2025 оны 12-р сарын 31
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 15
2026 оны 1-р сарын 2
2026 оны 2-р сарын 5
2026 оны 1-р сарын 16
2025 оны 12-р сарын 23
2025 оны 12-р сарын 24
2026 оны 1-р сарын 20
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 16
2026 оны 1-р сарын 6
2026 оны 1-р сарын 15
2026 оны 1-р сарын 15
2026 оны 2-р сарын 3


Монголбанк 19 газар, хэлтсийнхээ 9-ыг татан буулгаж, 126 хүнийг чөлөөлсөн гэдэг мэдээг өчигдөр олон нийт таатай хүлээж авсан. Энэ бол төрийн албыг цомхон байлгах иргэдийн хүлээлт байгааг илэрхийлэв.
Төрийн албаны тухай хуулийг 2017 онд шинэчлэн найруулснаар “хаалгаар биш цонхоор орж ирдэг томилгооны зөрчлийг хязгаарласан” гэх Төрийн албаны зөвлөлийн УИХ-д тавьдаг тайлангийн гоё өгүүлбэр төрийн дунд шатны албан тушаалтнуудын авлига, хулгайн хэргүүдэд аль хэдийнэ бүдгэрэн арилаад байна.
Ажил үүргийн давхардал арилгах нэрээр шинэ нэршил, шинэ албан тушаал, шинэ орон тоо нэмэгджээ
Төрийн биш төрлийнх хэмээн цоллуулах болсон Төв банкнаас эхлээд УИХ, Засгийн газрын харьяа зөвлөл, яам, агентлаг, төрийн өмчит компани, орон нутгийн засаг захиргаа гээд төрийн 4000 гаруй байгууллагад өнөөдөр 226895 албан хаагч ажилладаг. Шинэчилсэн хууль мөрдсөн 5 жилд төрийн албан хаагчийн тоо цөөрөх биш 20 мянгаар нэмэгдсэн байна. Эдийн засагчид цөөн хүн амтай, хязгаарлагдмал хөдөлмөрийн зах зээлтэй манайх шиг улсад төрийн албан хаагч нь 15%-иас давбал хэт их гэж дүгнэдэг. Энэ нь төрийн зардлыг үр ашиггүй болгох гол шалтгаан гэдэг. Гэтэл Монголын ажиллах хүчний 18% нь төрийн албан хаагч.
Эрхэм зорилгоо төрийн албыг иргэнд ойр, идэвх санаачлагатай, цомхон, чадварлаг, үр дүнд чиглэсэн манлайлагч менежерүүдээр бүрдүүлнэ гэж зарласан Төрийн албаны зөвлөл гэх байгууллага 30 жил намын сүүдэрт явжээ. Ер нь, намаас томилогдсон, Засгийн газарт сайд хийж явсан нэгэн хараат бус ажиллана гэдэгт та итгэх үү.
Тухайлбал, Засгийн газрын бүтцийн тухай хуулийг 2024 оны 7-р сарын 10-ны өдөр шинэчлэн баталснаар Төрийн албаны зөвлөлөөс батлах зөвшөөрөл олгосон албан тушаалын тодорхойлолтын тоо өмнөх оноос 1.4 дахин нэмэгдсэн гэнэ. Өөрөөр хэлбэл, ажил үүргийн давхардлыг арилгана гэж зарласан ч бодит байдал дээр шинэ нэршил, шинэ албан тушаал, шинэ орон тоо нэмэгдсэн гэсэн үг.
Төрийн албаны зөвлөлд сүүлийн жилүүдэд гарсан нэг ололттой зүйл бол шалгалт. Төрийн албаны шалгалтыг жилд 4 удаа цахимаар авч, ар өврийн хаалгагүй, төрийн албанд тэнцэх боломж иргэнд олгодог болсон. Гэхдээ энгийн иргэн шалгалтад тэнцлээ гээд төрийн албанд ажиллах боломжгүй. Нөөцөд бүртгүүлнэ. Таны горилсон албан тушаалд сул орон тоо гарахыг 3 жил хүлээнэ. Яг үнэндээ танилтай бол орно. 2024 онд төрийн албаны анхан шатны шалгалтад 4658 иргэн тэнцжээ. Гэхдээ 639 иргэн, албан хаагчийг хууль зөрчиж томилсныг илрүүлсэн байна. Томилгоо шалгалтыг тойрч болдог гэдгийг эндээс харж болно.
Хулгайчдын дамжаа ба хурган дарга нар
Харин дунд шатны буюу “хурган дарга” нарын тусгай шалгалтад тэнцсэн иргэд дүн шинжилгээ хийх чадварт хамгийн бага буюу 60 хүрэхгүй оноо авчээ. Монгол хэлний чадварт хамгийн өндөр гэх 70-73 оноо авсан гэнэ. Тэгэхээр манай дунд шатныхан ярих бичихдээ сайн ч шийдвэр гаргах, тооцоолохдоо сул юм байна. Гэхдээ төрийн албаны тусгай шалгалтын эрх Төрийн албаны зөвлөлөөс илүү яам, агентлагт өөрт нь бий. Салбар зөвлөл гэж тодорхойлдог ч бодит байдал дээр Төрийн албаны зөвлөлөөс илүү эрх мэдэлтэй. Төрийн албаны зөвлөл биш тухайн байгууллагын дарга л шийддэг гэж болно.
Өөр нэг анхаарал татахуйц ноцтой баримт бол төрийн албаны мэдээлэл технологийн албан хаагчдын мэдлэг чадвар. 2024 онд сорилд оролцсон албан хаагчид дунджаар 37.8 оноо авсан нь олон улсын дунджаас 25.8 пунктээр, улсын дунджаас 21 хувиар доогуур үнэлэгджээ. Юун цахим засаглал, их өгөгдөл, хиймэл оюун ухаан. Уг нь, Монгол Улсын Засгийн газрын дэлхийд арай дөнгүүр үнэлэгддэг нь цахим засаглал болоод байгаа ч ийм ур чадвартай албан хаагчидтай цаашид хол явах уу.
Хариуцлагын тогтолцоо сул байх тусмаа авлигачдыг өөгшүүлдэг
Өөрийнхөө ч биш, улсын ч биш мөнгөөр Дубай аялсан нийслэлийн татварын газрын дарга тэргүүтэй дүүргийн татварын хэлтсийн дарга нарт ёс зүйн хариуцлага ногдуулахдаа толгойлж явсныг нь ажлаас чөлөөлж, бусдыг нь албан тушаал бууруулсан. Хэний мөнгөөр явав, яав ийв гэдгийг тодруулсангүй. Ердөө ёс зүйн зөрчил гаргасан гэж үзсэн. Төрийн албаны хариуцлага тооцдог систем нэг иймэрхүү. Төрийн албаны зөвлөлийн гишүүдээс бүрдсэн Ёс зүйн хороо гэх газар 2023 онд бий болсон. Дор нь 2281 ёс зүйн дэд хорооны 9855 гишүүн төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажилладаг. Эдгээр дэд хороо нь 2024 онд 595 гомдол хүлээж авснаас 322 нь зөрчилтэй гэж үзсэн байгаа юм. Хариуцлага хүлээсэн албан хаагчдын 76.8% нь гүйцэтгэх, 7.6% нь удирдах түвшнийх. Ёс зүйн шийтгэл доод шатанд ногдож, удирдах түвшинд халдашгүй үлддэг гэж болно.
АТГ-т 2025 онд авлига, ашиг сонирхлыг зөрчлийг шалгуулахаар 942 гомдол ирснээс 159 албан тушаалтанд холбогдох зөрчил тогтоогдсон байна. Бүүр гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзэн холбогдох хэлтэст нь шилжүүлсэн гэжээ. 84 албан тушаалтанд сахилгын шийтгэл ногдуулахыг эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэхэд 41 хүнийг цалингийн хувиар, 9 хүнийг тушаал бууруулж, ердөө 5 хүн нийтийн албанаас чөлөөлжээ.
2025 онд шалгагдсан гэмт хэргийн улмаас 674.7 тэрбум төгрөгийн хохирол учирснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад 163.1 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 84.6 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжилсэн гэжээ. Үлдсэн 400 гаруй тэрбум төгрөг нь алдагдал болсон байх нь. Тэгэхээр төрийн албанд хурган дарга болоод төрд тэрбум тэрбумаар хохирол учруулсан ч хүлээх хариуцлага нь ингэс тэгэсгээд л болдог гэлтэй.
Олон улсын жишгээр төрийн алба гэдэг мэргэжлийн институц, ёс зүйн алдаа нь карьерын төгсгөл болдог учраас төрийн албан хаагчид тавигддаг гол зарчим нь улс төрөөс ангид байх. Гэтэл бид намын шугамаар орж ирээд алдаа гаргаж шийтгэл авсан ч дараагийн даргын хаалга сахиад суух боломжтой.
Төрийн албаны зөвлөлийн тайлангаас харвал Монголын төрийн албанд хууль дутаагүй, сургалт цөөдөөгүй юм байна. Хяналт нь даргын өмнө сөхөрч, хариуцлага нь удирдах түвшиндээ хүрдэггүй. Харин ч авлигчдыг өөгшүүлж, луйварчдыг хамгаалж байна.
Төрийн албаны шалгалтад тэнцсэн иргэдийн 20 гаруй хувь нь 25 хүртэлх насныхан гэхээр залууст төрийн албанд ажиллах сонирхол бол байна. Харамсалтай нь, тэнд ур чадвар биш танил тал нөлөөлсөн хэвээр. Харин Төрийн албаны зөвлөл шинэчлэлд манлайлагч биш ажиглагч төдий байр сууринд суусаар байна.

journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2025 оны 12-р сарын 31
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 15
2026 оны 1-р сарын 2
2026 оны 2-р сарын 5
2026 оны 1-р сарын 16
2025 оны 12-р сарын 23
2025 оны 12-р сарын 24
2026 оны 1-р сарын 20
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 16
2026 оны 1-р сарын 6
2026 оны 1-р сарын 15
2026 оны 1-р сарын 15
2026 оны 2-р сарын 3