2025 оны 12-р сарын 31
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 15
2026 оны 1-р сарын 2
2026 оны 2-р сарын 5
2026 оны 1-р сарын 16
2025 оны 12-р сарын 23
2025 оны 12-р сарын 24
2026 оны 1-р сарын 20
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 16
2026 оны 1-р сарын 6
2026 оны 1-р сарын 15
2026 оны 1-р сарын 15
2026 оны 2-р сарын 3


Төсвийн хөрөнгө оруулалт тоон үзүүлэлтээр нэмэгдсээр байгаа ч хөгжлийг хангах хөшүүрэг болж чадахгүй байна.
Монгол Улсын төсвийн зардал жил ирэх тусам тэлсээр байгаа. 2020 онд улсын төсвийн нийт зардал 13.9 их наяд төгрөг байсан бол 2024 онд 30.4 их наяд төгрөгт хүрч, жилд дунджаар 21.6%-иар өссөн. Үүний дотор төсвийн хөрөнгө оруулалтын дүн жилд дунджаар 22 орчим хувиар өсч, 1.4 их наяд төгрөгөөс 3.1 их наяд төгрөгт хүрчээ.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтын дийлэнх нь боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч зэрэг суурь салбаруудад хуваарилагдаж байгаа боловч гүйцэтгэл болон хэрэгжилт хангалтгүй, хөгжилд үзүүлж буй нөлөөллийг бодитоор дүгнэх явдал хангалтгүй байсаар байгааг Нээлттэй нийгэм хүрээлэнгээс шинэхэн танилцуулсан судалгаанд дурджээ.
Судалгааг нээлттэй мэдээлэлд үндэслэн А.Мөнхцог ахлагчтай, судлаач Д.Болортуяа, Ц.Булгансайхан, Э.Мөнхболд, Э.Төгөлдөр нарын бүрэлдэхүүнтэй баг хамтран гүйцэтгэжээ.
Судлаачид 2020-2024 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын нээлттэй мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн байна. Төсвийн хөрөнгө оруулалтыг зөвхөн тоон өсөлтөөр бус, үр нөлөө, чанар, нийгэм, эдийн засгийн өгөөжөөр хэмжих үзэл баримтлалд шилжих шаардлагатай байгааг судлаачид дүгнэсэн байна.
2020 он:
Нийт 1356 төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр 1.6 их наяд төгрөг батлагдсан бөгөөд үүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих 1347 төсөл, арга хэмжээний 1.3 их наяд төгрөг, “Барих шилжүүлэх” нөхцөлтэй концессын гэрээгээр хэрэгжих 9 төсөл, арга хэмжээний 323.5 тэрбум төгрөгийг тус тус баталжээ.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих 1347 төсөл, арга хэмжээнээс 844 (62.6%) төсөл, арга хэмжээ шинээр хэрэгжиж, 503 (37.4%) төсөл, арга хэмжээ нь он дамжин хэрэгжсэн бөгөөд санхүүжилтийн гүйцэтгэл жилийн эцсийн байдлаар 1,093.7 тэрбум төгрөг буюу 82.2%-ийн биелэлттэй байжээ.
Төсвийн тухай хуульд шинээр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээг төлөвлөхдөө төсөвлөлтийн шаардлагыг хангасны дараа төсөвт тусгахаар заасан боловч нийслэлийн Засаг даргад эрх шилжсэн 2020 онд шинээр хэрэгжих 138.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 209 төсөл, арга хэмжээнээс 42 баталгаажсан зураг, төсөвгүй байжээ. Төсөвлөлтийн шаардлага хангаагүй төсөл, арга хэмжээг баталж хэрэгжүүлснээр байгаль орчинд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй зарим асуудал үүссэн байна, Тухайлбал, нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороонд 2.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 300 хүний суудалтай Агро паркийн эко сургалтын
Агро паркийн эко сургалтын төвийн барилга БОНХАЖ-ын болон БХБ-ын сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаалаар баталсан Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмын 3.95 дахь заалтыг зөрчин баригдсан тул холбогдох газраас ус хангамж, ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд холбох техникийн нөхцөлийг олгоогүй байна. Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсэд баригдсан барилга байгууламж нь хүрээлэн буй орчны тэнцвэрт харьцаа, аюулгүй байдалд нөлөөлөх эрсдэлтэй тул холбогдох мэргэжлийн байгууллагаар хянуулж, дүгнэлт гаргуулах нөхцөл үүссэн байна.
Мөн зарим барилга, байгууламжийн нэмэлт ажлын зураг, төсвийг хууль батлагдахаас өмнө магадлал хийлгэж баталгаажуулаагүйгээс төсөвт өртөг нь 1.7 тэрбум төгрөгөөр нэмэгдэж батлагдсан байна. Тухайлбал:
» Цэцэрлэгийн барилгыг буулгаж, шинээр барих, 240 ор /Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг, 28 дугаар цэцэрлэг/ төслийн 2.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөг 728.1 сая төгрөгөөр;
» Цэцэрлэгийн барилга, 250 ор /Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг, 31 дүгээр хороо/ төслийн 2 тэрбум төгрөгийн төсөвт өртөг 500 сая төгрөгөөр;
» Цэцэрлэгийн барилга, 150 ор /Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг, 10 дугаар хороо/ төслийн 1.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөг 250 сая төгрөгөөр тус тус нэмэгджээ.
2021 он:
Нийт 1106 төсөл, арга хэмжээний 1.6 их наяд төгрөг батлагдсанаас, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1101 төсөл, арга хэмжээний 1.4 их наяд төгрөг, “Барих шилжүүлэх” нөхцөлтэй концессын гэрээ байгуулсан төслүүдийн эргэн төлөлтөд 5 төсөл, арга хэмжээний 266.2 тэрбум төгрөг тус тус батлагдсан. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2021 онд 1101 төсөл, арга хэмжээнээс 458 төсөл арга хэмжээ (41.6%) шинээр, 643 төсөл арга хэмжээ (58.4%) нь он дамжин шилжин хэрэгжсэн бөгөөд санхүүжилтийн гүйцэтгэл 1.3 их наяд төгрөг буюу 92.4%-ийн биелэлттэй байжээ.
Аудитын тайлангаар нийт 141 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 60 барилга, байгууламжийн төсөл, арга хэмжээг магадлалаар баталгаажсан зураг төсөл, төсөвгүйгээр хуульд батлуулсан зөрчил илэрсэн байна. Үүнээс хамгийн өндөр дүнтэй 5 төслийг дурдвал:
» 2021 онд эхлэх Төв аймгийн Зуунмод суманд баригдах Монголын Үндэсний археологи, палеонтологи, угсаатны музей, лабораторийн ажил;
» 2021 онд эхлэх Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн Боловсролын үнэлгээ, мэдээллийн нэгдсэн төвийн барилга;
» 2021 онд эхлэх Дорноговь аймгийн Сайншанд сумын 7-р багт баригдах “Саран хөхөө” театрын барилга, 700 суудал;
» 2021 онд эхлэх Дорнод аймгийн Хэрлэн суманд баригдах Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн хүүхдийн эмнэлгийн барилга, 200 ор;
» 2021 онд эхлэх Дорноговь аймгийн Сайншанд сумын 3-р багт баригдах Соёл, урлагийн ордон, 500 суудал бүхий төслүүд байжээ.
Түүнчлэн шинээр хэрэгжих 257 төсөл, арга хэмжээнээс 13 нь (нийт 37.3 тэрбум төгрөгийн өртөгтэй) баригдах газрын зөвшөөрөлгүй, байршил нь тодорхойгүйгээр батлагдсан бөгөөд 3 төслийн газрын асуудал бүрэн шийдэгдээгүй тул хэрэгжилт зогссон байна.
2022 он:
Нийт 1376 төсөл, арга хэмжээнд 1.5 их наяд төгрөг батлагдсанаас, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1369 төсөл, арга хэмжээний 1.2 их наяд төгрөг, “Барих-шилжүүлэх” нөхцөлтэй концессын гэрээ байгуулсан төслүүдийн эргэн төлөлтөд 7 төсөл, арга хэмжээний 303.6 тэрбум төгрөг тус тус батлагдсан байна.
2022 онд шинээр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний 29.4%, 2021 оноос хойш хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний 30.1% нь бодлогын баримт бичигтэй нийцээгүй байна. Үндэсний аудитын газраас гаргасан тайланд дурдсанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд туссан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ нь Монгол Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөртэй уялдаагүй, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт чиглэсэн байна. Энэ нь дунд хугацааны бодлогын баримт бичгүүд нь харилцан уялдаагүй, улсын төсвийн хөрөнгө оруулалт нь хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг дэмжихгүй байгааг харуулж байна.
Шинээр хэрэгжүүлэх 664 төсөл, арга хэмжээнээс барилга, байгууламж, их засвар ангилалд 502 төсөл, арга хэмжээ байсны 81% буюу 406 төсөл, арга хэмжээ нь магадлалаар баталгаажсан зураг, төсөлгүй батлагджээ.
Төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 99.7%-тай байжээ.
2023 он:
Төсвийн 21 ерөнхийлөн захирагчийн төсвийн багцад тухайн оноос эхлэн хэрэгжих 10, өмнөх оноос үргэлжлэн хэрэгжих 1129, нийт 7,376.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 1139 төсөл, арга хэмжээг 2,686.0 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр тусгажээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1139 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс 77.5% буюу 883 төсөл, арга хэмжээг 2023 онд, 22.5% буюу 256 төсөл, арга хэмжээг дараагийн онуудад үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Үндэсний аудитын газрын тайланд тусгаснаар тухайн онд хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгасан шинээр эхлүүлэх барилга байгууламж, их засварын 5 төсөл, арга хэмжээнээс 3 нь магадлалаар баталгаажсан зураг, төсөвтэй байх шаардлагыг хангаагүй байна. Үүнд:
I. НУБХОАЗБТБХД-ийн багцын 45.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй Нийтийн тээврийн автопарк /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг/ төсөл, арга хэмжээний магадлалаар баталгаажсан зураг, төсөвгүй, газрын зөвшөөрөл, техникийн нөхцөл олгосон байх шаардлагыг хангаагүй;
II. НУБХОАЗБТБХД-ийн багцын 45 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй Түгжрэлийг бууруулах, хотын төвлөрлийг сааруулах асуудлын хүрээнд захиргааны зарим байгууллагын нэгдсэн цогцолбор барилгын дуусгал /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг/ төсөл, арга хэмжээ нь төсөвлөлтийн шаардлагыг хангаагүй;
III. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын багцын 0.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй “Өнөр бүл” хүүхдийн төвийн их засварын ажил зураг төсөвтэй байх шаардлагыг хангаагүй байхад төсөвт тусгасан байна.
2023 оны Төсвийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалд шинэ төсөл, арга хэмжээний тоог хязгаарлаж, өмнөх онуудад эхлүүлсэн шилжих төсөл, арга хэмжээг санхүүжүүлж, ашиглалтад оруулах чиглэл баримтлахаар төлөвлөсөн боловч 12.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй шинээр эхлэх 2 төсөл, арга хэмжээг төлөвлөсөн байна. Үүнд:
» Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцад 2022 оноос 2023 онд шилжин хэрэгжих Орон нутгийн хөгжлийг дэмжих “Шинэ хөдөө” /Булган/ төсөл арга хэмжээний 1.9 тэрбум төгрөгийн төсөвт өртгийг 6 дахин нэмэгдүүлж, Баянхонгор, Говьсүмбэр, ДарханУул, Дорноговь, Дундговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Орхон, Төв, Ховд, Хөвсгөл аймаг болон Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт хэрэгжих 10.2 тэрбум төгрөгийн өртөгтэй шинэ ажлыг;
» Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцад 2023 оноос шинээр эхлэн хэрэгжих 2.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй “Бизнес инкубатор төв”-ийн барилга /Увс, Улаангом сум/-ыг 2022 оноос шилжих арга хэмжээ нэрээр тусгасан байна.
Төсөвт тусгагдсан шинээр хэрэгжүүлэх 10 төсөл, арга хэмжээний талаас илүү нь зураг төсөв, техникийн нөхцөл, газрын зөвшөөрөлгүй батлагдсан. Тухайлбал, 90 орчим тэрбум төгрөгийн өртөгтэй нийтийн тээвэр болон захиргааны барилгын төслүүд зураг төсөвгүй, шаардлага хангаагүй нөхцөлтэйгөөр төсөвт туссан байна.
2024 он:
Нийт 1320 төсөл, арга хэмжээнд 3.85 их наяд төгрөг батлагдсанаас улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1319 төсөл, арга хэмжээнд 3.8 их наяд төгрөг, “Барих-шилжүүлэх” төрлөөр гэрээ байгуулсан 1 төсөл, арга хэмжээний эргэн төлөлтөд 25 тэрбум төгрөг тус тус батлагдсан.
УИХ-ын 2024 оны 64 дүгээр тогтоолоор “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал” батлагдсан бөгөөд тухайн бүс нутгийн онцлогт тулгуурласан хөгжлийг дэмжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр хуульчлагдсан байна. Энэ хүрээнд төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд хэрэгжүүлсэн төслүүдийг бүс нутгаар нь харвал Хангайн бүсийн гүйцэтгэл хамгийн өндөр буюу 89%, Хойд бүсийн гүйцэтгэл хамгийн бага буюу 74%-тай гарсан бөгөөд улсын хэмжээнд гүйцэтгэл дунджаар 81.5 хувьтай байна.
2024 оны төсвийн хөрөнгө оруулалт нь тоон дүнгээр өссөн ч гүйцэтгэл буурч, төслийн санхүүжилт гажуудан, бүсүүдийн хувьд эрс ялгаа гарч, санхүүжилтийн механизмыг хойшлуулах аргачлал давамгайлсан нь төсвийн бодлогын хэрэгжилтэд системийн доголдол байсаар буйг нотолж байна.
Төсвийн хөрөнгө оруулалтыг төлөвлөх урт, дунд, богино хугацааны бодлогыг уялдуулах, улсын төсөв, орон нутгийн төсөв, гадаадын зээл, тусламж, тусгай сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний нэр төрөл, цар хүрээ, төсөвт өртгийн хэмжээ, зориулалт зэргийг тодорхой болгох, эрх зүйн зохицуулалтыг сайжруулах шаардлагатай байна.
Түүнчлэн тоног төхөөрөмжийн нэн тэргүүний хэрэгцээ шаардлагыг судалж тооцох, тодорхойлох, төлөвлөх, хянах тогтолцоо бүрдээгүйгээс Эрүүл мэндийн сайдын багцын тоног төхөөрөмжийн төсөл, арга хэмжээнээс “Туулах чадвар сайтай, алсын түргэн тусламжийн автомашин” нэрээр 2.2 тэрбум төгрөгөөр 9 ширхэг жийп машин буюу “Toyota Land Cruiser 300GXR”, “Land Cruiser 250”, “Land Cruiser Prado 150”, “Hilux”, “Grand cherokee” маркийн автомашин худалдан авч, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Улсын нэг, хоёрдугаар төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Эх, хүүхдийн, эрүүл мэндийн үндэсний төв, Баян-Өлгий, Архангай, Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газарт тус тус олгосон байна. Энэ нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.116, 6.317 дахь заалттай нийцээгүй байна.
Төсөвлөлтийн шаардлага хангаагүй төсөл, арга хэмжээг төлөвлөж баталснаас зураг төсөв, ажлын даалгавар, техникийн тодорхойлолтыг боловсруулж, магадлалаар баталгаажуулахад тодорхой хугацаа зарцуулснаас шалтгаалж 272.7 тэрбум төгрөгийн гэрээний дүнтэй 45 барилга байгууламжийн ажлын тендерийг 2024 оны 10, 11, 12 дугаар сард зарласнаар гэрээ байгуулах ажиллагаа хойшлогдож, тухайн онд төлөвлөсөн санхүүжилтийг зарцуулах боломжгүй болжээ.

Journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2025 оны 12-р сарын 31
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 15
2026 оны 1-р сарын 2
2026 оны 2-р сарын 5
2026 оны 1-р сарын 16
2025 оны 12-р сарын 23
2025 оны 12-р сарын 24
2026 оны 1-р сарын 20
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 16
2026 оны 1-р сарын 6
2026 оны 1-р сарын 15
2026 оны 1-р сарын 15
2026 оны 2-р сарын 3