2025 оны 12-р сарын 31
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 15
2026 оны 1-р сарын 2
2026 оны 2-р сарын 5
2026 оны 1-р сарын 16
2025 оны 12-р сарын 23
2025 оны 12-р сарын 24
2026 оны 1-р сарын 20
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 16
2026 оны 1-р сарын 6
2026 оны 1-р сарын 15
2026 оны 1-р сарын 15
2026 оны 2-р сарын 3


(“Цахлай” романы шинжлэлийн II хэсэг)
(Өрнө дорнын уран зохиолын хэлбэрийн харьцуулсан шинжлэл)
“Платеро бид хоёр” ба Цахлай
Испанийн нэрт зохиолч Х.Р.Хименесийн “Платеро бид хоёр” (1914) уянгын туужид үйл явдлыг бус оршихуйг хүүрнэдэг билээ. Үүнтэй “Цахлай” нь зарим талаараа ижилсэж байна. “Цахлай” романд “Цахлай ба Би” хэмээх бүтэц буй бол уг зохиолд “Платеро ба Би” гэсэн өгүүлэмж бас бий. Платеро нь амьсгалтай, эргэх хөдөлгөөнтэй, дуу хоолойт текст буюу хүний ертөнцийн дотоод, чимээгүй хамтрагч болдог. “Би” + Амьтан (илжиг) = Оршихуйн диалог. Цахлай асуулт асууж, эргэлзэн хүүрнэдгээрээ бэлгэдэлт амьтан бус мета хэлний түнш болж хувирна. Эл хоёр зохиолд гүнзгий зөрчил байхгүй ч давтан уншигдахаар мэдрэмжийн урсгалт бичвэр ажиглагддаг. Харьцуулбал:
Платеро Цахлай
Андалузын тосгон Монголын нуур, хээр
Улирлын гуниг Цикл домог
Дотоод мэдрэмж Оршихуйн асуулт
Уянгын аниргүйдэл Философи яриа
Амьтан = Бэлгэдэл үү, хамт орших субъект үү? Уламжлалт шүүмжлэлд амьтдыг бэлгэдэл, зүйрлэл гэж хоёр хуваан авч үздэг. Гэвч зохиолд:
-Платеро - хүний ганцаардлын нөхөр
-Цахлай - хүний асуултын хамтрагч юм. Гэхдээ “Цахлай” нь илүү постмодерн шинжийг агуулдаг. Учир нь:
1.Полифони шинжтэй
2.Төгсгөл хаалттай биш
3.Уншигч оролцогч болдог
Платеро уншигчийг тайвшруулдаг бол Цахлай нь уншигчийг сонсогч, бодогч болгоно. “Платеро бид хоёр” тууж хүний дотоод уянгыг амьтнаар төлөөлүүлсэн өгүүлэмжтэй байхад “Цахлай” нь орчлонгийн асуултыг шувуугаар дамжуулж лавласан бичвэртэй буюу нэг нь дурсамжийг хадгална, нөгөө нь утгыг нээж орхино. Платеро нь хүний дотоод анирыг чимээгүй тээдэг тэжээвэр амьтан бол Цахлай нь орчлонгийн дууг дамжуулдаг жигүүртэн буюу нэг нь ХХ зууны уянгын модернизм, нөгөө нь ХХI зууны пост модерн роман болно.
“Цахлай”-тай жиших бас нэгэн зохиол бол “Мянга нэгэн шөнийн үлгэр” юм. Уг үлгэрт төгсгөлийг томруулдаг зохиомжийн бүтэц ажиглагддаг бөгөөд амьд үлдэхийн тулд хүүрнэхдээ нэг өгүүлэмж нөгөөгөөсөө урган гардаг буюу төгсгөл - үхэл, үргэлжлэл - амьдрал гэсэн логикоос бүтсэн байдаг. Зохиолын гол дүр Шахерезада:
-Хаанд сургаал айлдаагүй
-Ёс суртахуун заагаагүй
-“Чи буруу” гэж хэлээгүй, зүгээр л өгүүлсэн. Өгүүлж чадсан учраас амьд үлдсэн. Тэгвэл “Цахлай” мөн л хүүрнэх замаар оршихуйг бүтээж
-Цагаан зул үлгэр ярьдаг
-Ус, салхи, сар, морь, хүн бүгд хүүрнэдэг
-Нэг үлгэр нөгөөгөөсөө урган гарч ирдэг
-Ямар ч “үндсэн гол үйл явдал” байхгүй. Гэхдээ өгүүлэх нь өөрөө оршихуйн хэлбэр болж хувирсан. Энэ нь “Мянга нэгэн шөнийн үлгэр”-ийн гол зарчимтай ижил ба өгүүлж байгаа цагт оршихуй тасрахгүй, төгсгөлгүй байдал нь амьдралын хэмнэлийг цогцлооно. “Мянга нэгэн шөнийн үлгэр” бараг дуусдаггүй буюу төгсгөл нь өөрөө үргэлжлэх давтамж. Тэгвэл “Цахлай”-н төгсгөл: -Цахлай нисэн одно, -“Үлгэрүүд дуусаагүй” гэж хэлээд явна, -Төгсгөл нь таслалт, гэхдээ хаалт биш. Энэ нь роман дуусах бус өгүүлэмж амьд хэвээр үлдэх эгшин юм.
4. Сургаалгүй гүн ухаан
“Мянга нэгэн шөнийн үлгэр”-т -Ёс суртахуун сургадаггүй, зөв бурууг шууд заадаггүй. Харин амьдралын олон хувилбарыг харуулдаг. “Цахлай” ч мөн адил -“Ингэх ёстой” гэж хэлэхгүй, харин байж болох олон замыг зэрэгцүүлдэг. Иймээс амьдралын гүн ухаан нь бичвэр дотор бус уншигчийн сэтгэлд бий болдог. Энэ нь Р.Бартын “Writerly text”-ийн шинж юм.
Шахерезада ба Цагаан зул
Шахерезада Цагаан зул
Амьд үлдэхийн тулд өгүүлнэ Оршихуйн тухай өгүүлнэ
Хааныг өөрчилнө Уншигчийг өөрчилнө (сэрээнэ)
Үхлийг хойшлуулна Төгсгөлийг хойшлуулна
Өгүүлэмж - амь Өгүүлэмж - зам
“Цахлай” романы төлөв нь “уншаад дуусдаг” өгүүлэмж бус буцаад орж болдог орон зай. “Мянга нэгэн шөнийн үлгэр” шиг хаанаас ч эхэлж болно, бас хаана ч зогсох боломжтой. Эндээс дүгнэхэд “Цахлай” нь “Мянга нэгэн шөнийн үлгэр”-ийн уламжлал, зохиомжийг шууд дуурайсан бичвэр бус, харин өгүүлэмжийг оршихуйн механизм болгон ашигласан орчин цагийн пост-роман юм. Өгүүлэхүй нь төгсгөлд хүрэх арга бус төгсгөлөөс зайлсхийх оршихуйн хэлбэр ажаам. Ийнхүү “Цахлай” нь монголын уран зохиолд Шахерезадагийн өгүүлэмжийг ёс суртахуун, сургаал, домгийн баталгаажуулалтаас салган авч, оршихуйн үргэлжлэлийг пост-роман хэлбэрт шилжүүлсэн томоохон оролдлого юм.
“Зохиогчийн үхэл” ба Цахлай
Францын өвөрмөц сэтгэгч, философич Ролан Барт (1915-1980)-ын утга зохиолын онолын ухагдахуунууд “Г.Батжавхлангийн “Цахлай” романд онцгой ажиглагдаж байна. Ялангуяа Р.Бартын “Зохиогчийн үхэл” нь монгол роман доторх зохиогчгүй оршихуйн туршилт болсон гэж үзэж болохоор. Р.Бартынхаар зохиогч нь бүтээлийн эх сурвалж болдоггүй, харин зохиолын бичвэрийн мөн чанар нь олон дуу хоолой (полифони)-н огтлолцлыг бий болгодог. Тиймээс уншигч нь зохиолд оролцогч тал болж зохиолын утгыг бүтээлцдэг байна. Ингэснээр зохиолч юу хэлэхийг хүссэн бэ? хэмээсэн асуулт нь замхарч харин ч уншигчдаас “юу болж байна вэ? гэсэн асуултыг өдөөдөг. Энэ утгаараа “Цахлай” нь “зохиогчийн үхэл”-ийг дотроос нь хэрэгжүүлсэн, эрх мэдлийн шилжилт бүхий зохиол буюу Р.Бартын онолыг өөрийн бичвэртээ бодитоор амилуулсан жишээ болж байна. Тухайлбал зохиогчоос Цахлайд хариу өгдөггүй, харин асуултыг уншигчдад дамжуулах үүрэг хүлээдэг. Ингэснээр зохиогч нь ярианы эзэн биш, ярианд оролцогч субъект болж буй юм. Үүнийг Барт “Зохиогч текстэд ноёрхохоо болих мөч” гэж томьёолсон байна.
Р.Бартынхаар цахлай нь дүр биш, бэлгэ тэмдэг ч бус харин уншигчийн байр суурийг дотроо шингээсэн оршихуй ажээ. Цахлай асууна, эргэлзэнэ, ойлгосон мэт дүрээр дахин лавлана, гэхдээ хариу хүлээдэггүй. Бартынхаар энэ нь утга бүтээгч субъект юм. Мөн ёс суртахуун нь “Цахлай” романы бичвэрт бус уншигчийн дотор өдөөгдөх үйл явцыг тодруулах буюу утгыг олох боломжийг уншигчдад үлдээж буй нь Р.Бартын онолтой дүйж байна. Учир нь зохиолын утга эрт илэрвэл уншигчдад сонирхолгүй болох тул уншигчийн сэтгэн бодох үйл ажиллагааг идэвхжүүлэх нь дотоод мэдрэмжийг сэдээх гоо зүй юм. Тиймээс зохиолын тайллыг уншигчдад үлдээх буюу роман хэдий дуусавч уншигчдын сэтгэлд үргэлжлэх мэдрэмж нь зохиогчийг “үхүүлэх”, эсрэгээрээ уншигчийг “үхүүлэх”-гүй байх Бартын онолын гол шугам нь ажгуу. Утга санааг өөрсдөөр (уншигчид) тайлуулах нь сонгодог уран зохиолын нэгэн хэмжүүр байдаг. Энэ нь Г.Маркесын “Зуун жилийн ганцаардал”, А.Камюгийн “Этгээд хүн” зохиолуудад тод анзаарагддаг билээ. Р.Бартын онолоор “Цахлай” роман нь зохиогч төвтэй монголын уламжлалт бичвэрээс уншигч төвтэй пост-роман руу хийсэн чимээгүй шилжилт буюу “Зохиогчийн үхэл”-ийг монгол уран зохиолд бодитоор хэрэгжүүлсэн анхны оролдлогуудын нэг юм.
Зохиолын хэлийг нягтлан судалбал “Цахлай” нь мета хэл дээр тогтсон бичвэр бөгөөд Р.Барт энэ тухай “Мефологиуд” номондоо семиологийн элементүүдийн хэлийг анхдагч хэл (first-order language- юмыг шууд өгүүлдэг, “юу болов” гэдгийг хэлдэг хэл) буюу мета хэл (metalanguage- өгүүлж буй зүйлээ өөр нэг утгын системээр дахин тайлбарлаж, тухайн өгүүлэмжийг өөрөө судлах, өөрөө асуух түвшинд хүргэдэг хэл) гэж ангилан авч үзсэн байдаг. Өөрөөр хэлбэл, мета хэл бол өгүүлж буй зүйл болон түүнийг ажиглаж буй ухамсрын нийлбэр ажээ. Иймд “Цахлай” анхдагч өгүүлэмж мөн үү гэвэл Хүн, Цахлай, Ус, Сар, Үлгэр, Дурсамж болж байна. Эдгээр нь гаднаасаа анхдагч өгүүлэмж шиг харагдах ч бодит байдал дээр: Цахлай - шувуу биш, Ус - байгаль биш, Сар -тэнгэрийн биет биш, Үлгэр - сонирхуулах зорилго биш. Эдгээр нь өөрсдөө утгыг тайлбарлагч тэмдэг болж буйгаараа “Цахлай” нь мета хэлний жишээ гэдэг нь тодорхой байна. Учир нь, Цахлай бол мета-өгүүлэгч буюу зохиолын дүр, асуулт тавигч, хүний бодлыг хөдөлгөгч, хүүрнэгчийг шалгагч буюу Бартын тодорхойлсноор “өгүүлэмжийн доторх тайлбарлагч” нь юм. Нэг ёсондоо Цахлай нь өөрөө хэл, Цахлай нь бичвэрийн ухамсар ба Ус, салхи, сар = хоёрдогч тэмдэглэгээ болж байна.
Уламжлалт романд дүр нь ертөнцийг тээдэг бол “Цахлай” романд ухамсар нь өгүүлэмжийн төв болдог билээ. Тухайлбал үлгэр ярьж байхдаа үлгэр хүүрнэдэг, домог ярьж байхдаа домгийн тухай эргэлздэг нь “Цахлай”-н мета-өгүүлэмж юм. Бартын семиотик загвараар: Тэмдэг- Анхдагч утга- Мета утга, Ус Байгаль- Ой санамж- амьдралын архив, Салхи- Байгалийн үзэгдэл- Үг дамжуулагч, Сар- Гэрэл- Хүний дотоод толь, Цахлай- Шувуу- Асуулт, ухамсар бөгөөд эдгээр нь “миф” болж хувирдаг. Р.Барт онолын нарийн томьёоллуудыг тайлбарласан нь “Цахлай” романд ийн хамаатаж байна.
Цахлайн дүр дэлхийн утга зохиолд
Оросын зохиолч А.П.Чеховын “Цахлай” (1896) жүжиг ахуй байдлыг голлон үзүүлж хэв шинжит олон дүрүүдээс бүтсэн бол Г.Батжавхлангийн “Цахлай” роман эхнээсээ төгсгөл хүртэл нуурын хөвөө, цахлайн хүүрнэл өрнөдөг нь зохиомж сүлжилдэх бус нэвт үргэлжилж буйгаараа дүрслэл, сэтгэмжийн өвөрмөц шийдлээрээ ялгарч байна.
АНУ-ын алдарт зохиолч Ричард Бахын “Жонатан Ливингстон цахлай” тууж 1970 онд хэвлэгдэж улмаар кино болсон түүхтэй. Өрнөдийн суурин газрын цахлайнууд загасчны завь бараадан амь зогоох төдий нэгэн хэвийн, уйтгартай байдаг бол гол дүрийн цахлайн зорилго хоолоо шүүрэхийн тулд урт далавчаа ашиглах төдийхөн бус илүү хол, илүү өндөрт нисэх хүсэл тэмүүллээрээ ялгардаг. Ялангуяа цахлай шувуудын зүрхэлдэггүй өндөрт- хурдтай нисэж сурахыг хичээн оролдох нь бусад цахлайнуудад огт таалагддаггүй тул хавчин гадуурхагдсаар цөлөгддөг. Өөрөөр хэлэхэд Жонатан цахлай тодорхой цэгт тэмүүлж өөрөөр амьдрахыг, өөрчлөгдөхийг хүсдэг бол Г.Батжавхлангийн “Цахлай” зохиолчийн би баатар буюу сэтгэл зүрх, мэдрэмжийн биелэл болж хүний дотоод аглаг руу аялж буйгаараа ялгаатай юм. Нэг ёсондоо далай, тэнгисийн эрэг дээрх цахлай элэн дүүлж, эрх чөлөөний жигүүр бүхий бэлгэдлийн дүр бүтээдэг бол монгол цахлай нь зохиолчийн оюун санааны хөтөч буюу гүн ухаанч, газар амьтай болон идээшиж буйгаараа ондоосож байна. “Далай давлагаалахад цахлай зовдог” гэдэг шиг эргэлдэн нисэх нь цахлайн хувьд үндсэн үүрэг, таашаал нь байсан бол оюун санаагаараа “нисгэж” хөөрөлдүүлж чадсанд Г.Батжавхлангийн сэтгэмжийн ур чадвар оршино. Жонатан Ливингстон хэмээх цахлай буруу газраа буруу цагтаа амьдарч байсан ч ардчилсан дэвшилтэт үзлийн дууч болж буй бол Жавхлангийн “Цахлай” нь өгүүлэгчтэй холбогдож зохиолын сэдэв, санааны жигүүр болж буйгаараа онцлогтой юм. Өөрөөр хэлэхэд цахлай нь дэлхийн утга зохиолд хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүллийн бэлгэдэл болсон бол энэхүү зохиолд дорнын уламжлалт “өвгөн шувуу” адил амьдралын номлогч болж буйгаараа содонсож байна.
Жонатан нисэж сурсан Цахлай бол Г.Батжавхлангийн “Цахлай” ярилцаж сурснаараа ялгарч Орос, Өрнөдийн утга соёл дахь түгээмэл өгүүлэмжийг дорно дахинд идээшүүлсэн буюу хүн бүхний дотор орших хүслийн цагаан цахлайг “хөөрөлдөөнт дүр” болгон амилуулсан онцлогтой байна. Дэлхийд алдартай энэ сэдвийн зохиолууд гүнзгий бодомж, зөн совингийн мэдрэмжийг чухалчилж ирсэн тэр л уламжлалыг “Цахлай” зохиолд барьж чаджээ. Хэрэв тийм үгүйсэн бол энэ сэдвээр оролдоод ч хэрэггүй. Чухам үүгээрээ энэхүү зохиол Г.Батжавхлангийн дурлан тэмүүлэх их утга зохиолын далай тэнгист өөрийн гэсэн завь урлах урам зоригийг бадраасан гэж болно.
Б.Шүүдэрцэцэгийн “Хүслийн цахлай” өгүүллэгт хүнд өвчин туссан ижийнх нь биелэгдээгүй хүсэл нь далай үзэж цахлай харах байсан төдийгүй өгүүлэгчийн шинэ амьдралын эхлэл, бэлгэдэл мөнөөх далайн эрэг буюу хайрын түүх байдаг. М.Горькийн “Салхич шувуун дуу” шүлэг Аугаа их Октябрын хувьсгалд уриалан дуудаж дэлхийг өөрчилсөн шиг “Уран зохиол шинэлэг агаад нууцлаг байх ёстой” хэмээн оюун санааны эрэл хайгуул хийхийг чухалчилдаг Г.Батжавхлангийн уран Цахлай утга уянгын тэнгист дүүлэн нисэх болтугай! Цахлай цааш “цахилна” гэдэгт итгэнэм.

ШУА-ийн ХЗХ-гийн Утга зохиол судлалын салбарын эрхлэгч, Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Д.Цэвээндорж /Доктор Ph.D, дэд профессор/
2025.01.28

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2025 оны 12-р сарын 31
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 15
2026 оны 1-р сарын 2
2026 оны 2-р сарын 5
2026 оны 1-р сарын 16
2025 оны 12-р сарын 23
2025 оны 12-р сарын 24
2026 оны 1-р сарын 20
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 16
2026 оны 1-р сарын 6
2026 оны 1-р сарын 15
2026 оны 1-р сарын 15
2026 оны 2-р сарын 3