

2030 он болоход 3.3 орчим жилийн хугацаа үлдэж. 2025 оны гүйцэтгэлээр (түүхэндээ анх удаа) 847 мянга гаруй жуулчин хүлээн авч, $728 саяын орлого бүрдүүлсэн байна. 2026 оны гүйцэтгэл гарахад 5 орчим сар үлдсэн. Тэгэхээр 2025 оноос буурсан үзүүлэлт гарна гэдэг нь бараг тодорхой. Иймээс 2030 он гэхэд $8 тэрбум хүргэх зорилт яагаад ч бүтэхгүй.
Нэг.
"Тоо ойлгодоггүй" Ерөнхий сайд асан 400 сая жуулчин хүлээж авах тухай ярьдаг байв. Анхандаа 400 мянга гэхийг 400 сая гээд ярьчихсан байх гэж амьхандаа зөвтгөж байсан удаа бий.
Атал ахиад 400 сая гэж ярих үед "авралгүй этгээд" болохыг ойлгосон. Тоо мэдэхгүй хүн Ерөнхий сайд болно гэдэг гамшиг гэсэн үг. Учир нь, Ерөнхий сайд хүний хамгийн гол үүрэг нь улсынхаа эдийн засгийн асуудлыг шийдвэрлэх байдаг. Тоо ойлгохгүй, мэдэхгүй, эдийн засаг судлаагүй Ерөнхий сайд яах вэ гэж үү? Улсаа дампууруулдаг.
Дунд болон урт хугацааны бодлогын баримт бичиг боловсруулах туршлага хуримтлуулж, энэ чиглэлд ажил хийж явахдаа Монгол Улсын аялал жуулчлалын салбарын бодит төрхийг барагцаалчихсан учраас тодорхой баримжаа бий.
Монголд байдаг цор ганц гэж хэлэхэд хилсдэхгүй нөөц нь түүхэн бүтээгдэхүүнд суурилсан аялал жуулчлал юм. Манай Улс Швейцарь шиг гайхалтай сайхан байгальтай биш. Африк тив шиг ховор гойд ан амьтан, ан агнуурын нөөцгүй. Хойд мөсөн далайн хүрээний орнууд шиг ховор сонин байгалийн үзэгдэл байхгүй. Тайланд зэрэг орон шиг порно хийгээд секс аялал жуулчлал хөгжүүлэх боломжгүй.
Эрүүл мэндийн аялал жуулчлал эрхэлнэ гэвэл эсрэгээрээ. Ихэнх нь гадагшаа явж эмчлүүлэхийг зорьдог, хүсдэг. Бага сага рашаан байх нь бий. Гэхдээ аялал жуулчлалын бүтээгдэхүүн гэхээсээ байгалийн өвөрмөц тогтцын төдий л байдалтай гэж хэлж болно.
Энэ бүхнийг бүтээгдэхүүн болголоо гэхэд дэд бүтэц буюу суурь бүтэц огт хөгжөөгүй. Шороон замаар салж унатал явж хүрээд амт чанар муутай хоол, тав тухгүй орон байр, нүхэн жорлонтой тэнгэрт тулсан үнэтэй үйлчилгээ угтдаг. Ингээд гадаад жуулчид битгий хэл дотоодын жуулчид ч бөөн бухимдалтай, сэтгэл дундуур үлддэг.
Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй гэгчээр, 400 сая жуулчин ирнэ гэж төсөөлөөд үзье. Тухтай орон байр, амттай хоол, түргэн шуурхай стандартын үйлчилгээ угтая гэж бодоход ч 400 сая жуулчин хүлээж авах чадамж манай улсад байхгүй. Яагаад гэвэл Улаанбаатар олон улсын нислэг хүлээн авдаг ганц нисэх буудалтай. Тэр нь 6-хан гарцтай.
Нислэгийн тасалбар нь тэнгэрт хадсан үнэтэй. Угтаа онгоцны түлш нь нэг хэсэг нөхдийн шахааны бизнес болж хувирсан. Тэгэхээр гадаадын жуулчид тэнгэрийн үнэтэй тасалбар авч, Монгол руу нисч ирэх хэрэгтэй болно. Энэ нь жуулчдын тоог автоматаар хязгаарлачихдаг талтай.
Хоёр.
Шийдвэр гаргагчид нэг нүүрээр тэс өөр хоёр зүйл ярьж алмайруулдаг. Манай улстөрчид дунд огт боловсроогүй хүмүүс цөөнгүй. Гадаадын сүртэй сургуулийн дипломын ард нуугдсан тоо мэдэхгүй, философи судлаагүй, хууль эрх зүй уншаагүй, эдийн засгийн талаар мэдлэггүй, үгүй ядаж бага ахуйдаа уран зохиол уншиж тархи нь задраагүй гэх мэтчилэн.
Нэг амаараа, нэг удаад 400 сая жуулчин эсвэл $8 тэрбумын орлого мөрөөдөцгөөнө. Зарим нэг УИХ-ын гишүүд нь ганц байгаа нисэх буудлаа, энэ улсын цор ганц агаарын гарц орцоо Орост түрээсэлчихье гэдэг санал гаргаж "галзуурна". Ёстой л монгол хүн мөн үү үгүй юу гэдэгт нь эргэлзмээр.
Монголын аялал жуулчлалын салбарыг асуудал болгож дэвшүүлсэн нь дараах шалтгаантай. Учир нь, улсын нүүр царай гадаад харилцаанд нөлөөлдөг. Гадны зочид ирээд буцахдаа юу үзэж, юу мэдэрч, ямар дурсамжийг сэтгэлдээ тээгээд буцсан нь хамгийн чухал. Учир нь, тэд нутаг орондоо очихдоо Монголд үзсэн, харсан, мэдэрсэн ярьж, хэлж, бичиж нөлөөлдөг.
Их энгийнээр тайлбарлахад хэдэн жилийн өмнө Өмнөд Солонгосын star-ууд Монголд ирэн бөөн контент хийгээд буцсан. Дараа жилээс нь солонгос жуулчид Монголд битүү шавсан. Харамсалтай нь, тэдний дийлэнх нь Монголд ахиж аялах сэтгэгдэлгүйгээр буцсан гэх.
Үр дүн нь Өмнөд Солонгосын нийгэмд Монголын талаар тодорхой хэмжээний таагүй нөлөө үзүүлнэ. Үр дагаварт нь Өмнөд Солонгосын ерөнхийлөгч нь айлчилж ирээд "түүхий эд авъя" гэхээс өөр юм ярихгүй бушуухан буцаад нисчихнэ.
Хөрөнгө оруулъя, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлье, үйлдвэр байгуулъя гэсэнгүй. Наадмын дараах олон хоногийн амралтаар монголчууд Монголоороо багагүй аялж зугаалсан байх. Тийм болохоор өөрсдийнхөө бодит үнэнтэйгээ нүүр тулсан нь тодорхой. Бодит үнэнтэйгээ нүүр тулна гэдэг ядаж өөрчлөлт хийхийн эхлэл юм даа.
Нийтлэлч С.БУЯНДЭЛГЭР

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 8-р сарын 20
2026 оны 8-р сарын 16
2026 оны 8-р сарын 23
2026 оны 8-р сарын 16
2026 оны 8-р сарын 19
2026 оны 8-р сарын 17
2026 оны 8-р сарын 18
2026 оны 8-р сарын 19
2026 оны 8-р сарын 18
2026 оны 8-р сарын 18
2026 оны 8-р сарын 23
2026 оны 8-р сарын 16
2026 оны 8-р сарын 17
2026 оны 8-р сарын 19
2026 оны 8-р сарын 20