
НАТО-гийн гишүүн орнуудаас ОХУ-тай хамгийн урт хилээр хиллэдэг Хойд Европын тус улс Британийн парламентын гишүүдэд онцгой байдалд хэрхэн бэлтгэх талаар зөвлөгөө өгч байна.
The Telegraph (2026-10-24)

Финланд улс Оросын гибрид дайнд бэлтгэхийн тулд төр, хувийн хэвшлийн хамтарсан сургуулилтуудыг зохион байгуулж ирсэн.
Финланд улс Оросын гибрид дайны эсрэг хэрхэн хамгаалах талаар Их Британид зааж байна.
НАТО-гийн гишүүн орнуудаас Оростой хамгийн урт хилээр хиллэдэг тус улс Их Британийн лордуудын танхим болон парламентын гишүүдэд онцгой байдалд хэрхэн бэлтгэх, дайны үед энгийн иргэдийг яаж сургаж, хамгаалах талаар зөвлөгөө өгч байна.
Зөвлөгөөний сэдэвд дайны үед стратегийн чухал ач холбогдолтой үндэсний дэд бүтцийн компаниудын үйл ажиллагааг тасралтгүй хангахад төрөөс хэрхэн дэмжлэг үзүүлэх, мөн бизнесийг хакеруудын халдлагаас хэрхэн хамгаалах зэрэг асуудлууд багтаж байна.
Өнгөрсөн сард Финландын хүнсний хангамжийн салбарын 180 байгууллага хамтарсан цэргийн тактикийн симуляцийн сургуулилалт хийжээ. Энэ нь Оросын зүгээс ирэх аюул заналхийлэл нэмэгдэж буй энэ үед, удаан үргэлжилсэн хямралын нөхцөлд иргэдийг хүнсээр хангах стратегийг боловсруулах зорилготой байв.
Энэхүү арга хэмжээ нь Финландын Үндэсний онцгой байдлын хангамжийн агентлагаас тус улсын "аюулгүй байдлын цогц загвар"-ын хүрээнд зохион байгуулдаг төр, хувийн хэвшлийн олон арван хамтарсан сургуулилалтын нэг юм.

Финландын хоргодох байрны багцалсан бэлэн хоол, хүнс.

Финландын Куопио хотод болсон онцгой байдлын дадлага сургуулилтын үеэрх хоргодох байрны байдал.
Тус улс нь нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлдэг бөгөөд банк, тээврийн компани зэрэг хувийн хэвшлийн стратегийн чухал аж ахуйн нэгжүүдийг халдлагад өртөх үед ашиглах нөөц системтэй байхыг шаарддаг байна.
Ирэх сард бэлэн байдлын талаарх тайлангаа нийтлэх Их Британийн Хямралын бэлэн байдлын үндэсний хорооны гишүүн Лорд Жон Спеллар The Telegraph сонинд өгсөн ярилцлагадаа “Финланд улс онцгой байдлын бэлэн байдлыг маш удаан хугацаанд хэрэгжүүлж ирсэн. Тэндээс суралцах сургамж байна уу гэвэл, тийм, байгаа” талаар дурджээ.
Энэ долоо хоногийн эхээр Францын олон зуун супермаркет кибер халдлагад өртсөний улмаас хөргөгч, хөлдөөгчнүүд нь доголдож, температур нь 50 хэм хүртэл халснаар сая еврогийн үнэ бүхий хүнсний бүтээгдэхүүн муудсан байна.
Уг үйл явдал нь Британийн аж ахуйн нэгжүүд ч мөн адил террорист бүлэглэлүүд эсвэл дайсагнагч улс орнуудын кибер халдлагад өртөх эрсдэлтэй гэх болгоомжлолыг дахин төрүүлэв.
Өнгөрсөн лхагва гаригт хиймэл оюун ухааны OpenAI нь нийт цахим хуудасны 70 орчим хувийг ажиллуулдаг "PHP" програмчлалын хэлнээс кибер аюулгүй байдлын ноцтой алдааг илрүүлжээ. Энэхүү сул тал нь вэбсайтуудыг гэмт хэргийн шинжтэй хакердах ажиллагаанд өртөх эрсдэлийг бий болгосон байна.
Үүний зэрэгцээ ОХУ нь Их Британийн усан доорх стратегийн чухал кабелиудыг тандахын тулд загас агнуурын усан онгоцуудыг ашиглаж байгааг The Telegraph сонин илчилсэн юм.

Финландын цэргүүд усны нөөцийг сэлбэж байна.
Лейборист намын парламентын гишүүн, хааны тэнгисийн явган цэргийн офицер асан, зэвсэгт хүчний асуудал эрхэлсэн парламентын бүлгэмийн дарга Алекс Баллингер The Telegraph сонинд ярилцлага өгөхдөө “Финланд улс 1917 онд тусгаар тогтносноосоо хойш Оросын зүгээс ирэх халдлагатай нүүр тулсаар ирсэн.Гадаад хэргийн хорооны хувьд бид энэхүү гибрид дайнтай хэрхэн тэмцэхийг суралцахыг хүсэж байна. Яг одоо Финланд улс Их Британид тулгарч буйтай яг ижилхэн гибрид аюул заналхийлэлтэй тулгарч байна.
Ижил төстэй кибер халдлагууд, хуурамч мэдээллийн тархалт, усан доорх кабелийн аюулгүй байдал, усан тээвэрт заналхийлэх, болон прокси халдлагууд гарч байна.
Гэвч тэдний нийгэм урт хугацааны цэргийн аюул заналхийлэлтэй нүүр тулж, бүх нийтээр цэргийн алба хаадаг тул үндэстний хүчирхэг үзэл санаа, батлан хамгаалах хандлагыг төлөвшүүлж чадсан гэж би бодож байна.
Энэ бол манай улсын суралцах ёстой зүйл, ялангуяа тэд иргэний сургуулилтыг хэрхэн зохион байгуулж байгаа, дэд бүтцээ хэрхэн байгуулж буй арга барил, мөн бид нийгмээрээ үүнд хэрхэн бэлтгэгдэх вэ гэдэг нь чухал байна” гэжээ.
Пүрэв гаригийн орой Финландын Элчин сайдын хүлээн авалтын үеэр ноён Баллингер Их Британи улс бүх нийтийн цэргийн албыг сэргээх хэрэгтэй гэдгийг илэрхийлжээ.
Финланд улс бүх эрэгтэйчүүдийг цэргийн албанд татдаг бөгөөд 5.5 сая хүн амтайгаас 4.8 саяыг нь хамгаалах хүчин чадалтай 50 мянга гаруй иргэний хамгаалалтын бөмбөгдөлтийн хоргодох байрыг барьж байгуулсан байна.
Мөн Орос, Иран зэрэг улсууд хуурамч мэдээллээр дамжуулан нийгмийн уур амьсгалыг сулруулж болзошгүй гэж үзэж байгаа тул Финланд улс залуучуудад медиа боловсрол олгох, мэдээллийн эх сурвалжид шүүмжлэлтэй хандахыг зааж сургах замаар дайны үеийн бэлэн байдлыг хангаж байна.
Францад өрнөсөн эмх замбараагүй байдал, эсэргүүцлийн ширүүн жагсаалыг өдөөхөд Орос улс сошиал медиагаар дамжуулан хуурамч мэдээлэл тараахад нөлөөлсөн эсэхийг Парис болон Ромын албаныхан шалгаж байна.
Италийн Батлан хамгаалахын сайд Гвидо Крозетто хэлэхдээ, энэхүү үймээн самуун нь Өрнөдийн эсрэг явуулж буй "гибрид дайн"-ы үр дагавар гэжээ.
Хүйтэн дайны үед иргэний хамгаалалтын чиглэлээр бэлтгэгдсэн Ник Гоулд өнгөрсөн зун The Telegraph сонинд өгсөн ярилцлагадаа Их Британи улс иргэний хамгаалалтын хувьд Европын орнуудаас хоцорч байгаа нь “ноцтой” гэдгийг анхааруулсан юм.
Тэрбээр нэмж хэлэхдээ, Британи улс терроризм гэх мэт уламжлалт хямралуудад бэлэн байгаа боловч "Их Британи улс бүхэлдээ аюулд өртөх, хүнс, түлшний хангамж, импорт эсвэл интернэт холболт тасалдах зэрэг урт хугацааны дараалсан хямралт үзэгдлүүдэд" бэлтгэгдээгүй байна гэжээ.
Үүнээс өмнө Засгийн газраас кибер халдлагын үед ашиглах хүнс, хөнжил, ус нөөцөлж, онцгой байдлын цүнх бэлтгэхийг Британийн иргэдэд зөвлөсөн удирдамжийг нийтлээд байгаа юм.

Гадаад мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.