2025 оны 12-р сарын 31
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 15
2026 оны 1-р сарын 2
2026 оны 2-р сарын 5
2026 оны 1-р сарын 16
2025 оны 12-р сарын 23
2025 оны 12-р сарын 24
2026 оны 1-р сарын 20
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 16
2026 оны 1-р сарын 6
2026 оны 1-р сарын 15
2026 оны 1-р сарын 15
2026 оны 2-р сарын 3


Засгийн газрын тэргүүнээр найман сар ажиллаж байгаа Г.Занданшатар юу ч хийсэнгүй л гэнэ. Магадгүй иргэд түүнээс илүү ихийг хүлээж байгаа нь үнэн. Эдийн засгийн хямралыг тогтворжуулах, авлига, хулгайг цэгцлэх, дотоодын улс төрийг давж гарах гээд тэрбээр зүү өрсөн сандал дээр сууж байгаа. Л.Оюун-Эрдэнийн үед элдэв шүүмжлэл, эсэргүүцэл илэрхийлж чадахаа больсон сөрөг хүчин ч буурин дээрээ эргэн ирсэн. Дээр нь МАН-д түүнийг огцруулах хүсэлтэй бяртай, мөнгөтэй, хэвлэлтэй, херотой мафист бүлэглэл бий. Л.Оюун-Эрдэнийн үед Засгийн газрыг байнга магтан дуулдаг байсан, УИХ-ын гишүүн Ч.Номингийн нөхөр гэхэд Г.Занданшатарын танхим хэзээ хазгай гишгэхийг анаж, занаж суудаг болсон. Хоёр ордноор дүүрэн “хяналтын камерууд” ажиллаж буй нөхцөлд Г.Занданшатар Л.Оюун-Эрдэнэ шиг даам гарч, дарангуйлал тогтоож чадахгүй. Хүний өөрийн нам доторх мөр нэг бүрийг нь мөшгигчид төрийн нууц нэртэй улаан тамга дараад улсаасаа хулгай, луйвар хийвэл хар толгойтой нь хариуцлага тооцоход бэлэн суугаа.
Тэгвэл Монголын улс төрийн түүхэнд хамгийн урт хугацаанд, сөрөг хүчингүйгээр, үнэмлэхүй эрх мэдэлтэйгээр засагласан Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн 5 жилд юу хийв ээ?!
2021 он. Нэгдүгээр сард Ерөнхий сайдын суудалд ногоон гэрлээр томилогдсон Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын эхний жилд төсвийн нийт орлого 14.3 их наяд төгрөг, зарлага нь 15.6 их наяд. Алдагдал нь 2.9 их наяд хүрч байв. Тэрбээр Ерөнхий сайд болмогцоо авлигатай тэмцэх ажиллагааг эхлүүлсэн нь үндсэндээ авлига, хулгайн хамгийн том дуулианы гол эздийн нэг байсан гэх баримтууд ч ил болж байна.
2022 он. Засгийн тамгаас гадна намын тамга өвөртөлсөн түүний эрх мэдэл ч нэмэгдсэн, төсөв ч томорсон. Нүүрсний экспорт нэмэгдсэн, үнэ нь дэлхийн зах зээлд нэг тонн нь дунджаар $211-300 хүрсэн нь УИХ-аас баталсан 16.4 их наяд орлогыг давж 18.5 их наяд төгрөг болж өссөн. Зарлага нь мөн дагаж өссөн агаад тухайн жил Монгол Улс нийт 31.7 сая тонн нүүрс экспортолж, $6.5 тэрбумын орлого олсон нь 2021 онтой харьцуулахад 2 дахин өссөн үзүүлэлт юм.
Энэ үед түүний Засгийн газар “Рио Тинто”-гоос “Эрдэнэс Оюутолгой” компанид өгсөн $20 саяар "Тамгагүй төр"-ийг санхүүжүүлсэн, үүнийг нуухын тулд дэд сайд Б.Солонгоо 2.3 тэрбумын “нууц эвлэрлийн гэрээ”-г мөн л нууцаар байгуулсныг Б.Энхбаяр хуулийн сайд болсны дараа олон нийтэд ил болсон билээ.
2023 он. Л.Оюун-Эрдэнийн засаглалын 3 дахь жил. Энэ үеэс л тэрбээр Монголын улс төрд дарангуйллаа тогтоож эхэлсэн. Үг хэлсэн, өөдөөс нь сөргөсөн болгоныг херо технологиор хэрчүүлж, намын гишүүд дэмжигчдийнхээ үгийг ч сонсохоо больсон юм.
Луу жилд дэлхийн зах зээл дээрх эрдэс бүтээгдэхүүний үнийн өсөлт болон экспортын биет хэмжээ нэмэгдсэнээс Монгол Улсын төсвийн орлого түүхэн дээд хэмжээндээ хүрч, төсөв ашигтай гарсан. Үндсэндээ, Монгол Улсын эдийн засаг цар тахлын дараа бүрэн сэргэж, ДНБ-ий өсөлт 7%-д хүрсэн ч төсвийн зардал 1.9 их наяд төгрөгөөр тэлсэн нь инфляцын дарамтыг хэвээр үлдээсэн нь өнөөгийн хямралыг эхлэл болсон.
Төсвийн орлогын түүхэн мөчлөгийг ч Монгол Улс олигтой ашиглаж чадаагүй. Улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөтгөх, нийтийн тээврийн парк шинэчлэл нэрээр төсвөөс томоохон санхүүжилт гаргасан байдаг. Тухайн онд Х.Нямбаатар хотын даргаар томилогдож очсон бий.
2024 он. Төсвийн орлого 27.4 их наяд төгрөг болсон ч зарлага нь түүхэнд байгаагүй дээд хэмжээндээ буюу 30.4 их наяд хүрсэн юм. Багш, эмч нарын цалинг 10%-иар, тэтгэврийг 100 мянгаар л нэмсэн.
Төсөв асар өндөр ашигтай гарч байхад багш, эмч нар чимээгүй л байлаа. "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд хийгдэх хөрөнгө оруулалтууд төсөвт томоохон дарамт учруулсан. Түүний “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хоёрдугаарт бичигдсэн эрчим хүчний салбар өнөөдөр элгээрээ хэвтэж байна.
УИХ-д 42 суудалтай сөрөг хүчнээ “хөнжилдөө” оруулсан тэрбээр ёстой л “дураараа дургиж, дунд чөмгөөрөө тоглох”-ыг үзүүлсэн гэхэд болно. С.Зоригийн амь насыг хөнөөсөн алуурчдаар улс төрийн пиар хийж, улсын эдийн засгийг нуруун дээрээ үүрч яваа үндэсний хөрөнгө оруулагчидтай энэ цагаас байлдаж эхэлсэн байдаг.
2025 он. УИХ-аас баталсан 2025 оны анхны төсөв дээр Ерөнхийлөгч хориг тавьснаар Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ахин шинээр төсөл боловсруулснаар орлогыг 36.8 их наядаас 33.5 их наяд төгрөг, зарлагыг 35.8 их наядаас 33.5 их наяд болгож бууруулсан.
Улс төрд түүний дарангуйлал нэгэнтээ тогтоож, урдаас шүүмжилдэг хүнгүй болсон. Эдийн засаг дахь үндэсний хөрөнгө оруулагчдын эсрэг тэмцэл үндсэндээ түүний өрсөлдөгч нарынхаа өмч хөрөнгийг булаах орос технологийн эхлэл байлаа. Түүний гол дайсан нь үндэсний хөрөнгөтнүүд, либерал улстөрчид болж хувирав. Харин хамгийн сайн түнш нь түүний зөвлөх асан Х.Баттулга болсон юм.
Хамтарсан засаг байгуулж, сөрөг хүчингүй болсон Л.Оюун-Эрдэнэ Монголын хаан болохоор бэлдэж байсан гэх "арын өрөөний яриа" хоёр ордны дунд хэдийнэ тархсан.
Үндсэндээ, Л.Оюун-Эрдэнийн засгийн үед монголчуудын орлого муудаж, эсрэгээрээ түүний амраг садан, ах дүү, найз нөхөд илэрхий баяжсан нь яг тэнцсэн юм. Хэдийгээр түүний Засгийн газрын үед эдийн засгийн өсөлтийг нэмэгдсэн гэдэг ч үнэндээ инфляц өндөр түвшинд хүрч, иргэдийн бодит орлого буурсан нь бодит тоо.
Эцэст нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар мөнгөтэй, бяртай засаг байсан. Эрчим хүчний салбарт ганц цахилгаан станц барьчих хөрөнгө, мөнгө ч хангалттай байлаа. Иймээс өнөөдрийн эдийн засгийн хямралд илүү буруутай хүн бол Л.Оюун-Эрдэнэ. Ямбыг нь таван жил шахам эдэлсэн тэрбээр ялыг нь үүрэх ёстой хүн мөн үү, мөн.

Journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2025 оны 12-р сарын 31
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 15
2026 оны 1-р сарын 2
2026 оны 2-р сарын 5
2026 оны 1-р сарын 16
2025 оны 12-р сарын 23
2025 оны 12-р сарын 24
2026 оны 1-р сарын 20
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 16
2026 оны 1-р сарын 6
2026 оны 1-р сарын 15
2026 оны 1-р сарын 15
2026 оны 2-р сарын 3