2025 оны 12-р сарын 31
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 15
2026 оны 1-р сарын 2
2026 оны 2-р сарын 5
2026 оны 1-р сарын 16
2025 оны 12-р сарын 23
2025 оны 12-р сарын 24
2026 оны 1-р сарын 20
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 16
2026 оны 1-р сарын 6
2026 оны 1-р сарын 15
2026 оны 1-р сарын 15
2026 оны 2-р сарын 3


Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “Сөрөг хүчний зүгээс намайг огцруулах улс төр хийж байна” гэжээ. Зүй нь, эрчим хүчний салбарыг зөв удирдлагаар хангаж чадаагүйнхээ төлөө тэр өөрөө огцрох өргөдлөө өгөх ёстой юм. Дөрвөн жил ямбыг нь эдэлсэн түүнээс ял асуухаас өөр аргагүй нөхцөл хэдийнэ үүссэн. Нэгд, түүнтэй хамтран ажиллаж ирсэн багийнхан нь авлига, албан тушаалын хэргээр баривчлагдсан. Хоёрт, ид өвлөөр монголчууд дулаан, цахилгаангүй болоход хүрсэн. Энэ бүхний хариуцлагаас Б.Чойжилсүрэн мултрах ёсгүй.
Эрчим хүч бол улс орны хөгжлийн гол түлхүүр. Дэлхийн улс орнууд эрчим хүчний төлөө өрсөлдөж байна. Энэ өрсөлдөөнөөс Монгол хэдийнэ орхигдсон, хоцрогдсон улс болжээ.
Монгол Улс эрчим хүчний хэрэглээнийхээ 80 хувийг дотоодоос хангаж, 20 хувийг импортоор худалдаж авдаг. Үйлдвэрлэсэн цахилгааны 70 гаруй хувийг нүүрснээс гаргаж авдаг. Үлдсэн 10 хувь нь сэргээгдэх эрчим хүч.
Монгол Улс 192.2 мянган тонн ураны нөөцтэй. Ураны бүртгэгдсэн нөөцөөрөө дэлхийн дэлхийд 10 дугаарт эрэмбэлэгдэж байна. Дорнод, Гурванбулаг, Мардай, Нэмэр, Улаан, Хараат, Хайрхан, Гурвансайхан, Өлзийт, Дулаан-Уул, Зөөвч-Овоо, Энгэр ар болон Далтын уурхай зэрэг ураны ордуудтай.
Атомын цахилгаан станц аюултай шүү гэх айдсыг монголчуудын сэтгэл зүйд суулгах гадны төсөл амжилттай хэрэгжсээр ирсэн. Гадны гар хөл болсон тэмцэгч нэртэй төслийнхөн “уран бол асар хортой” гэсэн суртал ухуулгыг хүчтэй хийдэг. Үүнд итгэсэн монголчууд өнөөдрийг хүртэл атомын цахилгаан станцыг Чернобылийн ослоор төсөөлсөөр ирсэн. Төлөөс нь өнөөдрийн эрчим хүчний салбарын дампуурал.
Цөмийн эрчим хүч нь шинжлэх ухаан, техник технологийн хамгийн тэргүүний ололтуудыг өөртөө шингээсэн. Тэр утгаараа улс орнуудын эдийн засгийн хөгжлийн гол зүтгүүр болдог.
Нүүрс ба үнс
Хорин нэгдүгээр зуунд монголчууд тог лааны хэрүүлээ хийсээр, нүүрсээ түлсээр сууна. Тэр ч бүү хэл нүүрсний цахилгаан станцуудынхаа тоог нэмж чадахгүй, авлига, хулгайдаа живсэн Азийн ядуу улс хэвээр үлджээ. Бид Тавантолгой, тавдугаар цахилгаан станцаа ярьсаар хэдэн 10 жилийг үдсэн. Цахилгаан станц барина гэсэн цаасан малгайтайгаа л сууж байна.
Олон улсын Эрчим хүчний агентлагийн мэдээлснээр 2025 онд дэлхийн атомын цахилгаан үйлдвэрлэлийн хүчин чадал дээд түвшиндээ хүрчээ. 2035 он гэхэд 420ГВт-аас 728 ГВт хэмжээнд хүргэхээр төлөвлөж байна.
Харамсалтай нь, монголчууд нүүрсэн дээрээ зодолдсоор, нүүрсээ хулгайлсаар сууж байх зуур Зүүн өмнөд болон Төв Азийн орнууд хөгжлийн төвшингөөрөө бидний урд гишгэж эхэлсэн. Узбекистан, Бангладеш атомын цахилгаан станц барьж эхэлсэн бол Хятад сүүлийн жилүүдэд $1-3 тэрбумаар 50 гаруй АЦС барьсан.
Лондонд төвтэй Шинэ цөмийн эрчим хүчний хүрээлэнгийн судалгаанд дурдсанаар бага оврын реактор бол Монгол Улсын нүүрснээс хамааралтай эрчим хүчний системийг төрөлжүүлэх, хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах, үндэсний эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх гол түлхүүр гэж үзсэн байна.
Монгол Улс эхний ээлжинд 300мгв-ын жижиг оврын 2-3 реакторыг Улаанбаатарт барьж чадах юм бол утаа угаараас эхлээд эрүүл мэнд, боловсрол, эдийн засаг, нийгмийн олон асуудлыг хялбархан шийднэ.
АЦС бол айдас биш
Өндөр хөгжилтэй болон хөгжиж яваа бүх орон атомын цахилгаан станцынхаа тоог нэмэгдүүлэхэд анхаарч байна. Хэдийгээр “ногоон эрчим хүч” бодлого дэлхийн эрчим хүчний салбарт нэлээд эрчимтэй хэрэгжиж буй ч атомын цахилгаан станцаас эрчим хүч үйлдвэрлэх нь зардал багатай, найдвартай гэж тооцож буй юм.
Орчин үеийн АЦС-д 1 кг уран нь 1 сая кг нүүрстэй тэнцэхүйц хэмжээний эрчим хүч үйлдвэрлэдэг. Ашиглалтын хугацаа нь нүүрсний станцаас гурав дахин урт.
Харамсалтай нь, манай улсын хувьд судалгааны 10-15 жилийн хугацаандаа л явна. Олон улсын атомын энергийн агентлагт 1973 онд элссэн ч дотоодын хэрүүл тэмцлийн үр дүнд бид хэдэн арван жилээр дэлхийн технологиос хоцрогдчихсон. Ойрын хугацааны ой санамжинд байгаа мэдээллээр 2010 онд манай эрдэмтэд атомын цахилгаан станц барьж, өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг хангах тухай ярьж байсан. Атомын станц 18 жилийн дараа зардлаа нөхнө гэсэн тооцоо хийж, хамгийн тохиромжтой газар нь Говьсүмбэрийн Баянтал гэдгийг судалгаандаа дурдсан. Тухайн үед 1000МВт-ын хүчин чадалтай станц барихад $2 тэрбум гэж танилцуулж байв.
Уг нь, Атомын цахилгаан станц насжилтийн хувьд 80 жил байдаг. Нүүрсний станцаас 3 дахин илүү ашиглаж болно.
Монгол Улс атомын цахилгаан станцын салбарт хэнтэй хамтрах вэ гэдэг гол асуудал. Оросын “РосАтом” компанийн зүгээс жижиг оврын АЦС барьж өгөх санал гаргасан. Гэхдээ оросууд Монголын эрчим хүчний тусгаар тогтнолыг үргэлж эсэргүүцэж, саад хийсээр ирсэн бий. Францын хувьд 30 жилийн тэртээгээс л ураны салбарт хамтарч ажиллах сонирхлоо илэрхийлсэн. Зөвхөн “Орано”-гийн ураны төсөл 27 жил гацсаны эцэст өнгөрсөн жил хөрөнгө оруулалтын гэрээгээ байгуулсан. Дэлхийн ураны 10 том ордын нэг Зөөвч-Овоогийн орд дээр Францын хөрөнгө оруулалтыг татсанаар 20 жилийн хугацаанд Монгол Улс 5.2 тэрбум ам.долларын ашиг хүртэхээр төлөвлөж буй юм. Цаашлаад француудаар атомын цахилгаан станц бариулах асуудлыг ч ярилцах цаг болсон. Атомын цахилгаан станцын зах зээлд Францын технологи дэлхийд тэргүүлдэг.
Атомын цахилгаан станц бол айдас биш хөгжил юм. Үүнийг ухаарахгүй бол утаандаа хордож үхэхээс өөр сонголт үгүй гэсэн үг.
Б.БАТ

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2025 оны 12-р сарын 31
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 15
2026 оны 1-р сарын 2
2026 оны 2-р сарын 5
2026 оны 1-р сарын 16
2025 оны 12-р сарын 23
2025 оны 12-р сарын 24
2026 оны 1-р сарын 20
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 16
2026 оны 1-р сарын 6
2026 оны 1-р сарын 15
2026 оны 1-р сарын 15
2026 оны 2-р сарын 3