

Гар утасны камерыг тусгай наалтаар таглах үзэгдэл нь орчин үеийн олон улсын дипломат харилцаа, геополитикийн талбарт өндөр дээд хэмжээний удирдагчдын дунд түгээмэл ажиглагдах болсон. Төрийн тэргүүнүүд утасныхаа камерыг тагладаг гол шалтгаан нь кибер тандалт, тагнуулын программ хангамж болон төрийн нууц мэдээлэл алдагдахаас урьдчилан сэргийлэх аюулгүй байдлын нэг арга тактик юм.

Орчин үеийн тагнуулын салбарт хамгийн том аюул заналхийлэл нь утасны эзэнд ямар нэгэн мэдэгдэл өгөхгүйгээр микрофон болон камерыг нь алсаас идэвхжүүлэх чадвартай кибер зэвсгүүд. Үүний хамгийн тод жишээ бол Израилийн "NSO Group"-ийн хөгжүүлсэн "Pegasus" программ. Уг программ нь утасны үйлдлийн системд нэвтэрч, камерыг нь нууцаар ажиллуулах боломжтой байдаг. Төрийн тэргүүнүүд өөрийн мэдэлгүй хакердуулах эсвэл гуравдагч орны тусгай албадын халдлагад өртөхөөс сэргийлж, утасныхаа камерыг ийнхүү механикаар тагладаг байна.
Ухаалаг утасны арын болон нүүрний камер нь зөвхөн удирдагчийн царайг хараад зогсохгүй, тэдний эргэн тойронд байгаа хаалттай уулзалтын танхим, ширээн дээр дэлгээтэй буй төрийн нууцын зэрэглэлтэй баримт бичгүүд, газрын зураг, стратеги төлөвлөгөөнүүдийг дүрс бичлэг хэлбэрээр буулгах өндөр эрсдэлтэй. Камерыг тагласнаар хакерууд алсаас камерыг идэвхжүүлсэн ч зөвхөн харанхуй дүрс харах бөгөөд уулзалтын орчны талаарх визуал мэдээллийг цуглуулж чадахгүйд хүрдэг.
Орчин үеийн хиймэл оюун ухааны технологи нь дүрс бичлэг дээр тулгуурлан хүний уруулын хөдөлгөөнийг уншиж, ярианы агуулгыг өндөр нарийвчлалтайгаар хуулбарлах чадвартай болсон. Төрийн тэргүүнүүд утсаар ярьж байх үед эсвэл хажуугийн хүнтэйгээ хаалттай сэдвээр зөвлөлдөх үед утасны урд талын камер идэвхтэй байвал уруулын хөдөлгөөнөөр дамжуулан улс төрийн болон цэргийн нууц яриа алдагдах аюултай.

Кибер аюулгүй байдлын экспертүүд болон тусгай албадын (Жишээ нь, АНУ-ын Тагнуулын төв газар, Холбооны мөрдөх товчоо) удирдлагууд ухаалаг төхөөрөмжүүдийн камерыг механик аргаар буюу өнгөт наалтаар таглахыг зөвлөдөг. Программ хангамжийн түвшинд камерыг хаасан ч уг хамгаалалтыг хакердах боломжтой байдаг тул механик хаалт буюу биетээр таглах нь хамгийн найдвартай хамгаалалтад тооцогддог байна.
Дэлхийн удирдагчдын утасны камер дээрх жижиг наалт нь зөвхөн хувийн нууцаа хамгаалах хэрэгсэл биш юм. Энэ нь олон улсын геополитикийн тэмцэл дижитал орон зайд шилжсэн өнөө үед үндэсний аюулгүй байдлаа хамгаалах, мэдээллийн дайнд бэлэн байх тэдний хамгийн анхны бөгөөд хамгийн үр дүнтэй механик бамбай болж байна.
Мөн дэлхийн хамгийн өндөр хамгаалалттай хүмүүс гар утаснаас гадна зөөврийн компьютерынхоо камерыг яг ижил шалтгаанаар тагладаг.

Meta компанийн гүйцэтгэх захирал Марк Зукербергийн цахим орчинд тавьсан нэгэн зургийн арын фоннд байсан "MacBook" зөөврийн компьютерынх нь вэб-камер болон микрофоны оролтыг саарал өнгийн туузаар тагласан байсан нь кибер аюулгүй байдлын салбарт томоохон шуугиан тарьж байв (BBC). Дэлхийн хамгийн том технологийн компанийн эзэн хүртэл програмд биш, механик хамгаалалтад итгэдгийн тод илрэл юм (TIME).
АНУ-ын Холбооны мөрдөх товчоо буюу FBI-ийн дарга асан Жэймс Комей албан ёсны мэдэгдэлдээ өөрийн ашигладаг утас, компьютер гээд бүх хувийн төхөөрөмжийн камерыг үргэлж туузаар тагладаг гэдгээ хүлээн зөвшөөрч байсан юм. Тэрбээр үүнийг "Хүмүүс машинаа цоожилдог шиг л байх ёстой наад захын дижитал эрүүл ахуй" гэж тайлбарлаж байжээ.

Олон улсын стратегийн хаалттай уулзалтууд, жишээ нь Израилийн Кнессет буюу парламент болон цэргийн объектууд руу нэвтрэхэд тусгай албаныхан гадны төлөөлөгчдийн утасны камер дээр тусгай улаан өнгийн хамгаалалтын лац (sticker) наадаг. Энэ наалтыг хуулж авбал мөр үлддэг учраас тухайн хүн дотогш нэвтрээд нууцаар зураг авсан эсэхийг хянах зориулалттай байдаг байна.
Камерын энэ хамгалалтад ухаалаг утас, таблет, нөүтбүүк болон ухаалаг зурагт ч мөн хамаарах юм.

Гадаад мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.