2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 11
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 17
2026 оны 5-р сарын 14
2026 оны 5-р сарын 15
2026 оны 5-р сарын 15
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 18
2026 оны 5-р сарын 12
2026 оны 5-р сарын 18
2026 оны 5-р сарын 14
2026 оны 5-р сарын 14


Дэлхий даяар 2025 онд 2707 хүн цаазын ялаар шийтгүүлсэн нь 1981 оноос хойшхи хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. Ганцхан жилийн дотор цаазын ялаар шийтгүүлсэн хүний тоо 78 хувиар өссөн нь олон улсын анхаарлыг энэ сэдэвт хандуулав.
“Эмнести Интернэшнл” олон улсын байгууллагын шинжээчид цаазын ял оноох шийтгэл огцом өссөнийг хоёр янзаар тайлбарлажээ.
Нэгт, танадалтаар хэд хэдэн улс орны удирдагч “гэмт хэрэгтэй хатуу тэмцэх” нэрийдлээр энэхүү хэрцгий шийтгэлийг улс төрийн оноо цуглуулах, төрийн эрх мэдлээр далайлган олон нийтийг айдаст автуулах, популист хэрэгсэл болгон ашиглаж эхэлсэн байна. Хоёрт, дэлхий нийтээрээ хар тамхины эсрэг тэмцэл хийж байгааг илтэд туйлшруулсан гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, олон улсад хар тамхины хэрэгт хатуу шийтгэл ногдуулах хандлага сэргэсэн нь цаазын ялаар шийтгүүлсэн хүмүүсийн тоог нэмжээ. Нийт цаазын ял авсан хүмүүсийн 46 хувь нь хар тамхины хэрэгтэн, ялыг Хятад, Иран, Кувейт, Саудын Араб, Сингапур зэрэг 5 оронд голчлон гүйцэтгэсэн статистик гарсан байна.
Гэхдээ 2700 гэдэг ил мэдээлсэн тоо. БНХАУ, Вьетнам зэрэг орон цаазын ялын тоо, баримтыг төрийн нууцад хамааруулдаг. Хятадад жил бүр мянга, мянган хүнийг цаазаар авдаг гэж үздэг. Мөн Беларусь, Лаос, Хойд Солонгос зэрэг хаалттай дэглэмтэй орнууд ч мэдээллээ нууцалдаг.
“Эмнести Интернэшнл” нь ямар ч тохиолдолд цаазын ял оноохыг тууштай эсэргүүцдэг.
Өнөөдрийн байдлаар дэлхийн 200 гаруй орноос 113 нь цаазаар авах ялыг хуулиасаа бүрмөсөн хассан байна.
ПОПУЛИСТУУДЫН АМАНД БАГТДАГ СЭДЭВ БИШ
Манай Улсын хувьд 2010 оноос цаазын ял гүйцэтгэхийг зогсоож, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн санаачлагаар Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын хоёрдугаар протколд нэгдсэн. Улмаар Эрүүгийн хуулийг 2015 онд шинэчлэн баталснаар цаазын ялыг халсан 105 дахь улс болсон. Энэ бол хүнлэг эрхзүйт нийгмийн төлөөх том алхам гэж дэлхий нийтээр үнэлдэг.
Гэвч өнгөрсөн 10 жилийн хугацаанд улстөрчид олон нийтийн бухимдал, сэтгэлзүй дээр үе үе тоглолт хийж, цаазын ялыг сэргээх тухай популист санаачилга гаргасаар байна. Тухайлбал, 2017 онд Х.Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдсон даруйдаа “цаазаар авах ялыг сэргээх ажлын хэсэг байгуулсан”. ХЗДХ-ийн яам тухайн үед “Цаазаар авах ялыг сэргээхийн тулд манай улстай хамт энэ шийдвэрт хүрсэн НҮБ-д бүртгэлтэй 53 орноос нэг бүрчлэн уулзаж, зөвшөөрөл авах шаардлагатай” гэдгийг сануулан, олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээс ухрах боломжгүй анхааруулж байв.
Гэтэл, 2025 оны намрын чуулганаар УИХ-ын гишүүн М.Нарантуяа Нара, Л.Мөнхбаясгалан нараас цаазын ялыг сэргээх эсэх асуудлыг судлах ажлын хэсэг байгуулах санал гаргасныг хуульч гишүүдийн зүгээс эрс няцаасан. Цаазын ял бол хэн нэгэн нийтэд таалагдах гэж нийгмийн сэтгэлзүйн хөдлөлөөр далимдуулж сөхдөг сэдэв биш гэдгийг тэдэнд анхааруулсан юм.
ЗАСЧ БОЛОХГҮЙ АЛДАА
Хуульчид цаазыг ялыг “давж болохгүй улаан шугам” гэдэг. Учир нь, олон аймшигт алдаа бодит баримт болон хадгалагдсаар байна.
Монголын шүүх гэм буруугүй хүнд цаазын ял оноож гүйцэтгэсэн харамсалтай тохиолдол байдаг тухай хуульч, өмгөөлөгч, шүүгч Л.Нинжбат тэмдэглэсэн байдаг аж. Үндсэн хуулийн цэцийн гишүүн О.Мөнхсайхан “ Эрүүгийн хэрэгт алдаатай шийдвэр гарах магадлал 20-30 хувь байдаг гэх судалгаа бий. Эрхзүйт тогтолцоо өндөр хөгжсөн АНУ, Япон зэрэг оронд ч ийм аймшигт алдаа гардаг” гэж сануулсан. Хэрвээ хууль, шүүхийн явцад алдаа гаргаж, иргэнийг шоронд хорьсон бол суллаж болно. Гэтэл амь насыг нь хөнөөсөн тохиолдолд...
Хуульчид олон баримтаар цаазаар авах ял нь онц хүнд гэмт хэргийн тоог бууруулдаггүй гэж баталдаг. Гэмт хэрэгтэн хэрэг үйлдэхдээ баригдахгүйг л хичээдэг болохоос ялын хэмжээг тооцоолдоггүй гэж үздэг.
Тэгэхээр Монгол Улс нэгэнт сонгосон ардчилсан хүмүүнлэг, хүний эрхийг дээдэлсэн замаасаа ухрах эрхгүй. Цаазын ял бол дахиж хэзээ ч сөхөж, хэлэлцэж болохгүй хаагаад мартах зүйл. Монгол Улс цаазын ялыг халснаа дэлхий дахинд зарласан нь тусгаар тогтнол, хүний эрхийн дархлаа болсон байдаг.

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 11
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 17
2026 оны 5-р сарын 14
2026 оны 5-р сарын 15
2026 оны 5-р сарын 15
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 18
2026 оны 5-р сарын 12
2026 оны 5-р сарын 18
2026 оны 5-р сарын 14
2026 оны 5-р сарын 14