2026 оны 2-р сарын 16
2026 оны 3-р сарын 15
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 5
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 23
2026 оны 3-р сарын 15
2026 оны 3-р сарын 27
2026 оны 3-р сарын 11
2026 оны 3-р сарын 24
2026 оны 3-р сарын 4
2026 оны 3-р сарын 22
2026 оны 2-р сарын 21
2026 оны 3-р сарын 19
2026 оны 2-р сарын 27


Монгол Улс 2026 онд 3.3 их наяд төгрөгийн төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийг төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр төлөвлөсөн. Үүний 10% буюу 330 тэрбум төгрөг нь эрчим хүчний салбарт ногдсон байдаг.
Ерөнхий сайд Н.Учрал УИХ-ын чуулганд /2026.03.30/ хэлсэн үгэндээ “2026-2027 оны өвөл эрчим хүчний салбарт гал алдах аюул нүүрлэсэн хэвээр байна” гэж онцолсон. Эрчим хүчний салбарын хүндрэл бэрхшээл нийслэлд уг нь хамгийн их хамаатай. Нийслэл даяараа 2026 оны нэгдүгээр сард цахилгаан дулааны хязгаарлалтад орж, иргэд тоггүй, дулаангүй, усгүй зутрахын зовлонг биеэрээ амссан. Аж ахуйн нэгжүүд санхүүгийн хохирол хүлээсэн. Харамсалтай нь, Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарт цахилгаан, дулаанаас хурдны зам чухал бүүр аминаас нь ч илүү үнэтэй байгааг өнгөрсөн өдрүүдэд харлаа.
Харьцуулбал, "гал алдах" дөхсөн эрчим хүчний салбарын бүтэн жилийн хөрөнгө оруулалт 330 тэрбум байхад ганцхан замын төсөлд 7 дахин их хөрөнгө тавьсан нь “гэр нь шатаж байхад хашаагаа будах”-тай ялгаа юун.
1.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн (2026.03.31) хурлаар Монгол Улсын Засгийн газар Олон улсын Сэргээн босголт хөгжлийн банк хооронд байгуулах “Эрчим хүч-4” төслийн $78 саяын зээлийн талаар хэлэлцэв.
Уг зээлээр Мандалговь-Арвайхээр чиглэлийн 220 кВт-ын хоёр хэлхээт 287 км урт цахилгаан дамжуулах шугам, дэд станц барих, өргөтгөх ажлыг хийж гүйцэтгэнэ.
Жилийн 5%-ийн хүүтэй 25 жилийн хугацаатай, эхний 5 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй нэн хөнгөлөлттэй энэ зээлийг авах гэж Сангийн яам, Эрчим хүчний яам 4 жил гаруй хөөцөлдсөн гэв.
$78 сая гэдэг нь төгрөгөөр 273 тэрбум. Гэтэл МАНай хотын дарга Х.Нямбаатар бүрэн шийдэгдээгүй “ Туулын хурдны зам” төсөлдөө аль хэдийнэ 465 тэрбум төгрөг “хийчихсэн”.
“Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Дашдаваа “Хангайн бүсийн 11 аймгийн 160 мянган хэрэглэгчийг хангаж байгаа 110 Квт-ын 830 км агаарын шугам нь эрчим хүчний чанар, стандарт хангахгүй болсон. Арайхийн 90 кВт-аар цахилгаан дамжуулж байгаа. Хэрвээ төлөвлөсөн ёсоор шинэ шугам баривал тус бүс нутагт эрчим хүчний тасалдал 50%-иар, алдагдал 42% буурна” гэв. Хангайн бүст сүүлийн 10 жилд гурван ч удаа эрчим хүчний шугам сүлжээтэй холбоотой 3 том осол гарч, 8 аймгийн 92 сумын хэрэглэгч 4 өдрийн турш гэрэл цахилгаангүй өнжсөн байдаг.
Дэлхийн банкнаас хийсэн аудитаар төслийн өгөөж 35% гэж үзжээ. Тэгэхээр хоёр яам 4 жил хөөцөлдөж байж, 25 жилийн хугацаатай 273 тэрбум төгрөгийн зээл олж, 11 аймгийн хэрэглэгчийн эрчим хүчний тасалдлыг 50%-иар бууруулах төслөө хэрэгжүүлж байхад хотын дарга Х.Нямбаатар 500 тэрбум төгрөгийг судалгаа дутуу төсөлд оруулчихаад “намайг алаад зогсоо” гэж бардамнаж байгаа нь үнэхээр эмгэнэл.
2.
Эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудын богино хугацаат өр төлбөр 2025 оны эцсийн байдлаар 620.9 тэрбум төгрөг болжээ. Цахилгааны үнийг нэмсэн ч өртгөө бүрэн нөхөж чадаагүй хэвээр байна. Засгийн газраас гадаад дотоодын эдийн засгийн хүндрэлтэй цаг үед үнэ тарифыг нэмэхгүй байх үүрэг өгсөн учраас 2026 онд “хөдөлгөөгүй” гэж салбарынхан хэлэв. Тарифыг өртөгт хүргэх асуудлыг хоёр жилийн хугацаанд хийхээр төлөвлөжээ. Өөрөөр хэлбэл, цаашдаа эрчим хүчний үнэ өснө.
Харин урт хугацаат өр төлбөр нь 2.1 их наяд төгрөг гэнэ. Энэ нь “Туулын хурдны зам”-ын төслийн төсөвт өртгөөр эрчим хүчний салбараа " эрүүл" болгох боломжтой харагдаж байна.
Сангийн яамнаас өгсөн мэдээллээр эрчим хүчний салбар 2025 оны эцсийн байдлаар 225 тэрбум төгрөгийн өр төлсөн. Хугацаа хэтэрсэн 265 тэрбум төгрөг өртэй гээд үндсэндээ 2 их наяд бол эрчим хүчний салбарын хувьд мөрөөдлийн тоо харагдана.
Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ жил бүр 6-10%-иар өсөн нэмэгдэж, гаднаас $200 саяар цахилгаан импортлож байна. Засгийн газраас эрчим хүчний хараат байдлаа бууруулах бодлогыг нэн тэргүүнд тавиад, Ерөнхий сайд сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийн дэд бүтэц барих хөрөнгө оруулагч нарт нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, Засгийн газрын зүгээс 100% дэмжинэ гэдгээ илэрхийлэв.
Монгол Улс гэрэлгүй, дулаангүй болох аюулын ирмэгт дэнжигнэж байхад “хурдны замаар түгжрэлээс гаргана” гэх амлалт хэр бодитой вэ гэдгийг захын хүн ч харьцуулаад хэлж чадна. Төсвийн мөнгө бүрийг үр ашигтай зарцуулах нь төрд ажиллаж байгаа хүн бүрт хамаатай. Хотын дарга гэдэг эрх дархтай, дураар дургигч биш. Иргэд бидэнд хурдны замаас илүүтэй ирэх өвөл “гал алдахгүй байх” баталгаа, эрчим хүчний тусгаар тогтнол энэ цаг үед юу юунаас чухал байна.

journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 2-р сарын 16
2026 оны 3-р сарын 15
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 5
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 23
2026 оны 3-р сарын 15
2026 оны 3-р сарын 27
2026 оны 3-р сарын 11
2026 оны 3-р сарын 24
2026 оны 3-р сарын 4
2026 оны 3-р сарын 22
2026 оны 2-р сарын 21
2026 оны 3-р сарын 19
2026 оны 2-р сарын 27