НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Төр нь “Рио Тинто”-д, иргэд, ААН нь төрдөө өртэй
АНАЛИЗ

Төр нь “Рио Тинто”-д, иргэд, ААН нь төрдөө өртэй

2025 оны 12-р сарын 15
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

Төр нь олон улсын санхүүгийн луйврын өрөнд, ААН-үүд нь татвар болон НДШ-ийн өрөнд, иргэд нь хэрэглээний зээлийн өрөнд барьцаалагджээ.

Монголчуудын ярьдаг “өртэй хүн өөдөлдөггүй, өттэй мал таргалдаггүй” гэсэн үг өнөөдрийн Монголд яг тохирохоор болжээ.  

Оюутолгой ордоос монголчуудын хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулсан УИХ-ын нийтийн сонсгол бүхэлдээ монголчууд бидний “Рио Тинто”-д төлөх өрийн тухай яриа байлаа. 2009 онд анх Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдан, оргилуун дарс буудуулж байх үед яригдаж байсан бүхий л тоо баримт өөрчлөгджээ, өөрчлөгдөхдөө Монголын талд ашиггүй, ашиггүй гэхэд дэндүү харамсам ашиггүйгээр өөрчлөгджээ. Анх $4 тэрбумаар босно гэж байсан хөрөнгө оруулалт даруй 3-4 дахин нэмэгджээ. 2019 онд монголчууд ногдол ашиг хүртэнэ гэж байсан нь бараг 20 жилээр хойшилж, өнөөг болтол 1 ч төгрөгийн ногдол ашиг аваагүй харин ч өрөнд орчихжээ. Монгол Улс өнөөдөр “Рио Тинто” компанид жилдээ 4.7 тэрбум төгрөгийн өр төлж байгаа нь нөхөгдөшгүй баялгаа вагон вагоноор ачуулж байгаа монголчууд яагаад ийм өрөнд орсон бэ гэдэг асуултыг хүн болгонд төрүүллээ. Яагаад ийм өрийн занганд орсоныг хэдхэн үгээр тайлбарлах боломжгүй, 3 өдөр явагдсан сонсголыг бүтнээр үзэж байж л хариултаа олно. Сонсголд оролцогчдын байн байн давтаж байсан "чөтгөр детальд бий" хэмээх үгийн учрыг 96000 баримт бичгийг уншиж байж л ойлгоно. 2009 онд бидний байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ 16 жилийн хугацаанд олон улсын санхүүгийн луйврын схем болон хувирсан гэдэг ерөнхий дүгнэлтийг хийж болно.

Монголын төр ийнхүү санаатай, эсвэл санамсаргүйгээр санхүүгийн луйврын занганд орсон нь нэгэнт тодорхой болж байна. Одоо харин энэ занганаас хэрхэн гарах, эргэн сэргээгдэхгүй байгалийн нөөцөө олборлуулж байгаа Монгол Улс хэрхэн яаж эрх ашгаа хангуулж, хэзээ ногдол хувиа авах вэ, бизнесийн эрх тэгш харилцааг хэрхэн бий болгох вэ, зохих ёсны өрөө төлж, төлөх ёсгүй өрийн дарамтаа хэрхэн бууруулах вэ зэрэг яаралтай засч залруулах "олон чөтгөр" байна. Монголын төр ийм арчаагүй байсныхаа хариуцлагыг үүрч, залруулах ёстой. Хөрөнгө оруулагч талаас энэ асуудлаар яриа хэлцэл хийх баг Монголд ирээд байгаа сайн мэдээ дуулдсан. Одоогийн мөрдөж байгаа зээлийн төлөлтийн графикаар Монгол Улс 2037 онд ногдол ашиг авахаар байгаа бөгөөд хоржоонтой нь 2037 он гэхэд Оюутолгой ордын өрөм болсон, зардал багатай олборлох хэсгийн нөөц шавхагдаж, өндөр зардал гаргаж олбордох хэсгүүд л хөндөгдөөгүй үлдэх юм. Гэтэл бид гэрээг 30 жилийн хугацаатай байгуулсан, гэрээний хугацаа дуусахын алдад бид ногдол ашгаа авч эхлэхээр байна. Гэрээний хугацаа дуусаад хоёр тал дахин сунгах, эсвэл монголчууд дангаар ордоо олборлолоо гэхэд өндөр зардалтайгаар ашиглаж, төдий хэрээр ашиг буурах эрх тэгш бус ирээдүй хүлээж байна.

Өргүй өрх, өргүй компани алга

Ийнхүү дээд түвшиндээ төр нь үндэстэн дамнасан корпорацийн өрийн дарамт, луйврын залиланд барьцаалагджээ. Гэтэл өрийн барьцаа төрөөр дууссангүй, монголчуудын амь амьжиргаа бүхэлдээ өрийн дарамтад байна. Эдийн засгийн суурийг бүрдүүлж байгаа хувийн хэвшлийнхэн нь татвар, НДШ-ийн өрөнд, ажил хийж амьдралаа залгуулж байгаа нь цалингийн зээлийн өрөнд, залуус нь  аппликэйшний зээлийн өрөнд, хөгшчүүл нь тэтгэврийн зээлийн өрөнд баригджээ.  

Сангийн сайд Б.Жавхлангийн өнгөрсөн Лхагва гаригт мэдэгдсэнээр (2025.12.10) улсын төсвийн татварын орлого 2.3 их наяд төгрөгөөр тасалдаж байгаа ажээ. Сангийн сайд ийнхүү мэдээлэхээс өмнө татварынхан өр цуглуулах аян мордож, ААН, компаниудын дансыг хаагаад эхэлсэн. УИХ дахь АН-ын бүлгийн мэдээллээр “Татвар дээр 320 мянган иргэн, ААН-ийн 6.5 их наядын татварын өр, татварын хүү, алданги хуримтлагдсан байна. Өнгөрсөн 2024 онд иргэн, ААН-ийн татварын 3.5 их наяд байсан бол нэг жилийн дотор 6.5 их наядын татварын өр, хүү болон торгууль, төлбөр хуримтлагдсан байна. 2024 онд 50 мянган ААН татварын өртэй байсан бол энэ жил 70 мянга болж өссөн. Мөн 220 мянган иргэн татварын өртэй байна” гэжээ. Муу л бол хойд талын хар овоохой буруутай гэдгийн үлгэрээр “АН татварын өршөөлийн хууль гаргана гэж хэлснээс болоод иргэд, ААН татвараа төлөхгүй байгаа нь татварын тасалдалд нөлөөллөө” гэж сурсан зангаараа МАН бурууг бусад руу чихэж үзсэн. Ганц мэдэгдлээс болоод улсынх татварын орлого 2 их наядаар тасарчихаж байгаа бол тогтолцоо, засаглал, менежмэнт буруу гэсэн үг болохоос үнэнийг хэлсэн хүний буруу биш.

Татварын урсгал зүй ёсоороо сайхан явж байтал АН-ын мэдэгдлээс болоод тасалдчихсан гэдэг оргүй худал гэдгийг бизнес эрхлэгчид хэлж байна.

“Монполимет” группийн ТУЗ-ийн дарна Н.Мөнхнасан өөрийн сошиал хуудсандаа “Төсөв хүндэрсэн нэрийдлээр гааль, татварын байгууллагууд ААН-үүдийн данс тооцоог хааж, дотроос нь мэдэгдэлгүйгээр мөнгийг нь авч, татварын шалгалтуудыг шил дараалан орж байгаа талаар компаниуд мэдэгдээд эхэлсэн байна.

Төсөв хүндрэх гол шалтгаан нь ААН-үүдийн татвараа төлөхгүй байгаа байдал гэхээсээ илүү төрийн данхар бүтэц, үрэлгэн зардал, ашиггүй ажилладаг ТӨХК-үүд, тэдгээрийн зардал, эрүүл мэнд болоод нийгмийн даатгалын сангуудын дампуурал, ач холбогдлын эрэмбээрээ хойгуур байх хэрэгтэй хэрэггүй төслүүд гээд эдгээр нь энэ төсвийг хүндрүүлж байгаа бус уу?

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу чөлөөлөгдөх ёстой барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлд импортоор оруулж ирэх тоног төхөөрөмжийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлнө гэсэн зүйл заалтыг хэрэгжүүлэхийг шаардан “Монцемент”, ЕСХБ 10 гаруй жил үе үеийн Засгийн газарт хүсэлтүүд, шаардлагууд хүргүүлсэн. 3 шатны шүүхээс Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдэх ёстой гэсэн хүчин төгөлдөр шийдвэр байсаар байтал Гаалийн байгууллагаас зарим банк дахь мөнгөн хөрөнгийг нь огт мэдэгдэлгүй хурааж авсан байгаа юм. 

Данс тооцоо хаахгүй, үйл ажиллагаа хэвийн явуулах хэрэгтэй гэж Засгийн газар мэдэгддэг бол нөгөө талдаа татвар, гаалийн байгууллагууд эсрэг үйлдэл явуулж байгаа нь тун ойлгомжгүй.

ААН-үүдийн төлж буй татвар багадаагүй, харин төр төсвөө хүндрүүлчихээд одоо ААН-үүдийнхээ үйл ажиллагааг зогсоох нь зөв шийдэл биш баймаар!” хэмээн бичсэн нь бизнес эрхлэгчдийн нийтлэг гаслан юм.

Монголбанкнаас 2025 оны 3-р сард мэдээлснээр банкны системийн хэрэглээний зээлийн үлдэгдэл 2024 оны эцсийн байдлаар 11.4 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь 2023 оны мөн үеийнхээс 35.5%-иар нэмэгдсэн дүн бөгөөд үүний 23.7 нэгж хувийг цалингийн зээл, 5.3 нэгж хувийг тэтгэврийн зээл бүрдүүлсэн байна. Амьжиргааны суурь зардлаа хангахын тулд сарын орлогынхоо 48 хувиас багагүй хэсгийг дундаж өрхийн хувьд хэрэглээндээ зарцуулах тооцоолол байдаг аж. Гэтэл зээлдэгчид өр орлогын харьцаа /ӨОХ/-ны дээд хязгаар 55%-д тулгаж зээл авах хандлагатай болжээ. Мөн тэтгэвэр авагч иргэдийн 53.2% нь тэтгэврийн зээлтэй, эдгээр иргэдийн ӨОХ дундаж 84%-д хүрсэн байна.

Оюутолгойн сонсгол: Монголчуудын "Рио Тинто"-д төлж буй өр:

-Монгол Улс Оюутолгой ордын 34%-ийг эзэмшиж байгаа учраас ордыг олборлоход гаргаж буй бүхий л зардлын 34%-ийг төлж байгаа, гэтэл ордын олборлох зардал үндэслэлтэй нэмэгдсэн эсэхийг монголчууд мэдэхгүйгээр зээл төлж байгаа. 2021 онд Монголын 34%-д ногдох зээлийн өрөөс 2.3 тэрбум ам.долларыг тэглэсэн хэмээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сүр дуулиантай мэдээлж байсан, тухайн үед тэглэсэн өрийн 1.4 тэрбум нь үндсэн зээл, 900 сая нь хүү байсан. Гэхдээ Монголын төлөх өр бүрэн тэглэгдээгүй. Өр бүрэн тэглэгдсэн мэт улс төрийн шоу хийсэн.

-Төслийн бүх менежмэнтийг “Рио Тинто” хийх гэрээтэй, үүний төлбөр нь сар бүрийн нийт зардлын 6%, энэ зардлын 34%-ийг бид төлж байгаа.

-“Рио Тинто” Оюутолгой ордын 66%-ийг эзэмшдэг боловч “Оюутолгой” ХХК-д 11.3%-ийн хүүтэй зээл өгдөг. Энэ бол өндөр хүү. Сонсголд яригдсанаар 6 тэрбум ам.долларын зээл авсан, гэхдээ 19 тэрбумыг хүүтэй нь хамт төлж байгаа, хүүнээс хүү тооцдог.

-“Оюутолгой” ХХК өөр санхүүгийн байгууллагуудаас зээл авдаг. Тэр зээлийн баталгааг толгой компани “Рио Тинто” гаргаж өгсөн, баталгаа гаргасны шимтгэлээ “Оюутолгой” толгой компанидаа төлдөг, өөрөөр хэлбэл, бид бас төлөлцаж байгаа гэсэн үг.

-Монгол Улс АМНАТ авдаг, Хөрөнгө оруулалтын гэрээгээр АМНАТ-ийг Оюутолгойн зэсэнд 5%-иар тогтворжуулж давуу эрх олгосон. Харин ижил бүтээгдэхүүн экспортод гаргаж байгаа “Эрдэнэт” үйлдвэрийн зэсийн АМНАТ-ийг зах зээлийн үнээс хамаарч жил бүр өөр өөрөөр төлж байгаа бөгөөд сүүлийн жилүүдийн дүнгээр 17%-21% хүртэл төлж байгаа.

-“Онтре”-гийн эзэмшиж буй 2 ордод хийсэн хайгуулын зардлыг “Оюутолгой” ХХК санхүүжүүлсэн, энэ зардлаа бидний төлж буй өрөнд шингээсэн.

 
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20