

Гудамжинд хэн нэгэн асаасан тамхиа хэд сороод, дуусгалгүй хаяжээ. Яагаад дуусгаагүйг нь мэдэхгүй. Яарсан байж болно. Хэн нэгэнтэй таарсан ч байж мэднэ. Эсвэл татах хүсэл нь гэнэт алга болсон байх. Ямар ч байсан тэр тамхийг асаахдаа дуусгалгүй хаяна гэж бодоогүй л болов уу.
Хүний амьдралд ийм зүйл олон тохиолддог. Бид аливаа зүйлийг эхлэхдээ ихэвчлэн дуусгана гэж боддог. Хүнтэй танилцахдаа нэг өдөр танихгүй хүн шиг зөрнө гэж төсөөлдөггүй. Ажилд орохдоо хэзээ гарах тухай боддоггүй. Хүсэл мөрөөдөлдөө автахдаа замын дундаас буцах шалтгаан гарч ирнэ гэдгийг тооцдоггүй. Гэвч амьдрал бидний анх бодсоноор үргэлж өрнөдөггүй.
Заримдаа бид өөрсдөө эхлүүлсэн зүйлээ орхидог. Заримдаа нөхцөл байдал орхиход хүргэдэг. Харин энэ хоёрын ялгааг гаднаас нь хараад мэдэх амаргүй. Нэг хүний хувьд бүтэлгүйтэл мэт харагдах зүйл нөгөө хүний хувьд өөрийгөө аварсан шийдвэр байж болно. Олон жил хийсэн ажлаа орхисон хүнийг туйлбаргүй гэж дүгнэх амархан. Гэвч тэр хүн хэдэн жил тэвчсэн, юу алдсан, юуны төлөө үлдэж ирснийг бид мэдэхгүй. Үргэлжлүүлэх нь зөв байсан уу, зогсох нь зөв байсан уу гэдгийг заримдаа тухайн хүн өөрөө ч олон жилийн дараа л ойлгодог.
Бидний нийгэмд эхлүүлсэн бүхнээ заавал дуусгах ёстой гэсэн ойлголт нэлээд хүчтэй байдаг. Нэг сонгосон мэргэжлээрээ насан туршдаа ажиллах, нэг гаргасан шийдвэрээсээ буцахгүй байх, нэгэнт эхэлсэн харилцаагаа ямар ч үнээр хамаагүй хадгалахыг тууштай зан гэж үзэх нь бий. Тууштай байдал үнэхээр хэрэгтэй чанар. Гэхдээ тууштай байна гэдэг нь буруу зүйлээ мэдсээр байж үргэлжлүүлэхийн нэр биш. Хүн өөрчлөгдөж болно. Өчигдөр зөв санагдсан зүйл өнөөдөр утгагүй болж болно. Нэгэн цагт хүсэж байсан амьдралдаа хүрээд, үнэндээ өөр зүйл хүсдэг байснаа ойлгож ч болно.
Нөгөө талаар бид аливааг хэтэрхий амархан орхидог болсон юм шиг санагдах үе ч бий. Харилцаанд багахан үл ойлголцол гарахад холдож, ажилд бэрхшээл тулгарахад өөр газар хайж, нэг зүйл бүтэлгүйтвэл дараагийнхыг эхлүүлдэг. Тэвчээр хэрэгтэй газар тэвчдэггүй хэрнээ, явах хэрэгтэй газраасаа явж чаддаггүй. Магадгүй бидний хамгийн хэцүү шийдвэр эхлэх эсэхдээ ч биш, харин хэзээ үргэлжлүүлж, хэзээ зогсохоо мэдэхэд байдаг байх.
Дутуу үлдсэн зүйл болгон харамсал төрүүлдэггүй. Заримыг нь эргээд бодоход дуусгаагүй нь дээр байж гэж санагдана. Харин зарим зүйл олон жилийн дараа ч сэтгэлд үлддэг. Хэлэх гэж байгаад хэлээгүй үг, уулзах гэж байгаад уулзаагүй хүн, очихоор төлөвлөсөн ч очоогүй газар, эхний хэдэн хуудсыг нь бичээд орхисон ном гээд хүний амьдралд дуусаагүй зүйлсийн урт жагсаалт бий. Тэдгээрийн зарим нь мартагддаг бол зарим нь санаанд оромгүй үед эргэн санагдана.
Нас ахих тусам хүн хийсэн зүйлээсээ илүү хийгээгүй зүйлээ боддог болдог ч юм шиг. Тухайн үед боломжгүй мэт санагдсан зүйл үнэндээ тийм ч боломжгүй байгаагүйг хожим ойлгоно. Нэг удаа уучлалт гуйчихсан бол, нэг удаа зориг гаргаад хэлчихсэн бол, нэг удаа очоод уулзчихсан бол амьдрал арай өөрөөр үргэлжилж болох байжээ гэж бодогдоно. Гэвч өнгөрсөн цагийг буцаах боломжгүй учраас хүн тэр бүхнийг өөрийнхөө дотор л үргэлжлүүлж амьдардаг.
Хамгийн сонин нь бид өөрсдийнхөө амьдралыг ч үргэлж бүрэн ойлгож чаддаггүй. Өнөөдөр маш чухал санагдаж байгаа зүйл маргааш өчүүхэн болж, өнөөдөр анзаараагүй өнгөрүүлсэн нэгэн мөч олон жилийн дараа хамгийн үнэ цэнтэй дурсамж болж хувирна. Амьдралын үнэ цэнийг тухайн үед нь хэмжихэд хэцүү. Заримдаа бид чухал зүйлээ алдсан хойноо л чухал байсныг нь мэддэг.
Гудамжинд хэвтэх тэр дутуу тамхийг хараад эзэн нь эргэж ирэх болов уу гэж бодлоо. Мэдээж ирэхгүй. Хэдхэн минутын өмнө хурууных нь завсар байсан зүйл одоо түүнд ямар ч хэрэггүй болжээ. Хүн ер нь хэрэгтэй гэж бодож явсан зүйлээсээ ингэж амархан салж чаддаг атлаа хэрэггүй болсныг нь мэдсээр байж зарим дурсамж, зарим гомдол, зарим харамслаасаа салж чаддаггүй.
Ингээд бодоход хүний амьдралд заавал дуусгах ёстой зүйл гэж байдаг шиг дуусгалгүй орхих хэрэгтэй зүйл ч байдаг ажээ. Гагцхүү аль нь болохыг цаг тухайд нь ялгаж мэдэх л хэцүү.
Дутуу татсан тамхи хогийн савны дэргэд хэвээрээ байлаа. Хүмүүс хажуугаар нь зөрж, машинууд өнгөрч, гудамжны хөдөлгөөн үргэлжилнэ. Тэр тамхийг хэн ч анзаарахгүй. Харин би хэсэг зуур зогсож, өөрийнхөө амьдралд дуусгалгүй орхисон зүйлсийг бодов.
Заримыг нь орхисондоо харамсдаг юм байна. Заримыг нь орхиж чадсандаа баярладаг юм байна.
Харин алийг нь дахин эхлүүлэх боломжтойг одоо ч сайн мэдэхгүй явна.

Биологич
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.