2025 оны 12-р сарын 31
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 15
2026 оны 1-р сарын 2
2026 оны 2-р сарын 5
2026 оны 1-р сарын 16
2025 оны 12-р сарын 23
2025 оны 12-р сарын 24
2026 оны 1-р сарын 20
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 16
2026 оны 1-р сарын 6
2026 оны 1-р сарын 15
2026 оны 1-р сарын 15
2026 оны 2-р сарын 3


Хөгжлийн хэлэлцүүлэг: Халамжийн эдийн засгийн бүтэлгүйтсэн загварыг халж, хөгжлийн эдийн засгийг хэрхэн угсрах вэ?
Монголчууд бид 1990 онд сонголтоо хийж, улс орон, амьдрал ахуйгаа өөрсдөө толгой даан авч явахаар зориг шулуудсан. ЗХУ тэргүүтэй социалист системийн эдийн засгийн хүрээнд худалдаа нь эргэлдэж, татаасын эдийн засагтай байсан Монгол Улсын хувьд энэ сонголт нь улс төрийн хувьд бие даасан, чөлөөт бодлогыг баримтлах эрх чөлөөг олгосон ч эдийн засгийг зах зээлжүүлэх маш хүнд сорилтын өмнө авчирсан. Гэсэн ч энэ сонголт зайлшгүй бөгөөд зөв сонголт байсан.
Өнгөрсөн 30 гаран жилийн хугацаанд алдсан зүйл их ч оносон нь түүнээсээ хавьгүй жин дарах учраас 1990 оны сонголтыг буруутгах нь буруугаа бусдаас хайж өөрийгөө зөвтгөж тайтгардаг явуургүй заль.
Нийгмийн ямар ч үйл явц дардан шулуун явахгүй, тохиолдол бүрт алдаа, гажуудлыг оношилж, залруулах ухаалаг удирдлага шаардлагатай. Аль нэг оронд тохирсон арга хэрэгсэл нөгөө оронд нутагшихгүй байх нь элбэг. Монгол Улсын хувьд ч улс төр, эдийн засаг, нийгмийн өөрчлөлтүүдийг дэлхийн бусад орны сайн гэгдэж буй жишиг, зөвлөгөөгөөр хийсээр ирсэн. Гагцхүү эдгээр сайн жишиг, зөвлөгөөнөөс Монголын онцлогт тохирохгүй байгааг цаг тухайд нь засч, залруулахгүй явсаар өнөөг хүрлээ. Мэдээж алдаа байгааг оношилж хэлдэг хүмүүс байсаар байсан ч шийдвэр гаргагчид ёстой нэг чихээрээ оруулж, нөгөө чихээрээ гаргасаар ирсэн нь цахимжаад байгаа Улаанбаатар цахилгаангүй байгаагийн шалтгаан юм. Алдаа мэдээд, залруулж чаддаг нь хөгжөөд иргэдээ амар жимэр амьдруулж байхад утаа сарних нь салхинаас хамааралтай, цахилгааны таслахгүй байх нь -40 байсан хүйтний эрч -30 руу буухтай хамааралтай байгаа нь Монгол огт хөгжөөгүйг илэрхийлнэ.
Яавал бид хөгжих вэ? Монголын нийгмийн бүхий л харилцаа ерөнхийдөө мухардмал зам руу орж, ийм маягаар цаашаа явж болохгүй гэсэн дохиог өгөөд удлаа. Залуусын дийлэнх нь Монголдоо амьдрах дургүй, боломж олдвол гадагшаа явна гэсэн бодолтой болсон нь тэдний буруу биш, өнөөдрийн нийгмийн харилцаанаа ирээдүйгээ олж харж чадахгүй байгаа нь аюулын дохио гэж ойлгох нь учиртай.
Монголын нийгэмд бүхэлд нь реформ хэрэгтэй болжээ. Улс төрийн, эдийн засгийн, нийгмийн харилцааны, соёлын гээд бүхий л салбар, чиглэлд реформ хийх цаг болжээ. Энэ реформыг хэрхэн хийх, яаж хийх хэлэлцүүлгийг эхлүүлж байна.

МУИС-ийн Эдийн засаг, математикийн тэнхимийн багш, дэд профессор Н.Ууганбаатарын санал болгож буй “Эдийн засгийн реформын асуудлууд”-ыг хүргэе.
Халамжит төрийн загвар Монголын хөгжлийн загвар биш
Монгол яг ямар эдийн засгийн тогтолцоотой байх ёстой вэ гээд асуухаар хоёр зүйл очоод гацчихаад байна. Эхнийх нь бидний нутагшуулах гэсэн халамжит төрийн загвар фэйлдсэн. Өрнөдийн 300 жилийн уламжлалтай, ХХ зууны хоёрдугаар хагаст илүү дэлгэрч социал демократ үзэл баримтлалаар цааш хөгжсөн, дундэж давхаргад тулгуурласан халамжит төрийн загварыг сүүлийн 30 жилийн дийлэнхэд төр барьсан МАН Монголд нутагшуулах гэж оролдсон. Алдаа дутагдал бий. Гэхдээ халамжит төрийн энэ загвар урт хугацаандаа өндөр зардалтай. Энэ зардлыг энэ загварыг хөгжүүлсэн германчууд, францчууд, япончууд ч даахаа больж эхэлж байна. Энэ загвар хэсэг хугацаандаа нийгмийн хөгжлийг урагш түлхдэг үү гэвэл түлхдэг, гэхдээ хэзээ түлхдэг вэ гэвэл дундаж давхаргатайгаа хамт урагшлах үед, хэдий чинээ том дундаж давхаргатай байна тэр хэмжээгээр халамж байдаг. Ингэж явж байгаад хүн ам нь насжаад эхлэнгүүт зардлаа дийлэхээ болиод энэ загвар зогсоно. Энэ загварыг анх Англи туршсан, 1920-иод оны үед эхлүүлээд 1940-өөд онд оргил үедээ хүрсэн. Английн дараа Герман, Франц нутагшуулсан. Монголд энэ загварыг оруулж ирсэн ч ном ёсоор нь нутагшуулаагүй, сонгуулиас сонгуулийн хооронд явсаар байгаад зарим нэг элемент, тухайлбал, хамгийн чухал элемент болох хөдөлмөрийн зах зээлээ олигтой халамжилж, тэтгэж чадаагүй учраас дундаж давхарга Монголд үүсээгүй, улмаар зардлыг нь дийлэхээ больчихсон. Манайд гараанаасаа гарч чадаагүй зогсоосон загвар гэж би хэлнэ.
Хоёрт, монголчууд бидэнд хөгжих шаардлага их байна. Энэ бол хөгжчихсөн орнуудын дахин хөгжих гэсэн нийгмийн инженерчлэлийн өнцгөөс харсан модель байсан. Хөгжье гэвэл Зүүн Азийн л модель байна. Европыг дууриаж байгаад Монгол Азиас хоцорсон. Халамжит төрийг угсрах гэж бид үзээд фэйлдсэн. Хөгжлийн төр угсаръя гэхээр бид энэ хоёрын дунд гацчихаад байгаа. Төсвийн маргаан ч үүнийг тойрч эргэж байна, нэг хэсэг халамжилъя л даа гэдэг, нөгөө хэсэг нь хөгжье л дөө, аж үйлдвэртэй болъё, цахилгаан станцаа барья гэдэг. Халамжийн төр байх уу, хөгжлийн төр байх уу гэдэг дээр улс төрийн шийдэл гаргах ёстой, эсвэл нийгмээрээ шийдэх ёстой. Хоёуланг нь зэрэг авч явсан түүх байхгүй, боломж ч байхгүй. Халамжийн төрийг цааш үргэлжлүүлье гэхээр хэтэрхий өндөр зардалтай, хөгжлийн төрийн угсаръя гэхээр нутагших орон зайг нь гаргаж өгөхгүй байна.
Хөгжлийн төр буюу эдийн засгийн реформ
Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд бидний хийж чадсан зүйл бол хэрэглээ төвтэй эдийн засаг байлаа. 1990 оноос хойш Монголын эдийн засагт хоёр л том реформ хийгдсэн, эхнийх нь алдарт 20 дугаар тогтоол, хоёр дахь Ерөнхий сайд М.Энхсайханы эхлүүлсэн зарим нэг реформ. Гэхдээ М.Энхсайханы хийсэн реформ хүссэн үр дүнд нь хүргээгүй. Худалдаагаа чөлөөлөнгүүт аж үйлдвэрийн салбар унаад, Монголын эдийн засаг бүтцийн өөрчлөлтөд орсон. Ямар ч Ерөнхий сайд аж үйлдвэргүй хэрэглээний орон болъё гэж бодохгүй ч үр дагавар тийм байсан.
Монголын эдийн засгийн өнөөгийн байдлыг дараах байдлаар тодорхойлно. Үүнд,
Хэрэглээ төвтэй,
Импортын хамааралтай,
Татаасын,
Өндөр зардалтай,
Зөвхөн нүдэнд харагдах дэд бүтэцтэй
Дэд бүтцийн хөгжил сул,
Халамжийн эдийн засаг.
Үүнийг өөрчлөхийн тулд дараах 5 чиглэлд реформын санал:
Төсвийн реформ: Энэ хүрээнд татвар, халамжийн реформыг хосоор нь хийх. Татварын системийг илүү прогрессив болгох биш, харин илүү үр ашигтай болгох шаардлагатай. Халамжийг зорилтот бүлэг рүү шилжүүлж, татвар халамжийг нэгтгэх,
Үр ашгийн реформ: Энэ хүрээнд үр дүнг бууруулахгүйгээр үр ашгийг сайжруулах замаар төрийн албаны шинэчлэл хийх, төрийн албаны шинэчлэлийг удирдах албан тушаалтнаас эхлэх, удирдах албан тушаалтан менежмэнтийн чиг хандлагатай болж байж энэ реформ хийгдэнэ. “Ажилтан муу байгаа бол менежер хариуцлага хүлээдэг” алтан дүрэмтэй,
Эдийн засгийн реформ: Энэ хүрээнд салбарын бодлогоос эдийн засгийн бодлогод шилжих. Тухайлбал, бүх татаас, дэмжлэгийг ЭЗХЯ руу шилжүүлэх, үүнийгээ тарифын болон хөгжлийн бодлоготой уялдуулах, өрсөлдөх чадвар, эдийн засгийн потенциалыг нэмэгдүүлэхэд анхаарах,
Нийгмийн даатгал, хөдөлмөрийн оролцооны реформ: Энэ хүрээнд халамжийн бодлогыг хөдөлмөр эрхлэлттэй уялдуулах, хөдөлмөрийн зах зээлийг сэргээх, Хөдөлмөрийн хуулийг өөрчлөх,
Мөнгө санхүүгийн реформ хийх шаардлагатай.
Эхний ээлжинд хийх алхмууд
Эдийн засгийн бодлогын хоё гол цөм нь аж үйлдвэрийн бодлого, худалдааны бодлого учраас төсөв тойрч хэдхэн жижүүрийн зүйл ярьдагаа больж энэ хоёр бодлогоо ярих,
Өмчийн харилцааг тодорхой болгох,
Хэтэрхий өндөр зардалтай болчоод байгаа халамжит төрийн загварын зардлыг бууруулах шаардлагатай, тэгж байж орон зай гарч ирнэ,
Үр ашгийн хувьсгалыг нийгмийн бүхий л салбар, түвшинд хийх, бүүр хувь хүний түвшинд ч хийх, төгрөг болгоны зардлыг минимум байлгаад үр ашгийг максимум байлгах шалгуураар төсвийн сайн, мууг дүгнэх, түүнээс биш зээлжих зэрэглэл сайжирсан, бага хүүтэй зээл авах нь хөгжлийн үзүүлэлт биш.
Жич: Дэд профессор Н.Ууганбаатарын Монголын Эдийн засгийн сэтгүүлчдийн клубт 2026 оны 1-р сарын 22-ны өдөр хийсэн яриа, танилцуулгаас ашиглав.

Journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2025 оны 12-р сарын 31
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 15
2026 оны 1-р сарын 2
2026 оны 2-р сарын 5
2026 оны 1-р сарын 16
2025 оны 12-р сарын 23
2025 оны 12-р сарын 24
2026 оны 1-р сарын 20
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 16
2026 оны 1-р сарын 6
2026 оны 1-р сарын 15
2026 оны 1-р сарын 15
2026 оны 2-р сарын 3