2026 оны 2-р сарын 16
2026 оны 3-р сарын 15
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 5
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 23
2026 оны 3-р сарын 15
2026 оны 3-р сарын 27
2026 оны 3-р сарын 11
2026 оны 3-р сарын 24
2026 оны 3-р сарын 4
2026 оны 3-р сарын 22
2026 оны 2-р сарын 21
2026 оны 3-р сарын 19
2026 оны 2-р сарын 27


Монгол Улс дэлхийн 197 орны төр засгийн тэргүүн, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгчдийг ирэх 8-р сард хүлээн авч, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг (COP17) зохион байгуулна.
Нийт газар нутгийнх нь 80% нь цөлжсөн Монгол улсын хувьд энэ бол том арга хэмжээ. Зөвхөн олон улсын хурал, цуглаанаар хэмжигдэхгүй. Цөлжилтийг зогсоох бодит хөрөнгө оруулалт, орчин үеийн техник, технологийг татах боломж юм. Кот-д Ивуар улс $1.5 тэрбум, Энэтхэг $100 саяыг энэ платформоор татаж, элсний нүүдэл, шар шороон шуургатай "байлдаж" эхэлсэн бодит кейс бидний өмнө бэлэн байна.
Уг нь, Монгол Улс энэ бага хуралд анхаарлаа ид хандуулж байх ёстой цаг. Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтөөс сэргийлэх, ногоон эдийн засгийг дэмжих төслүүдээ бариад хөрөнгө оруулагч нарыг угтахын оронд байгальтайгаа байлдаж буй дүр зурагтай л COP 17-гийн зочдыг хүлээж сууна.
Улаанбаатарчуудын усны хэрэглээ даацаас хэтэрсэн

Улаанбаатар хотын Засаг дарга Х.Нямбаатар холбогдох албаныхныг дагуулан Туул голын дагуу завиар "аялахдаа" өмнө нь олон үлгэр, домог ярьсан. Түүний “Туул гол, түүний ай сав бол олон зүйлийн загас шувууд, амьтдын өлгий болсон монголчуудын эх түүхийг хадгалсан нутаг. Хамгийн чухал нь нийслэлчүүдийн ундны эх үүсвэр юм. Туул голын эко системийг аварч үлдэхийн тулд нийслэлээс хэдэн хэдэн ажлыг хийнэ” гэх үгнийх нь үсэрсэн шүлс ч хатаагүй шахам байна.
Хэлсэн үг, хийсэн ажил нь үргэлж зөрдөг Монголын дарга нарын жишгээр түүний орлогч Т.Даваадалай “Бид Туул голоос усаа авдаггүй. Ундны усанд нөлөөлөөд Улаанбаатар хотыг усгүй болгоно гэх мэт зүйл бол худал мэдээлэл” /2026.03.31/ гэж олны тархийг угаах гэж оролдож буй нь өрөвдмөөр. Захын жаал ч Туул голоос ундаалдагаа мэднэ. Харин мөнгө цагаан, нүд улаан болсон МАНай хотын дарга нар тэр хамаагүй.
Улаанбаатар бол дэлхийн хамгийн хүйтэн төдийгүй хуурай цаг агаартай нийслэл хотуудын нэг юм. Жилд дунджаар 250-280 мм хур тунадас ордог. Харьцуулбал, дэлхийн дундаж чийглэг хотуудад энэ үзүүлэлт 800-1000 мм-ээс дээш байдаг. Хур тунадасны дийлэнх нь зуны 7, 8-р сард ордог тул жилийн бусад хугацаанд маш хуурай уур амьсгалтай. Хуурай уур амьсгалаас болоод тоосжилт ихтэй, хөрсний эвдрэлийг ч нэмэгдүүлдэг.
Манай хот усны нөөцийн хомсдолд орох өндөр эрсдэлтэй хотуудын жагсаалтад ордог. Улаанбаатарчуудын ундны усны хэрэглээг Туул голын сав газрын гүний усаар 100% хангадаг. Гүний ус, гадаргын ус хоёр хоорондоо амин холбоотой. Харамсалтай нь, нийслэлчүүдэд тулгараад байгаа нэг аюул нь гүний усны нөөц нь хур тунадас болон голын урсацаар нөхөгдөхөөс илүү хурдан шавхагдаж байна.
Улаанбаатар хотын төлөвлөлт анх 500-600 мянган хүнд зориулагдсан бол өдгөө 1.6 сая гаруй хүн амьдарч байгаа нь усны хэрэглээг даацаас нь хэтрүүлсэн. Хэрэвзээ усны эх үүсвэрийг нэмэгдүүлж (жишээ нь, гадаргын ус хуримтлуулах, ус дахин ашиглах), хэрэглээг нь зөв зохицуулахгүй бол ойрын жилүүдэд Улаанбаатар усны хомсдолд орохыг мэргэжилтнүүд ч сануулсаар. Мэргэжилтнүүдийнхээ үгийг сонсдоггүй хотын хоёр дарга мэддэг ChatGPT-ээсээ энэ тухай ядаж асуучих ёстой байв.
Туулын хурдны зам экологийн, эдийн засгийн, эрүүл мэндийн олон эрсдэл дагуулсаар
Монгол Улс бол дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг 10 орны нэг гэж судлаачид тогтоосон. 1940 оноос хойш агаарын дундаж температур 2.3 градусаар дулаарсан бол хур тунадас 7.4 хувиар буурч, хуурайших, гандах, цөлжих явц илт мэдрэгдэх болсон.
Улаанбаатар хотын агаар дахь тоосны 40 хүртэлх хувь нь хөрсний эвдрэл, цөлжилтөөс үүдэлтэй. Гол шалтгаан нь хүний буруутай үйл ажиллагаа. Үр дагаварт нь нийслэлчүүд тоосны манан дунд амьдарч, арьс болон нүдний өвчлөл сүүлийн 4 жилд 15%-иар өссөн байна.
Орчин цагт гол мөрөн бол хотын “уушги” болсон. Гол дагасан цэцэрлэгт хүрээлэн, амралт зугаалгын газрууд хотын өнгө үзэмж, үнэ цэнийг тодорхойлдог гэж үздэг. Тиймээс дэлхийн хотууд гол мөрнөө аврах замаар иргэдийнхээ эрүүл мэндийг ч хамгаалдаг.
Сөүл хот Чонгечон гол дээгүүрх хурдны замаа буулгаснаар хотын агаарын температур дунджаар 3.3 хэмээр буурч, агаарын сэлгэлт эрс сайжирчээ.
Гэтэл бид Туулын бургас, шугуйг устгаж ундны устайгаа дайн зарлаад явж байна. Туул голыг хамгаалах нь зөвхөн усны асуудал биш юм. Бидний амьсгалах агаар, үр хүүхдийн маань эрүүл орчинд амьдрах, амьд явах эрхийн асуудал давхар хөндөгдөж байгаа юм. COP 17-д барьж буй хотын хоёр даргын "сюрприз"-ийн ард экологийн, эдийн засгийн, эрүүл мэндийн олон эрсдэл бодитоор нүүрлэсэн. Тиймээс нийслэлийн хоёр дарга том уу, нийслэлчүүд том уу гэдгээ одоо л харуулах цаг болсон байна.

journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 2-р сарын 16
2026 оны 3-р сарын 15
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 5
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 23
2026 оны 3-р сарын 15
2026 оны 3-р сарын 27
2026 оны 3-р сарын 11
2026 оны 3-р сарын 24
2026 оны 3-р сарын 4
2026 оны 3-р сарын 22
2026 оны 2-р сарын 21
2026 оны 3-р сарын 19
2026 оны 2-р сарын 27