НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Баруун хязгаар нутгаар
АНАЛИЗ|Үзэл бодол

Баруун хязгаар нутгаар

2025 оны 12-р сарын 31
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

ХИС-ийн Сэтгүүл зүй, медиатехнологийн тэнхимээс Монголын их, дээд сургуульд сэтгүүл зүйн чиглэлээр суралцдаг оюутнуудын дунд зохион явуулдаг “Алтан үзэг” шилдэг бүтээл шалгаруулах наадамд оролцсон оюутнуудын нийтлэлийг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаад МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн IV түвшний оюутан С.Баасансүрэнгийн нийтлэлийг хүргэж байна.

/Аян замын тэмдэглэл/

Зуны дэлгэр цагт, баяр наадмын амралтаар Алтай таван богдыг зориход хамгийн тохиромжтой. Төв аймгийн Эрдэнсант сумаас цааш явж үзээгүй хүнд бүх зүйл шинэ, сонин байхын зэрэгцээ 1800 гаруй километр гэдэг их л хол санагдана. Өвөрхангай хүртэл зам энхэл донхол ихтэй ч тэндээс цааш Баянхонгор, Говь-Алтай, Ховдын замыг ойрын хэдэн жил засаж янзалсан болохоор торго шиг байх аж. Аяллын эхний өдрөө хоноглохоор Баянхонгор аймагт саатлаа. Аймгийн төвийг нь өнгөц харахад бүтээн байгуулалт хийгдсэн том хот шиг санагдана. Энэ жилийн наадмын бөхийн түрүүг Баянхонгорын бөх Э.Батмагнай авчээ. Тэдний хувьд 1949 онд Пагмын Аюуш Улсын наадамд түрүүлснээс хойш урт хугацааны дараа дахин нэг арслантай болж байгаа нь энэ аж.  

“Хослон цэнхэртэх  

Хангай говийн  

Хонгор нутаг хонгор нутаг минь

Хосгүй чамдаа хайртай” гэж хамгийн эхэнд таарсан дэлгүүрт ороход л бахархал, баяр хөөрөөр дүүрэн хүмүүс дуулж хуурдана. Баяр хөөр дунд нэг хоноод хослон буй хонгор нутгаас цаашиллаа.  

“Цахиур” Төмөрийн нутгаар

Баруун тийш явах тусам цаг агаар сэрүүсч, зуншлага муу байгаа нь илт. Угаас хуурай, эрс тэс уур амьсгалтай болохоор аргагүй биз.

Говь-Алтай гэдэг нэрнийх нь эхлэлээс болоод уу, мэдэхгүйн гайгаар уу элсээр дүүрэн гэж төсөөлж байсан нь миний ахарханых. Говь, Алтай хосолсон энэ аймгийн тогтоц их өвөрмөц. Алтайн өндөр уулсыг Ховд аймгаар л хүмүүс төлөөлүүлж ярьдаг ч тооноороо хонио харж болохоор уулс Говь-Алтайгаас эхэлдэг.  

Хуучны Засагт хан аймгийн нэг хэсэг байсан уг газар бол Засагт ханы “Цахиур” Төмөрийн нутаг юм. Зууны манлай роман болох Ч.Лодойдамбын “Тунгалаг Тамир” дээр гардаг дүрээр нь бид илүү сайн мэднэ. Энэ дүр нь зүгээр нэг уран зохиолын хийсвэр дүр биш аж. Ардын хувьсгалын үед амьдарч байсан “Салхин” Сандаг гэдэг бодит хүнээс жишээ авч агуу зохиолч романдаа мөнхөлжээ. Түүхч Н.Нагаанбуу нэгэн удаа “Хүн төрөлхтний түүхийн агуу их өнгөрсөн цагийн ихэнхийг овгийн ахлагч нарт захирагддаг байсан балар эртний үе эзэлдэг. Үүний дараа хүн төрөлхтөн нэлээд хөгжсөний эцэст “Баатарлагийн эрин” эхэлсэн. Энэ эриний үндэс маш ихтэй газар бол Монгол. Энэ эриний бүхэл бүтэн үндэстний сэтгэлгээн дундаас нэг хэсэг эр тодрон товойж гарсан нь шилийн сайн эрчүүд. Тэд нийгмийн тэгш бус байдлыг үгүйсгэж, шударга бус байдалд өширхсөн хүмүүс. Тэд шударга бусаар хөрөнгөжсөн ноёд, баячуудын мал хөрөнгөөс тасдаж ядуу ард иргэдэд тарааж өгдөг байсан” гэж хуучилсныг зохиолч Б.Ойдов бичсэн байдаг.  

Шилийн сайн эр, нутаг усандаа гайхагдаж магтагдсан энэ хүний хөшөөг 2011 онд Дэлгэр сумаас Алтай хот орох замд “Хонгор толгойн өвөр дээр хорьдоор хоёулаа уулзъя” гэж дуулж явсан Хонгор толгой дээр “Монгол эрчүүдийн хийморийн шүтээн” гэх нэрээр олон шилийн сайн эрийн хийморь лундааг бататган мөнхжүүлж “Цахиур” Төмөрөөр төлөөлүүлсэн бүтээл юм. Кинон дээрээ гардаг шиг дээлээ сугалдаргалан, ард малгай өмссөн ханагар сайхан эр хөтөлгөө морьтой явааг дүрсэлж бүтээжээ. Тэндээс Хонгор толгой, Хасагт хайрхан, Тарлан хайрханыг хараад зөөлөн салхины исгэрээг сонсон зогсох нь ээ шилийн сайн эрсийн морьдын төвөргөөн сонстох шиг болж тэр цаг үе бодолд уяатай хоцорно.

Монголын Швейцар

Өртөөлөн явсаар сүрлэг уулсаар хүрээлүүлсэн Өлгий хотод ирлээ. Бид Өлгий хотоос Алтай таван богд хүрэх 200 орчим километрийг шороон замаар туулахаар шууд хөдлөв. Аялагчид Өлгий хотод машинаа үлдээгээд цааш пургон эсвэл “дөмөгхөн” машин хөлсөлж явах нь элбэг. Учир нь, энэ замаар чансаатай хүлэг л явна уу гэхээс жижиг тэргүүд салж унаад ирнэ гэлцдэг. Олуулаа бид хүний 150-200 мянган төгрөгөөр пургон хөлсөлвөл зардал “талийж” өгөхөөр байсан тул өөрсдийн машинаар гэлдрэхээр болов. Далайн түвшнөөс дээш 4374 метрт орших уулыг үзэхээр гуу жалга, хад асга дээгүүр өгсөж, ёстой л ачаатай “гулууз” шиг сэгсрэгдэнэ. “Зүгээр л нэг мөстэй уулын юунд нь болдог юм бэ?” гэж замын хэцүүг гайхаж халагласаар дөхөх тусам амнаас уур гарч бодол сарниулна. Дээш өгссөөр Ерөнхийлөгчийн овоо хүрээд цааш тонгоймогц гайхамшиг угтах нь тэр. Сүр хүчин, үзэмж гоо төгс Хүйтэний, Найрамдал, Бүргэд, Наран, Малчин зэрэг таван оргил өөдөөс хөшилдөн налайж, сүлэлдэн мушиграх мөсөн гол даллан дуудах мэт угтаж сая нэг сэтгэл цэлсхийхэд нулимс цийлэгнэх нь тэр. Илээд авмаар ойрхон харагдах уулсын оргилыг үүл, манан нэг татаж, нэг болих нь үзэмжтэйг яана. Үлгэрийн мэт энэ байгалийг тольдох гэж л тийм хэцүү замыг туулжээ. Мэлмийгээ баясгаж, сэтгэлээ ундаалж, бодлоо ариусгаж авлаа. “Айлаас эрэхээр авдраа ух” гэдэг шиг Швейцарыг мөрөөдөж суухаар Монголоороо эрт аялах минь яав даа.

Үнэт зүйл

Буцах замдаа холгүйхэн нэгэн казах айлаар зочлоход өнгөлөг хээ хуараас гадна гэр нь анхаарал татна. Бидний мэдэх монгол гэрийг бодвол хэмжээ нь арай том, хана нь гадагш матигардуу, унины бөгс нь дотогш бөмбөгөр учир илүү өндөр харагдана. Дотроо ч цэлгэр юм. Улаан хацартай тэрсхэн хөвгүүд гарч орж гүйлдэхэд ээж нь казахаар аашлана. Царай зүс, ахуйн соёл төстэй ч хэл яриа нь өөр хоёр ертөнц. Цааш замаа олохгүй төөрч яваад мотоцикл унасан хоёр эртэй таарч зам асуух гэтэл бас л хэл нэвтрэлцэж чадсангүй. Уг нь энд хоёрдугаар ангиас нь монгол хэлний хичээл ордог гэдэг. Өлгий хотод мөн л жуулчид их ордог дэлгүүр, хоолны газарт л гэхээс бусад таарсан хүмүүс монгол хэлээр барагтаа ярьдаггүй юм байна. Харин ярьдаг цөөн хэдэн хүмүүс нь “жижүүр”-ийн хэдхэн үгээр л бидэнтэй ойлголцоно.  

Казахууд 19-р зууны дунд үед Шиньжаны нутгаас дүрвэн Алтайн нурууг даван нүүдэллэж Монголын баруун хязгаар болох одоогийн Баян-Өлгий аймагт ирж суурьшсан түрэг угсааны хүмүүс бөгөөд шашин шүтлэг, хэлээрээ бусдаасаа ялгаатай.  

Баян-Өлгий аймгийн бүх хаяг казах хэлээр байсан цаг саяхан. 2013 онд УИХ-аас Хаягжилтын тухай хууль баталж, хэрэгжүүлэх дүрэм, журам гаргасантай холбогдуулан аймгийн төв, суурин газрын хаягийг өөрчлөхөөр болсон. Уг ажлыг 2018 онд бүрэн хэрэгжүүлж тус аймгийн бүх хаягийг монгол хэлээр болгосон байна.  

Энэ бол зүгээр нэг хэлний ялгаа биш. Монгол улсын бүрэлдэхүүн дэх үндэсний цөөнхийн хувьд казахууд хэл соёлоо өвлөн хадгалж ирсэн нь манай улсын хувьд соёлын олон өнгийн нэг бахархалт хэсэг. Гэвч монгол хэл бол манай улсын албан ёсны хэл. Бид олон хэл дундаас нэгэн дуугаар ойлголцох энэ хэл нь бидний үнэт зүйл гэдгийг мартаж болохгүй.  

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20