2025 оны 12-р сарын 31
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 15
2026 оны 1-р сарын 2
2026 оны 2-р сарын 5
2026 оны 1-р сарын 16
2025 оны 12-р сарын 23
2025 оны 12-р сарын 24
2026 оны 1-р сарын 20
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 16
2026 оны 1-р сарын 6
2026 оны 1-р сарын 15
2026 оны 1-р сарын 15
2026 оны 2-р сарын 3


Сүүлийн 2 сарын хугацаанд гадаадын банкны салбарыг байгуулна гэж эрх мэдэлтэн мэдэгдсэн 2 дахь тохиолдол боллоо.
УИХ-ын дарга Н.Учрал өнгөрсөн долоо хоногт Архангай аймагт ажиллах үеэрээ эдийн засгийн томоохон өөрчлөлт, реформ хийхээр зэхэж байгаагаа мэдэгдсэний дотор гадаадын банкны салбарыг байгуулна гэсэн нь хоёр янзын эффект үүсгэлээ. УИХ-ын албан мэдээнд “Түүнчлэн банкны салбарын реформыг эрчимжүүлж, зээлийн хүүг үе шаттай бууруулах, гадаадын банкнуудын салбаруудыг холбогдох хуулийн дагуу дотоодын зах зээлд нэвтрүүлэх, Төв банкны үйл ажиллагаанд хяналт шалгалтыг үргэлжлүүлэх ажлуудыг дурдлаа” хэмээн даруухнаар илэрхийлсэн ч ориг яриандаа “Гадаадын банкны салбарыг оруулж ирж, банкны салбарт өрсөлдөөн бий болгож, зээлийн хүүг бууруулна” хэмээн хэлсэн нь зээлээр амьдарч байгаа иргэдийн чихэнд нэн таатай сонсогдсон бол эдийн засагчид, банк санхүүгийн салбарынханд болгоомж төрүүлсэн үг байлаа.
Сүүлийн хоёр сарын хугацаанд Монголд гадаадын банкны салбарыг байгуулна гэж Монголын төрийн эрх мэдэлтэн мэдэгдсэн хоёр дахь тохиолдол нь энэ байлаа. Өнгөрсөн 2025 оны 11-р сард Москва хотноо болсон ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын өргөтгөсөн хуралд оролцох үеэрээ Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзсан бөгөөд энэ үеэрээ “Хоёр орны төлбөр тооцоо, худалдааг хөнгөвчлөх зорилгоор Оросын банкны салбарыг Монголд нээх бүхий зөвшөөрөл, дэмжлэгийг үзүүлэхэд бэлэн. Хоёр орны Сангийн сайд энэ тухай өнөөдөр уулзаж тохиролцсон” хэмээн хэлсэн. Г.Занданшатарын энэ үгийг Оросын хэвлэлүүд шуурхай бөгөөд хүртээмжтэйгээр мэдээлсэн бол Ерөнхий сайдын монгол хэл дээрх албан мэдээнд энэ тухай огт дурдагдаагүй байсан юм.
Архангайд Н.Учралын хэлсэн гадаадын банк гэдэг нь Г.Занданшатарын хэлсэн Оросын банк уу, эсвэл олон жил Монголд салбараа нээхээр тэвчээртэй хүлээж байгаа Хятадын банк уу гэдэг асуултын хариу бүдэг байна. Орос, Хятадаас гадна БНСУ-ын банк мөн Монголын зах зээлийг сонирхож буй гэх мэдээлэл бий.
Эрх зүйн орчны хувьд Монголд гадаадын банк салбараа нээх боломжийг Монголбанк 2023 онд нээж өгсөн. 2023 оны 6-р сарын 14-ний өдөр “Гадаадын банкны салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагааны нөхцөл, шаардлагыг тогтоох, хэрэгжүүлэх журам”-ыг Монголбанкны Ерөнхийлөгчийн А-116 дугаар тушаалын Нэгдүгээр хавсралтаар баталсан бөгөөд “гадаадын банк Монгол Улсад салбар, төлөөлөгчийн газар байгуулах тухай бүр Монголбанкнаас зөвшөөрөл авна” хэмээн тус журамд заасан.
Зээлтэй хүн бүрийн сонсохыг хүссэн үг: "Зээлийн хүүг бууруулна"
Гэхдээ гадаадын банк орж ирээд л зээлийн хүү буурна гэдэг бол массын сэтгэл зүйд тохируулсан поп мессеж. Ер нь “зээлийн хүүг бууруулна” гэсэн бодит байдалтай огт уялдаагүй, боломжгүй мессежийг улстөрчид амнаасаа торохгүй унагадаг болсон. Зээлийн хүүг хэн нэгэн улстөрчийн хүсэл зоригоор бууруулдаг нөхцөл байдал биш, энэ бол эдийн засгийн нөхцөл байдлыг оношлох индикаторуудын нэг. Зах зээлийн эрсдэл өндөртэй, найдвартай биш, итгэл төрүүлэхгүй байгаа учраас зээлийн хүү өндөр байгаа. Өөрөөр хэлбэл, монгол төгрөгийн бодит үнэ юм. Мөнгө өөрийнхөө эрсдлийг тооцон, учирч болзошгүй эрсдлээ даатгаж буй хэрэг.
Зээлийн хүүг бууруулаад өгөөч гэж шаардаж буй иргэнд зээлийн хүүд нөлөөлж буй олон хүчин зүйлс, тухайлбал, татан төвлөрүүлж буй эх үүсвэрийн өртөг, инфляцийн түвшин, ханшийн хэлбэлзэл, санхүүгийн зуучлалын хөлс, Төв банкны бодлогын хүү энэ тэр огт хамаагүй, мэдэхгүй. Мөнгө дутвал зээлээд авчихаж болно, тэрийгээ хүүтэй нь эргүүлээд төлнө, гэхдээ бага хүүтэй бол мэдээж сайн гэсэн ерөнхий хандлага эдүгээ ноёлсон. Тэр бүү хэл авсан зээлийг тэглэж, өрийг нь төрд үүрүүлсэн “гайхамшигтай” жишээ хүртэл бидэнд бий. 2025 оны 2-р сарын эцсийн байдлаар 2.1 их наяд төгрөгийн тэтгэврийн зээл байсан нь тэтгэврийн зээлийг тэглэсэн 2019 оны эцэстэй харьцуулахад 2.8 дахин нэмэгдсэн болохыг Монголбанкны судалгаанд дурджээ. Гагцхүү зээл гэдэг нь Монголын бараг иргэн бүрд хамаатай, анхаарал татах сэдэв болсон нь үнэн.
Монголбанкны мэдээгээр 2025 оны 11-р сарын байдлаар 1.8 сая иргэн арилжааны банкинд зээлтэй байна. Мөн өдий тооны иргэн ББСБ-ын давхар зээлтэй байна. Тухайлбал, Санхүүгийн зохицуулах хорооны мэдээгээр 2024 оны байдлаар хөдөлмөрийн насны 10 хүний 8 нь ББСБ-д зээлтэй байжээ.
Эдийн засгийн аюулгүй байдлаа хэрхэн хамгаалах вэ?
Гаднын банкны үйл ажиллагааг Монголд оруулж ирж болно. Гэхдээ ийм шийдвэр гаргахаас өмнө гадаадын банк орж ирсэнээр ямар эрсдэл үүсэх вэ, эрсдэлийг даван туулах ямар зохицуулалтуудыг дотооддоо шийдэх хийх вэ гэдгээ сайтар цэгнэх учиртай.
Гаднын банк орж ирээд дотоодын банкуудаас бага хүүтэй зээл санал болголоо гэхэд өрсөлдөөн бий бололгүй эсрэгээр дотоодын банкууд зах зээлээс шахагдвал яах вэ? Энэ нь эдийн засгийн аюулгүй байдалд хэрхэн нөлөөлөх вэ? Гадаадын банкийг оруулж ирэхдээ ямар хэлбэрээр оруулж ирэх вэ, төлөөлөгчийн газар байх уу, салбар байх уу, охин компани байх уу гээд олон асуулт ургана. 2023 оны Монголбанкны журамд “төлөөлөгчийн газар, эсвэл салбар” гэж тодорхойлсон. Харин охин компани гэж тодорхойлоогүй. Гэтэл охин компанийн хэлбэр нь Монголд давуу байдалтай байхыг ХХБ-ны захирлаар олон жил ажилласан банкир Б.Мэдрээ хэвлэлд ийн бичжээ:
“Төлөөлөгчийн газар хэлбэрээр ажиллана гэдэг нь толгой банкныхаа нэрийн өмнөөс арилжаа, зээлийн үйл ажиллагаа явуулахгүй, тодорхой судалгааны шинжтэй, төв рүүгээ мэдээлэл илгээх үйл ажиллагаанд төвлөрдөг.
Салбар банк гэдэг нь Монголд байрлаж байгаа ч гадаад дахь толгой банкныхаа дүрмийн сан, санхүүгийн нөөц, удирдамж, чиглэл, бодлогоор шууд өрсөлддөг баг бүрэлдэхүүн юм. Өөрөөр хэлбэл, Монголын хууль тогтоомжийн дагуу бус өөрийн улсынхаа холбогдох хуулийн дагуу үйл ажиллагаа явуулна.
Охин компанийн хэлбэр нь дүрмийн сангаа толгой банкнаасаа тусгаарлаж, Монголын хууль эрх зүйн дагуу өрсөлдөнө. Бүртгэгдсэн орныхоо хууль тогтоомжоор бүрэн зохицуулагдана” гээд охин компани байгуулах нь Монголд эрсдэл багатай” хэмээн дүгнэжээ.
Гаднын банкны зээлийн эх үүсвэрийг дотоодын хэрэгцээт салбар, тухайлбал, ЖДҮ, руу ямар бодлогоор татах, зээлийн барьцаагаар дамжуулан дотоодын ААН, цаашлаад салбар (одоо үйлчилж байгаа хууль тогтоомжоор уул уурхайн тусгай зөвшөөрлийг банкны барьцаанд тавьдаг)-аа хэрхэн хамгаалах, зээлдэгчийн мэдээллийн сангийн аюулгүй байдал гээд эдийн засгийн анхаарах асуудал их байна.

Journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2025 оны 12-р сарын 31
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 15
2026 оны 1-р сарын 2
2026 оны 2-р сарын 5
2026 оны 1-р сарын 16
2025 оны 12-р сарын 23
2025 оны 12-р сарын 24
2026 оны 1-р сарын 20
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 16
2026 оны 1-р сарын 6
2026 оны 1-р сарын 15
2026 оны 1-р сарын 15
2026 оны 2-р сарын 3