анхаарал, сонирхлыг татах, бүтээлч сэтгэлгээг өдөөх энгийн хэрнээ үр дүнтэй арга болж болно. Эрүүл мэндийн салбарт гэвэл эмнэлэг, сувиллын орчныг дулаан, өвчтөнд тайвшрал авчирсан, итгэл төрүүлэх орчин болгох боломжтой. Бизнес, аялал жуулчлал брэнд, бүтээгдэхүүнээ илүү эерэг, ойр дотно харагдуулахын тулд хөөрхөн дүрс, өнгө, амьтны дүрсийг ухаалгаар ашиглах боломжтой.
Хөөрхөн” гэх ойлголт дэлхий дахинд нийтлэг боловч өөр өөрийн өнгө аястай. Японд “кавай” гэх соёл бий. Энэ нь жижиг, өхөөрдөм зүйлсийг онцгойлон шүтэх хэмжээнд хүрсэн бөгөөд дэлхийд томоохон соёлын урсгал юм. Жишээлбэл, ‘hello kitty’ ‘sanrio’ ‘pikachu’ ‘pokemon’ гэх мэт дүрүүдийн тоглоом, чихмэл, чимэглэлүүдтэй жижиг лангуунаас авахуулаад Япондоо өөрсдийн гэсэн томоохон худалдааны төвтэй ажээ. Энд өдөр бүр ойролцоогоор 4’000-5‘000 жуулчид, үйлчлүүлэгчид эргэлддэг.
Тэгвэл Монголд ч мөн адил. Онлайн дэлгүүр өсч олшрох болсон одоо үед дэлгүүрүүдийн ихэвчлэн зардаг бүтээгдэхүүн нь хэмжээгээр жижиг, эгдүүтэй хөөрхөн үзэмжтэй юмсыг их худалдаалах болж. Жишээ нь, “meowie.giftshop“ гэх дэлгүүр инстаграм дээр 11’500 дагагчтай бөгөөд бүх бүтээгдэхүүн нь муурны зурагтай аяга, бээлий, хавчаар, үзэг гэх мэт зүйлс. Тэдгээр нь муурны зурагтай учир энгийн бүтээгдэхүүнүүдээс 2 дахин үнэтэй. Гэхдээ хэдий 2,3 дахин үнэтэй байлаа ч би лав муурын зурагтай ягаан аягыг сонгоно оо.

Sanrio Puroland гэх токёо дахь их дэлгүүр

Монгол дахь онлайн шопийн худалдаалж буй бүтээгдэхүүнүүд
Эцэст нь өнөө үед хотын амьдралд түгжрэл, стресс, яарсан хэмнэл давамгайлсаар л... Заримдаа бид бүгдэд ядарч туйлдах, уур бухимдалдаа багтрах, ганцаардах үе бишгүй тохионо. Гэхдээ яг тэдгээр үед архи, тамхи аль эсвэл гар утас тань хэрэггүй. Зүгээр л маш энгийн бөгөөд танд нөлөөлж чадах юм бол ямарваа нэг хөөрхөн зүйлс. Эдгээр нь бидэнд амсхийх завсарлага өгч, стрессийг бууруулж, одоод төвлөрүүлж чадах юм шүү. Ажлын дараа гэртээ харих замд гудамжинд муур нойрмоглон хэвтэж байгаа нь, аль эсвэл оффисын ширээн дээрх жижиг савтай шинэхэн ургамал нахиалах гэх мэт өдөр тутмын амьдралдаа иймхэн жижиг зүйлсийг анзаарах, өхөөрдөх дадлыг хөгжүүлэх нь хувь хүний төдийгүй бүхэл бүтэн нийгмийн сэтгэлзүйн дархлааг дэмжинэ. Иймд та ажил хичээлийнхээ завсраар муур нохойн бичлэг үзэж өөрт завсарлага өгөх эсвэл жижигхэн стресс тайлагч чихмэл аваарай хэмээн зөвлөе.
Хүмүүнлэгийн ухааны Их сургуулийн
2-р дамжааны оюутан Ч.Амирлин

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2025 оны 12-р сарын 31
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 15
2026 оны 1-р сарын 2
2026 оны 2-р сарын 5
2026 оны 1-р сарын 16
2025 оны 12-р сарын 23
2025 оны 12-р сарын 24
2026 оны 1-р сарын 20
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 16
2026 оны 1-р сарын 6
2026 оны 1-р сарын 15
2026 оны 1-р сарын 15
2026 оны 2-р сарын 3