2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 11
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 17
2026 оны 5-р сарын 14
2026 оны 5-р сарын 15
2026 оны 5-р сарын 15
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 18
2026 оны 5-р сарын 12
2026 оны 5-р сарын 18
2026 оны 5-р сарын 14
2026 оны 5-р сарын 14

Одоогоос 40 жилийн өмнө 1986 оны 4-р сарын 26-ны шөнийн 01.23 цагт Чернобылийн атомын цахилгаан станцын (АЦС) 4 дүгээр блокт гарсан дэлбэрэлт нь үйлдвэрлэлийн осол байсангүй. Энэ нь Зөвлөлтийн шинжлэх ухаан, улс төрийн системийн гамшиг байв. Энэ гамшиг нь зөвхөн Зөвлөлтийн гамшиг байсангүй. Дэлхийн бүх иргэдэд учруулсан цөмийн гамшиг байв.

Чернобылийн ослын үндэс суурь нь RBMK-1000 (Reaktor Bolshoy Moshchnosti Kanalny) гэх улстөржсөн инженерчлэл болох "Сувгийн хүчирхэг реактор"-ын бүтцэд оршиж байсан юм. Тухайн үеийн Зөвлөлтийн эрдэмтэд энэ загварыг "хамгийн хямд бөгөөд аюулгүй" гэж тунхаглаж байсан ч бодит байдал дээр энэ нь цэргийн зориулалттай плутони гаргаж авах боломжтой, эдийн засгийн хэмнэлтийг аюулгүй байдлаас дээгүүр тавьсан бүтэц байв.
Эерэг хоосон зайны коэффициент (Positive Void Coefficient) нь RBMK-ийн хамгийн аюултай шинж чанар юм. Барууны орнуудын реакторт хөргөлтийн ус багасвал урвал зогсдог бол RBMK-д ус уурших тусам урвал улам эрчимждэг. Энэ нь реакторыг "өөрийгөө идэвхжүүлэгч тэсрэх бөмбөг” болгон хувиргасан.
Зөвлөлтийн инженерүүд RBMK-г дэлбэрэх боломжгүй гэж үзсэн тул Барууны орнуудад заавал байдаг бетонон хамгаалалтын бөмбөгөр байгууламж буюу “Контайнмент”-ыг бариагүй. Хэрэв тийм бүрхүүл байсан бол цацраг идэвхт бодисын 90 гаруй хувь нь дотроо үлдэх боломжтой байв.
Сүйрлийн гол шалтгаан нь цахилгаан тасарсан үед турбины инерцийг ашиглан ослын хөргөлтийн системийг ажиллуулах боломжтой эсэхийг шалгах туршилт байлаа. Гэвч энэ туршилт нь Зөвлөлтийн удирдлагын хэт шахалт дор, дүрэм журмыг үл хайхран явагджээ.
Реакторын чадлыг туршилтын өмнө огцом бууруулснаас болж "Ксенон-135" хэмээх урвал дарангуйлагч изотоп хуримтлагдсан байна. Энэ нь реакторыг "унтаа" байдалд оруулсан бөгөөд операторууд чадлыг хүчээр нэмэхийн тулд бараг бүх хяналтын савааг сугалан авчээ. Тэр бол хурдны зам дээр тоормосгүй машин унаж байгаатай адил нөхцөл байдлыг үүсгэсэн сохор үйлдэл байсан юм.
Туршилт эхэлж, реактор хэт халж эхлэхэд оператор Акимов аваарын зогсолтын AZ-5 товчлуурыг дарсан байна. Гэвч хяналтын савааны үзүүр графитаар хийгдсэн байсан нь реактор руу орохдоо эхний 3 секундэд урвалыг асар хүчтэй идэвхжүүлж, секундийг мянга хуваах хугацаанд реакторын чадал хэвийн хэмжээнээс 100 дахин давсан. Үүний үр дүнд асар хүчтэй хоёр удаагийн дэлбэрэлт болж, 2000 тонн жинтэй дээврийг агаарт шидсэн юм.
Чернобыль бол Зөвлөлтийн нууцлал ба үнэний хоорондох тэмцлийн талбар байлаа.

Станцын дарга Брюханов болон ерөнхий инженер Дятлов нар дэлбэрэлтийн дараа “реактор бүрэн бүтэн" гэж Москва руу худал мэдээлж байв. Энэхүү "айдаст суурилсан" Зөвлөлтийн мэдээллийн систем нь Припят хотын иргэдийг 36 цагийн турш цацрагийн дор амьдрахад хүргэсэн билээ. Хэрэв Швед улсад цацраг илрээгүй бол ЗХУ энэ ослыг хэзээ ч зарлахгүй байх магадлалтай байв.
Чернобылийн гамшиг нь Михаил Горбачевыг улс төрийн шинэчлэл буюу гласностийг зоригтой эхлүүлэхэд хүргэсэн. "Хэрэв бид үнэнийг хэлж чадахгүй бол энэ улс орныг удирдаж чадахгүй" гэсэн дүгнэлтэд тэрээр хүрсэн гэдэг.
Гамшгийн үр дагаврыг арилгахад ЗХУ өөрийн бүх нөөц бололцоог, тэр дундаа хүний нөөцийг бүрэн ашигласан. Зөвлөлт хүнд өөрийн эрх ашиг, өөрийн эрх чөлөө гэж байсангүй. Тэд Зөвлөлт тогтолцооныхоо багаж хэрэгсэл нь байсан юм. Тиймдээ ч тэдгээр багаж хэрэлсэл болсон зөвлөлтийн хүмүүсийг энэ гамшгийг зогсоохийн тулд хэдэн арван мянга, хэдэн зуун мянгаар нь хайр гамгүй ашигласан билээ.
Эхний галыг унтраасан Владимир Правик нарын гал сөнөөгчид амьд баатрууд байв. Тэд графитын хэлтэрхийнүүдийг цуглуулахын тулд гараараа барьсны улмаас цацрагийн өвчнөөр хэдхэн хоногт нас барцгаасан. Мөн хайлсан цөмийн түлшийг устай хүрэлцэхээс сэргийлж, үхлийн аюултай ус руу орсон шумбагчид дэлхийг хоёр дахь том дэлбэрэлтээс аварсан юм.
ЗХУ-ын өнцөг булан бүрээс ирсэн цэргүүд, уурхайчид, инженерүүд реакторыг тусгаарлах Саркофагийг барьсан. Тэднийг “био-роботууд” гэж нэрлэдэг байсан агаад учир нь цацрагийн улмаас Герман, Японоос ирсэн хамгийн шилдэг роботуудын электроник шатаж, ажиллагаагүй болж байхад зөвхөн зөвлөлт хүн л тэрхүү хүнд нөхцөлд ажиллаж чадаж байв.
Чернобыль нь дэлхийн эрчим хүчний бодлогод асар том өөрчлөлт авчирсан юм.Герман, Итали зэрэг улсууд цөмийн эрчим хүчнээс татгалзах эхлэлийг тавьсан.
МАГАТЭ (Олон улсын атомын энергийн агентлаг)-ийн эрх мэдэл нэмэгдэж, станцуудын аюулгүй байдлын "ИНЕС" шатлалыг бий болгосон.

Өнөөдөр 30 км-ийн "Тусгаарлах бүс" нь дэлхийн хамгийн том зэрлэг амьтдын лаборатори болжээ. Хүн байхгүй газар байгаль дэлхий цацрагийг үл хамааран хэрхэн нөхөн сэргэж болдгийг харуулж байна. Монгол тахь буюу зэрлэг адуу, чоно, баавгайнууд эзгүйрсэн хотод эргэн ирсэн нь сонирхолтой үзэгдэл юм.
Чернобылийн осол нь техникийн алдаа гэхээсээ хариуцлагагүй байдлын системчилсэн үр дагавар байв. Энэ нь инженер хүн улс төрийн шахалтаар бус, шинжлэх ухааны үнэнд захирагдах ёстойг сануулсан үнэтэй сургамж юм. 1986 оны тэр нэгэн шөнө болсон үйл явдал Зөвлөлт гүрний нуралтыг эхлүүлж, хүн төрөлхтөнд атомын хүчийг эзэмших нь асар их эрх мэдэл төдийгүй, асар их хариуцлага гэдгийг ойлгуулсан билээ.

Өнөөдөр Чернобылийг бүрхсэн аварга том ган "бүрхүүл" нь ирэх 100 жилийн турш биднийг хамгаалах ч, түүний доор буцалж буй хайлсан түлш нь бидний алдаа хэдэн мянган жил хадгалагдан үлддэгийг сануулсаар байх болно.

Гадаад мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 11
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 17
2026 оны 5-р сарын 14
2026 оны 5-р сарын 15
2026 оны 5-р сарын 15
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 18
2026 оны 5-р сарын 12
2026 оны 5-р сарын 18
2026 оны 5-р сарын 14
2026 оны 5-р сарын 14